| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0133/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Г,
Улсын яллагч Д.З,
Шүүгдэгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..........................................................................................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д аймгийн Х сумын * дугаар баг Э у гэх Б.Э гэрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Ц үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унаган нүүрэн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б нь 20** оны 03 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.Ц эрүүл мэндэд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч Б.Б-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд мөн хуульд зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй, хохирогчид хохирол нөхөн төлбөр байхгүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан түүнд прокурортой тохиролцсон ял буюу 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй тул өөрийнхөө гаргасан үйлдэлд гэмшиж буйгаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Б нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийнхөө цалингаар торгуулаа төлөх боломжтой тул тохиролцсон хэмжээгээр торгуулийн ял оноож, ам бүлээ тэжээж тэтгэж явдгийг харгалзан үзээд оногдуулах торгуулийн хэмжээг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөхөөр тогтоож өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20** оны 03 дугаар сарын 05-ны өдөр Д аймгийн Х сумын * дугаар баг Э у гэх Б.Э гэрийн гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Ц үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж газарт унаган нүүрэн тус газарт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, зүүн шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Э.Ц "...гаднаас О орж ирээд Б явъя гээд байхаар нь би хар шөнө хаашаа явах гээд байгаа юм наад хүн чинь шал согтуу байна шүү дээ янз бүрийн юм болбол яах юм гэж хэлсэн чинь О чамд ямар хамаатай юм "Эмээ минь" найзыгаа аваад явах гэж байна гээд О бид 2 маргалдсан тухайн О гэх залуу намайг удаа дараа ингэж хэлж доромжилж байсан. Тэгээд Б гэрээс дагуулаад гарахаар нь би араас нь гарах үед манай нөхөр болох Б уурлаад намайг толгой хэсэгт цохиж газарт унагааж миний нүдний хэсэгт өшиглөөд намайг зодсон. Тэгээд цохиод байхаар нь Б өөдөөс нь зууралдаад намайг алах гэж байна гэсэн чинь тэгэх үед О харж зогсож байгаад сүүлд Б салгаад аваад явсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 5-6 дахь хуудасны тал)
Гэрч Б.О "...Бын эхнэр Ц уурлаад явуулахгүй худал хэлж ийш тийш ээ явах гээд байна гэсэн тэгсэн чинь Б би явна гэсэн чинь Ц, Б-ыг түлхээд авсан чинь буцаагаад Б, Ц-г буцаагаад түлхээд авахаар нь би болиоч гээд Б-ыг хориод авсан чинь Э гэрээс гарч маргалд гээд би Б-ыг аваад гэрээс гарсан чинь Б уурлаад Ц-г цохиж авч газар унагаагаад унасан хойно өшиглөөд авах шиг болсон..." гэх мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас),
Гэрч Б.Э "...манай гэрт дотор огт зодолдсон зүйл байхгүй. Ц, Б-ыг явуулахгүй гээд маргалдсан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд өдөр үдээс хойш Ц ирэх үед нь харахад баруун талын нүд нь хөхөрч хавдсан харагдаж байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудасны тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн "...Э.Ц-ийн биед баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, эрүү, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт (хх-ийн 18-19 дэх хуудасны тал),
Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "... Тэгээд өглөө нь буюу 20** оны 03 дугаар сарын 06-ны өдрийн өглөө юу болсон талаар асуухад намайг унтаж байх үед гаднаас манай найз болох О ирээд миний эвдэрсэн байсан машин дээрээс очиж түлхүүр авах шаардлагатай байна гэж сэрээгээд намайг дагуулаад хамт явах гэсэн чинь эхнэр Ц уурлаад худлаа хэлж архи уух гэж байна гээд анх маргаан болоод Э ахын гэрийн гадаа эхнэр болох Ц-ийн биед халдаж зодсон гэж надад хэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор болсон үйл явдлыг санахгүй байна. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 14-15 дахь хуудасны тал) зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б-т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА