Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

  2025       05        26                                          2025/ШЦТ/174

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж**********гийн М**********д холбогдох эрүүгийн 253800******* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 3***** тоотод эхнэр Т.Э*********тай хэрүүл маргаан үүсгэж, зодож улмаар биед баруун хөмсгөнд шарх, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 3***** тоотод эхнэр Т.Э*********тай хэрүүл маргаан үүсгэж, зодож улмаар биед баруун хөмсгөнд шарх, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 253800******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч *****************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Эхнэр бид хоёр авчирсан пивоноосоо 1 том пивыг ууж байгаад хоорондоо үл ойлголцлоос болоод манай эхнэр надаас сална, барина гээд байхаар нь яагаад надаас салдаг юм бэ гээд алгадах гэж байгаад утастай гараараа баруун хөмсөг рүү нь цохисон чинь цус гараад байхаар би сандраад гарт тааралдсан алчуураараа цусыг дарж нь тогтоогоод байж байсан чинь хадам эгч Т.Н******* гаднаас орж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Э*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Ээжийнд очоод бид хоёр ойр зуурын юм яриад байж байтал М********** надад хандан “Намайг хэний хүүхэд гаргасан байхад над руу нэг хүүхэн ярьдаг байсан ш дээ” гэсэн утгатай зүйл ярихаар нь би М**********д хандан “чи одоо тэрийгээ ярьж болно ш дээ” гээд хэлсэн чинь М********** гартаа барьж байсан утсаараа миний зүүн хөмсөг рүү цохисон. Тухайн үед миний хөмсөгнөөс нэлээн их цус гарсан ба М********** бохир шалны алчуур газраас аваад санаатай миний нүүрийг үрж арчсан. Тухайн үед би М**********д хандан “наадах чинь шалны алчуур байна” гэхэд миний үгийг сонсохгүй, намайг үсдэж дарж байгаад арчаад байсан. Тэгээд удаагүй өглөө болоод миний төрсөн эгч Н******* ээжийн гэрийг эргэхээр ирээд намайг зодуулсан байхыг хараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 3-5, 23-24-р хуудас),

Гэрч Т.Н*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 06 цагийн орчим өөрийн ээж Д***********гийн гэрийг эргэхээр Мөрөн сумын 13 дугаар баг 3***** тоотод очтол манай хүргэн *****************, миний төрсөн дүү Т.Э********* нар байсан ба тухайн үед Э*********гийн хөмсөгнөөс цус гарсан байдалтай, М********** цусыг нь арчаад зогсож байсан. Ингээд юу болсон талаар тодруулахад Э********* надад хэлэхдээ М********** утсаар цохисон гэж ярьсан. Ингээд цагдаа дуудах гэсэн миний утастай булаацалдаад байхаар нь гэрээс нь гарч байгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ц.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Т.Э********* эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 29,700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гомдол (хх-ийн 2-р хуудас),

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хх-ийн 8-р хуудас),

Саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 10-11-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 172 дугаартай: “...1. Т.Э*********гийн баруун хөмсгөнд шарх, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 16-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 32-33-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 53-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 51-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 54-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 253800******* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.   

Шүүгдэгч ***************** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 3***** тоотод эхнэр Т.Э*********тай хэрүүл маргаан үүсгэж, зодож улмаар биед баруун хөмсгөнд шарх, хамарт цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Э*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 3-5, 23-24-р хуудас), гэрч Т.Н*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ц.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас), зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гомдол (хх-ийн 2-р хуудас), согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хх-ийн 8-р хуудас), саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 10-11-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 172 дугаартай дүгнэлт (хх-ийн 16-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 32-33-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.   

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.Э*********гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.   

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.  

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.    

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Шүүгдэгч ***************** нь хохирогч Т.Э*********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Т.Э********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. 

Харин иргэний нэхэмжлэгч Ц.Б******* нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 29,700 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Т.Э*********д 29,700 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 35-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч *****************аас 29,700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***************** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн 253800******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д********* овогт Ж**********гийн М**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж**********гийн М**********ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *****************аас 29,700 (хорин есөн мянга долоон зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

5. Эрүүгийн 253800******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР