| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0140/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Хохирогч М /зайнаас цахимаар/,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Н
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мтай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Мын “... 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сумын төвд байх өөрийн гэртээ ганцаараа байж байсан. Тэгтэл нутгийн танил залуу болох Н манайд 14 цагийн орчим хүрээд ирсэн. Тэгээд надаас хөзөр тоглох уу гэж асуусан. Бид хоёр хөзөр тоглосон. Бид хоёр масс гэх хөзрөөр тоглодог. Тоглоомыг 5 хожигдсон хүн нь 20,000 төгрөг төлнө гэж хоорондоо тохиролцоод тоглож эхэлсэн. Тэгээд эхлээд Н надад 5 удаа хожигдоод тохиролцсон мөнгөө шилжүүлнэ дахиад нэг тоглочхоод нэг мөр шилжүүлье гэж хэлээд бид хоёр Дахиад нэг тоглохоор болоод би хожигдсон юм. Тэгтэл Н надаас мөнгөө нэхээд надруу дайрсан. Хариуд нь би чи надад өмнө нь хожигдсон мөнгөө өгөөгүй байгаа тийм болохоор би чамд адилхан өгөхгүй, дахиж тоглож цайруулна гэж хэлтэл Н надад мөнгө гэж хэлээд надад дансаа үзүүлэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь би чи мөнгөтэй байсан юм бол эхний удаа надад хожигдохдоо мөнгөө өгөхгүй яасан юм бэ тэгсэн бол би чамд энэ удаад мөнгийг чинь өгөх л байсан шүү дээ гэж би Н руу уурласан. Тэгтэл Н миний нүүр рүү баруун гараараа 2 удаа цохиод авсан. Удалгүй манай дүү Д гаднаас ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар надаас асуусан.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 18-19 хуудас),
Гэрч Дгийн “... намайг гэртээ ирэхэд манай төрсөн ах Ма манай сумын танил хүн болох Нтой хамт гэртээ байж байсан. Тэр 2 баруун орон дээр зэрэгцээд сууж байсан. Манай ахаас мотоциклийн түлхүүрээ авъя гэж Н хэлэхээр нь би ахдаа хүний түлхүүрийг өгөөд явуулаач гэж хэлтэл манай ах надад наадах чинь намайг цохиод миний шүдийг хөдөлгөчихсөн гэж хэлэхээр нь би юу болсон юм гэж асуусан чинь Н надад ах чинь намайг элдвээр хэлэхээр нь би уурлаад цохиод авсан гэж хэлээд түлхүүрээ аваад нүүрсээ авлаа, оройтлоо гээд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 хуудас),
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02/509 дугаартай “Мын биед баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 25 хуудас),
Шинжээч эмч Э.Аын “... Үзлэгээр тогтоогдсон баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүд нь гурван тийш хөдөлгөөн ихтэй байсан. Мөн хөдөлгөөний улмаас буйл доош шамарсан байсан. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын хүснэгтийн 42 дугаар хэсгийн тайлбар хэсэгт ямар үед шүдийг булгаралт гэж авч үзэх талаар тайлбарласан байгаа. Мөн энэ зэргийн хөдөлгөөнтэй шүд удаан хугацаанд тогтох боломжгүй, юм хазах, идэх үед унах бүрэн боломжтой. Тиймээс тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. Хүний биед өмнө нь тухайн эд эрхтэн ямар байсан нь хохирлын зэрэгт хамаагүй, харин гэмтлийн улмаас тухайн эд эрхтэнд ямар өөрчлөлт орж байгаа хохирлын зэрэг тогтоох үндэслэл болно. Тэгэхээр энэ тухайн булгарсан хоёр шүд өмнө нь ямар нэгэн өвчлөлтэй байсан ч булгарч унасан бол хөнгөн, эрүүл шүд байсан ч булгарч унасан бол хөнгөн гэмтэл юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас),
Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 44 хуудас) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Н 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн *** Дэрсний ус гэх газар хохирогч Мын нүүрэн тус газар нь цохиж түүний биед баруун доод 1, зүүн доод 1 дүгээр шүдний булгарал бүхий хөнгөн гэмтэл учруулжээ.
Түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Нын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзнэ.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч М нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Нод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Нод эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох торгох ял шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биелүүлнэ. Шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Н нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ныг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н нь оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Шүүгдэгч Нод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Нод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч Н нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ