Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 28

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Нарийн бичгийн дарга Б.Урангоо 

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Хохирогч Х.Пагмадулам

 Хохирогчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, А.Мөнхбат

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230-р зүйлийн 230.2-д зааснаар Ч.Содонбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000276  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт       

          Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1968 оны 04  дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүгийн хамт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг,  Согоотын 2 дугаар гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэхгүй,  бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Чүлтэмийн Содонбаатар РД/МП-68040173/

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Ч.Содонбаатар нь Хүдэр сумын хилийн цэргийн 0236-р салбар 7-р заставын харуулын дарга ажилтай Д.Мөнхбатыг 2016 оны 09 сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн үүргээ буюу харуулын үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Ч.Содонбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “…...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр самарт явах гээд хүмүүс ачаад явж байсан. Тэгээд хилийн постоор гарах гэхэд гаргахгүй байсан тул маргалдаад би зүүн нүд рүү нь гарын алгаараа цохисон. Миний хүү машинаас гарч ирээд бид 2-ыг салгасан. Тэгээд дарга нь ирсэн. Би өөрөөс нь болон даргаас нь уучлалт гуйсан.

Тэгээд цаашаа самрандаа явах гэсэн боловч ууланд байдаг постоор гаргаагүй. Тэгээд буцаж ирсэн ... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”  гэх мэдүүлэг

     Хохирогч Х.Пагмадуламын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “.... 2016 оны 09 дүгээр сарын 22-нд ажилтай байхдаа 11 цагийн үед над руу залгаад “Х.Содонбаатар хүүтэйгээ нийлж намайг зодчихлоо” гэсэн болохоор нь застав дээр нь очсон чинь хамарнаас цус гараад хатсан байсан. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад “Содонбаатар гэдэг хүн самарт явах гээд постоор нэвтрэх гэхэд нь хүмүүсийг нь бүртгээд жижүүрийн офицерийг иртэл хүлээж бай” гэж хэлтэл “элдвээр хэлээд  далайхаар нь манай хүн гарыг нь бариад авсан чинь манай нөхрийг 2-3 удаа цохиж хүү нь манай аавыг яаж байна аа гээд араас нь хоолойг нь боосон” гэж надад хэлсэн. Тэгээд бид 2 Хүдэр сумын эмнэлэг дээр очиж үзүүлчихээд гарч ирээд нусаа нийсэн чинь нүд нь гарч ирсэн чинь “яаралтай хот руу яв” гэсэн. Тэгэхээр нь Дархан-Уул аймгийн эмнэлэгт үзүүлэхэд “Улаанбаатар хот руу явж үзүүл” гэсэн тул Улаанбаатар хот руу явж үзүүлсэн чинь хавдартай байсан нь мэдэгдсэн ... Одоо хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг

     Гэрч Б.Хүдэрчулууны 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....Би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр заставын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан ба өглөө 9.00 цагаас 9.20 цагийн хооронд жижүүрийн үүргийг хүлээлцүүлсэн. Харуулын дарга ажилтай Б.Мөнхбат нь тухайн өдөр заставын жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэхээр болж ажлаа хүлээж авсан.... ...би заставын хашаа руу ороод Д.Мөнхбаттай уулзахад “....гадаа зогсож байгаа хүн ирээд самарт явах хүмүүс аваад хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл авна гэхээр нь би дарга нар байхгүй байна одоо хүрээд ирнэ гэхэд гадаа байгаа хүн /Ч.Содонбаатар/ наад муу хэдэн лалруудаа хурдан дууд, ажилтай байхад дандаа ингэж хүнд суртал гаргаж байдаг энд олон хүн хүлээгээд байна, муусайн лалрууд хүний амьдралд гай болсон юмнууд гэж хэлэхээр нь би та ингэж болохгүй хилийн зурвас руу явах гэж байгаа бол ном журмын дагуу бүртгүүлээд явах хэрэгтэй гэж хэлсэн чинь намайг зуурч авахад араас нь хүүхэд нь гэх залуу хоолойг нь бооход гадаа байгаа хүн /Ч.Содонбаатар/ миний нүүр лүү 2-3 удаа цохиход нь би ухаан алдаж унасан гэж хэлсэн....” Тэгэж хэлэхээр нь би эргэж гараад Ч.Содонбаатарт та яагаад албан үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг цохиж, зодов оо гэж хэлэхэд Ч.Содонбаатар сая жаахан уур хүрээд буруу ойлголцоод биеэ барьж чадсангүй. Би наад залуугаас чинь уучлалт гуйя, тэгээд самартаа явъя гэж хэлсэн. Ч.Содонбаатар Д.Мөнхбатыг ямар учраас цохисонг мэдэхгүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

    Гэрч Ч.Даш-Өлзийгийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хэрц гэх газар руу ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгсэл явдаггүй гэсэн болохоор Ч.Содонбаатар гэх хүний ЗИЛ-131 маркийн машины тэвшин дээр суугаад явахаар болсон. Тэвшин дээр сууж явсан хүмүүсийн нэрсийг аваад хилийн цэргийн ангийн гадаа очоод жолооч Ч.Содонбаатар нь хилийн цэргийн нэг ахлагчтай уулзаад зогсож байсан. Тэгээд нэг харсан чинь Ч.Содонбаатар тэр ахлагчийн нүүрэнд гараа тулаад нөгөө ахлагч нь Ч.Содонбаатарын энгэрээс зуурчихсан байж байсан. Тэгсэн Ч.Содонбаатарын хүүхэд гэх залуу тэр ахлагчийн араас татаад салгахад ахлагч арагшаагаа хий гишгээд унасан. Тэвшин дээрээс харахад ийм дүр зурагтай харагдсан. Нарийн сайн харагдаагүй. Хоорондоо юм ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Ч.Содонбаатарын хүүхэд ахлагч хоёрын дунд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Хүүхэд гэх залуу нь орилж хашгираагүй. Очоод салгахад аав нь машиндаа суу гээд хүүхдээ загнаж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/

    Гэрч С.Жавхлантөгсийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Содонбаатар манай 0236-р салбар дээр очоод зурвас нэвтрэх зөвшөөрөл авах, тээвэрлэж яваа иргэдээ бүртгүүлэх зорилготой очоод манай салбарын жижүүрээр гарч байсан талийгаач Мөнхбаттай маргаж хэл амаар доромжилсон байсан. Үүнийг талийгаач амьд байх үедээ надад хэлж байсан юм. Тухайн үед Мөнхбат Содонбаатарыг ирэхэд нь та түр хүлээж бай манай орлогч дарга Хүдэрчулуун удахгүй ирнэ та түр хүлээж бай ирэхээр нь зөвшөөрлөө аваад яваа гэж хэлэхэд тэр орлогч шиг юм аа хурдан п-нууд дандаа гай болж байх юм гэж уурлаж Мөнхбат руу дайрахад нь Мөнхбат өөдөөс нь та Монгол Улсын иргэн хүн юм бол холбогдох хууль тогтоомжтой танилцаж хүмүүсээ бүргүүлээд баталгаа өгч зөвшөөрлөө аваад яв гэж хэлэхэд учир зүггүй уурлаад цохиж зодсон талаар нь надад хэлж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/

    Гэрч Б.Мөнх-Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2016 оны 09 дүгээр сарын 22-ны 12 цагийн орчимд ажил дээрээ ажил үүргээ гүйцэтгээд явж байхад буюу холбооны өрөөний цонхыг нь цэвэрлээд байж байхад хашааны гадаа харуулын дарга Д.Мөнхбат гарчихсан хүмүүстэй уулзаад зогсож байсан би цонхоо арчиж байгаад дахиад харахад Д.Мөнхбат хашааны гадаа газар уначихсан хэвтэж харагдсан. Тэгэхээр нь би гүйгээд гартал Д.Мөнхбат босоод зогсчихсон байсан. Би хашааны хаалганы дэргэд гүйгээд очиход Д.Мөнхбат хашаа руу орж ирж байсан ба би Д.Мөнхбатад хандан яасан миний дүү гэхэд Д.Мөнхбат намайг цохьчихлоо гэж хэлээд заставын хашаа руу орсон ба хашааны гадаа машины зогсоол дээр зогсож байсан ЗИЛ-131 маркийн машин дээр сууж явсан хүмүүс болиочээ гээд орилж байсан. Тэгээд хашаанд ороод харахад Д.Мөнхбатын зүүн нүд нь жаахан улайж хамраа сороод байсан. Би ахлах дэслэгч Хүдэрчулуун руу залгаж хүмүүс ирж уулзах гээд байна яаралтай ирэхгүй бол гэж хэлсэн. Тэгсэн ахлах дэслэгч Хүдэрчулуун орж ирээд Д.Мөнхбатаас юу болсон талаар асууж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

    Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг орчимд аав бид хоёр 10-14 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн автомашинаараа самранд явж байгаа 10 гаруй хүнтэй Хүдэр сумын төвд байрлах 0236-р салбарын гадаа очиж аав машинаас буугаад хилийн цэргийн ажилтан Мөнхбаттай юм ярьж байгаад удаач үгүй тэр Мөнхбат аавын энгэрээс зуураад хоолойг нь боогоод хашаа руу шахахаар нь би араас нь очоод зүүн гараараа зүүн мөр давуулаад арагш нь татахад хий гишгээд газар уначихсан. Мөнхбатыг газар унасны дараа аав намайг машиндаа ор гээд загнаад байхаар нь би машиндаа очоод суусан. Машинд суусан учраас надад юу болсон талаар харагдаагүй. Хальт харахад барьцалдаж, маргалдаж байгаад аав хүрч ирээд машиндаа суугаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/

    Гэрч Г.Нармандахын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 09 дүгээр сарын 22-ны орой 16 цаг өнгөрч байхад Мөнхбат манай эмнэлэг дээр хүнд зодуулсан гэсэн тодорхойлолт бичүүлж авъя гэж ирэхээр нь биед нь үзлэг хийх явцад миний эрүү өвдөөд байна гэж хэлж ярьж байсан. Би биед нь үзлэг хийхэд эрүүний яс нь зүгээр ямар нэгэн өөрчлөлтгүй нүүр улайсан, хүзүү хэсгээрээ жоохон улаан оромтой, хамраас нь цус гарч хатсан байдалтай харагдсан өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Ингээд надаас ийм ийм шарх гэмтэл байна гэсэн бичиг хийлгэж аваад гарч явсан ба 20 орчим минутын дараа буцаж орж ирсэн. Ингэж орж ирэхдээ Жавхаа гэх ажлынхаа залуугийн хамтаар орж ирсэн ба нусаа нийх үед зүүн нь бүлтэрч гарч ирээд эвгүй болчихлоо гэсэн Мөнхбат нүдээ дарсан орж ирсэн ба нүдийг нь үзэхэд нүдний салст нь улайж хөөнгөтсөн байдалтай наашаагаа жоохон төвийсөн байхаар нь яаралтай Дархан-Уул аймаг руу явж үзүүл гэж хэлсэн. Ингээд манай сумын эмнэлэгийн түргэн тусламжийн машинтай ар гэрийнхэнтэй нь хамтаар явуулсан юм. Анх орж ирэхдээ бол нүд нь зүгээр байсан ба 20 орчим минутын дараагаар нусаа нийсэн чинь нүд эвгүй болчихлоо гэсэн орж ирэхээр нь би нүдийг нь боож өгөөд эмнэлэгийн машинтай Дархан-Уул аймаг руу явуулсан юм. Тухайн үед ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

    Гэрч С.Түмэн-Өлзийгийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Талийгаач хамгийн сүүлд ахлагч нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалт өгч бие бялдарын шалгуур үзүүлэлт, онолын  мэдлэгийн шалгалт өгч тэнцсэн. Иймд бие эрхтний хувьд эрүүл байсан гэж үзэхээр байна. Түүнээс нарийн мэргэжлийн томограф, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд хамрагдаж байгаагүй. Эрүүл мэндийн ерөнхий үзлэгээр чих, хамар, хоолой, нүд, даралт зэргийг үздэг. Цэргийн алба хаагч хүсвэл өөрөө нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх нь өөрийн эрхийн асуудал байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/

    Гэрч Б.Энхчимэгийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Миний хувьд болсон хэргийн талаар мэдэх зүйл алга. Учир нь би хамт байгаагүй сүүлд сонсоход манай нөхөр Ч.Содонбаатар нь самарт явж байгаа хүмүүсийг зөөж байсан ба хилийн цэргийн хүмүүстэй маргалдсан гэж сонсож байсан. Өөр юу болсоныг мэдэхгүй байна. Цохиулсан гээд байсан Мөнхбат гэх залуу нь цохисноос болж тархиндаа гэмтэл аваад хагалгаанд орох гээд байна яаралтай ирж уулз гэхээр нь Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэг дээр тархины зураг авахуулахад тархиндаа хавдартай байна гэж оношлогдсон. Мөнхбатыг хуучин хавдартай байна гэж хэлж байсан. Гэмтлийн эмч нь хэлэхдээ энэ нь цохисноос болоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр тал/

    Гэрч Л.Аваанжигмэдийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 10 дугаар сард байсан санагдаж байна манай 3-р эмнэлэгийн тархины мэс заслын тасагт тархины хавдартай гэсэн оноштой Б.Мөнхбат гэх эрэгтэй хүн ирсэн ба биед нь үзлэг хийхэд улаалттай байсан ба тархины хаван буулгах, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих зэрэг эмийн эмчилгээ хийсэн ба төлөвлөгөөт журмаар тархины хавдар авах мэс засалд орсон. Б.Мөнхбатын хавдар гүн байрлалтай, цусархаг хавдар байсан бөгөөд бүрэн авах болоцоогүй хэсэгчлэн авагдсан мэс заслын дараах биеийн байдал хүнд ухаан орохгүй байсаар байгаад нас барсан. Талийгаачийн хагалгаа найдвар их муутай байсныг талийгаачийн ар гэрийнхэнд хэлж зөвшөөрөл авсны үндсэн дээр хагалгаанд орсон. Учир нь Б.Мөнхбатын хавдар том хэмжээтэй мэс заслаас өөр хийгдэх эмчилгээгүй байсан. 3-р үе шатандаа орсон хүндэрсэн хортой хавдар байсан......цохилтын улмаас болж хавдар үүснэ гэж байхгүй. Харин цохилтоос шалтгаалж тархины хаван үүсч бусад шинж тэмдэгүүд илрэх бололцоотой. Б.Мөнхбатын хавдар хүндэрсэн байсан цохиулсан цохиулаагүй биеийн байдал нь муудах шинжтэй байсан. Тухайн хүн цохиж Б.Мөнхбат нь эмчид үзүүлснээр хавдраа мэдсэн байдал цохилт энэ хавдарт огт хамааралгүй гэдгийг дахин хэлмээр байна. Энэ талаар ар гэрийнхэнд нь хэлсэн надаас асууж байсан юм.....” гэх мэдүүлэг /52-54 дүгээр тал/

    Гэрч Н.Наранбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Хүдэр сумын иргэн эмэгтэй хүн над руу утасдаж ...Манай нөхөр Мөнхбат 7-р застав дээр хүнд зодуулчихлаа ... гэж хэлсэн. Ингээд очиход зодуулсан гэх Мөнхбат, Хүдэрчулуун  гэж залуугийн хамт байсан. Мөнхбатаас юу болсон талаар асуутал ...сая Содонбаатар гэж хүн тавьсан шаардлагыг эсэргүүцэж намайг цохилоо. Намайг цохих үед хүүхэд нь араас салгаж, татсан.... гэж хэлсэн. Ингээд би түүнийг яаралтай эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд эмнэлэгт үзүүлсэн гэж хэлсэн. Та цагдаагийн байгууллагад шалгуулахаар бол өргөдлөө бичээд хүрээд ир гэж хэлээд дараагийн дуудлага мэдээлэл рүү явсан. Энэ асуудлыг хэсгийн төлөөлөгч энэ асуудлыг хүлээн авч шалгасан....хүүхэд нь араас татаж салгасан, татсан гэж хэлсэн. Түүнээс цохисон нүдсэн гар хүрсэн талаар яриагүй. Би түүнээс бүлэглэсэн, нийлж зодсон асуудал байгаа эсэхийг асуухад талийгаач Содонбаатар гэж хүн намайг цохисон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/

    Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/

          Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/

          Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар тал/

          Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №13545 дугаартай “.........              

        1.Мөнхбатын биед зүүн ухархайн дотор хананд хугарал, зүүн зовхи, хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

          3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр тал/

          2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ АКТ№1892 –т   

          1.Талийгаач Д.Мөнхбат нь тархины баруун хажуугийн ховдлын ханын хавдар, их тархины баруун болон зүүн тал бөмбөлөгийн хажуу ховдлын цусан хураа /250гр мэс заслын дараах хүндрэл/, тархины эдийн цусархаг няцрал өвчний улмаас тархи, зүрхний хурц дутагдалд орж нас баржээ.

          2.Талийгаач нь 2016.10.13-ны 11 цаг 40 минутанд нас баржээ.

          3.Талийгаач Д.Мөнхбатын цогцост зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн талын хацар шанаа доод эрүүний гадна хэсгийг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн байх ба шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлийг гавал тархины компьютер томографийн шинжилгээгээр тогтоох ба задлан шинжилгээгээр шалгах боломжгүй юм.

          4.Талийгаач нь гэмтлийн улмаас нас бараагүй байна.

          5.Д.Мөнхбатын гэх шингэн цус нь АВ IY бүлгийн харъяалалтай байна.

          6.Талийгаач нь Улсын гуравдугаар төв эмнэлэгт 11 хоног эмчлэгдсэн тул цусанд спиртийн зүйл илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй..... гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар тал/

          Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №9004 дугаартай “......Д.Мөнхбатын гэх шингэн цус АВ /IV/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/

          Д.Мөнхбатын Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчтөний түүх холбогдох бусад баримтын хуулбар /хх-ийн 74-110 дугаар тал/

          Хилийн 0236-р салбарын сургалт эрхэлсэн орлогч а/д С.Жавхлантөгсийн тодорхойлолт /хх-ийн 112 дугаар тал/

Талийгаач Д.Мөнхбатын үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, албаны үнэмлэх болон бусад баримт бичгийн хуулбар /хх-ийн 115-137 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 140 дүгээр тал/

Хүдэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Г.Нармандахын тодорхойлолт /хх-ийн 142 дугаар тал/

Хүдэр сумын Тарвагатай 1-р багийн иргэн Ч.Содонбаатарын 2016 оны А дансанд байгаа малын тодорхойлолт /хх-ийн 143 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 145 дугаар тал/

Хилийн бүс, зурваст нэвтэрч хуш модны самар түүх иргэдээс авсан баталгаа /хх-ийн 149 дүгээр тал/

Хил хамгаалах томилгоо /хх-ийн 150 дугаар тал/

Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар /хх-ийн 151 дүгээр тал/

Хил хамгаалах байгууллагын ажил үйлчилгээний стандарт /хх-ийн 152-154 дүгээр тал/

Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрэм /хх-ийн 155-156 дугаар тал/

Монгол улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд, Спортын сайдын хамтарсан тушаал /хх-ийн 157-168 дугаар тал/

Офицер, ахлагч, гэрээт хилчдийн 2-р улирлын шалгалтын нэгдсэн дүнгийн товчоо /хх-ийн 169 дүгээр тал/

Д.Мөнхбатын ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хх-ийн 170-171 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173 дугаар тал/

Ч.Содонбаатарыг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 57 дугаар тал/

Ч.Содонбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 59 дүгээр тал/

Гэрч Л.Долгормаагийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Намайг очиход цэргийн ангийн хашааны хаалгаар 2 хүн хоорондоо барьцалдаад өөр хоорондоо маргалдаж байтал машинаас 1 залуу гарч ирээд цэргийн хувцастай залуугийн хувцасны араас нь татаад газар унагасан. Би ямар хүмүүс хоорондоо маргалдсан, юунаас болсон, хэн нь хэнийхээ хаашаа цохисон талаар мэдэхгүй....Ямар ч байсан машинаас буусан хүн цэрэг хувцастай залуугийн араас нь татаад газар хөлөөрөө дэгээ тавьсан уу мэдэхгүй газар унагасан. Миний хувьд талийгаачийг хэн цохисонг мэдэхгүй, хараагүй. Учир нь би согтуу хүмүүс байна гэж бодоод тоогоогүй гэрлүүгээ харьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 238 дугаар тал/

Гэрч Б.Гантулгын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хилийн зурваст нэвтэрч самар түүх иргэдийг тээвэрлэж яваа жолоочоос манай 0236-р салбараас “бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар” төлсөн баримт /төлсөн баримт нь иргэдийг тээвэрлэх эрх зүйн акт болдог/ байгаа эсэхэд үндэслэж жолоочийг нэвтрүүлдэг. Мөн жолооч, зорчигч нарт хилийн тухай хууль танилцуулж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргахгүй байх талаар баталгаа авдаг. Үүнтэй танилцаж жолооч, зорчигч нар гарын үсэг зурдаг. Баталгааны хуудасны тогтсон загвар байхгүй. Манай ангийн хувьд “хилийн бүс, зурваст нэвтэрч хуш модны самар түүх иргэдээс авсан баталгаа” г танилцуулж баталгаа авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 239 дүгээр тал/

Гэрч Ч.Даш-Өлзийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан: “...Бид нар Хүдэр сумын төвд “Өнгөлөг” маркетын гадаа очиж зогсоход дэлгүүрээс эмэгтэй хүн гарч ирээд тэвшин дээр байсан хүмүүсийн нэрийг бичиж баталгааны хуудас танилцуулж гарын үсэг зуруулсан. Миний нэрийг эхэндээ буруу сонссон бололтой “Бат-Өлзий” гэж бичсэн байсныг би хэлүүлж Даш-Өлзий болгож өөрчлүүлэн гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэнд байсан хүмүүс бүгд танилцаж гарын үсэг /цэнхэр өнгийн балаар бичсэн/ зурсан.....Хоолойноос боосон үгүйг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан араас нь татаж салгасан. Газар унагааж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөгүй. Ч.Содонбаатар талийгаач хоёрын хооронд хэрүүл маргаан үүссэн. Би тэвшин дээр зогсож байсан учраас юу болсон талаар сайн харсан. Болсон үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Түүнээс тэвшин дээр байсан хүмүүсийн анхаарлыг татаж орилсон, хашгирч болиулсан хүн байхгүй. Ихэнх хүмүүс нь тэвшин дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 240 дүгээр тал/

Гэрч Ч.Баттүлхүүрийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хүдэр суманд самар түүхээр ирсэн. Энэ өдрийнхөө өглөө 11 цаг орчим Содонбаатар гэж хүний Зил-131 маркийн машинаар явахаар болж Хүдэр сумын төвд “Өнгөлөг” дэлгүүрийн гадаа баталгааны хуудас дээр нэг эмэгтэй нэр бичиж, танилцуулж гарын үсэг зуруулсан. Ингээд Хилийн цэргийн 0236-р салбар дээр очоод жолооч бичиг авахаар орсон. Цэргийн ангийн гадаа машины кабенд би нүүрээ будаад сууж байхад хүүхэд нь машинаас буусан. Удаач үгүй буцаад орж ирсэн. Хэсэг хугацааны дараа Содонбаатар машиндаа сууж бид нар хөдлөөд явсан. Цэргийн ангийн гадаа юу болсон талаар би хараагүй. Сүүлд сонсоход Содонбаатар цэргийн ажилтанг цохисон талаар би сонссон. Түүнээс би хараагүй. Хэнтэй ямар учраас маргалдсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 241 дүгээр тал/

Гэрч С.Мөнхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цайны цагаас өмнө гэхээр 12 цагийн ү ед намайг “Өнгөлөг” маркетад ажил дээрээ байхад манай аав Ч.Содонбаатар ирээд “...самарт хүн хүргэж өгөхөөр явж байна. Баталгааны хуудас дээр тэвшин дээр байгаа хүмүүсийн нэрийг бичих хэрэгтэй байна” гэхээр нь би ажил ихтэй байсан болохоор үйлчлэгч Цэвэлмааг гуйхад зөвшөөрч дэлгүүрийн гадаа зогсож байсан аавын Зил-131 машин тэвшин дээр байгаа хүмүүсийг асууж бичсэн. Миний хувьд ажил ихтэй байсан учраас дэлгүүрээс гараагүй. Тэвшин дээр хэдэн хүн, хнаанахын хүмүүс явж байгаа болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 242 дугаар тал/

Гэрч И.Цэвэлмаагийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11-12 цагийн үед намайг “Өнгөлөг” маркетад ажилтай байхад худалдагч Мөнхзаяагийн аав Содонбаатар дэлгүүрт орж ирээд охиндоо “...машины тэвшин дээр байгаа хүмүүсийн нэрийг нь баталгааны хуудас дээр бичээд өг...” гэхэд Мөнхзаяа надаас “...чи нэрсийг нь бичээд өгөөчээ. Би ажил ихтэй байна...” гэж хэлээд бичихээр болсон. Дэлгүүрээс гарахад бор ногоон өнгийн Зил-131 маркийн автомашины тэвшин дээр 10 гаруй танихгүй хүмүүс байсан. Содонбаатар ахын өгсөн баталгааны дагуу хүснэгтийн дагуу хүмүүсийн нэрсийг асууж бичиж тэмдэглэсэн. Тухайн үедээ гадаа байсан учраас хүмүүсийн шуугиан дунд нэрээ хэлэхэд нь сайн сонсож чадаагүй “Даш-Өлзий” гэж хүний нэрийг “Бат-Өлзий” гэж сонсоод андуурч бичихэд надад өөрийг “Даш-Өлзий” гэж хэлэхэд нь би өөрийн бичиж байсан хөх балаараа Б үсгийг нь Д үсэг болгон засаж Даш-Өлзий болгосон. Нийт хэдэн хүний нэр бичснээ санахгүй байна. Ямар ч байсан 10 гаруй хүнийг нэрийг өөрсдийнх нь хэлснээр бичиж гарын үсэг зуруулсан. Ингээд энэ хуудсыг Содонбаатар ахад өгсөн. Содонбаатар ах баталгааны хуудас бичүүлсний дараа машинаа бариад тэвшин дээр хүмүүсээ суулгаад яваад өгсөн. Түүнээс хойш дахина уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 243 дугаар тал/

Гэрч Д.Лхагвасүрэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Хүдэр сумын төвд байрлах Хилийн 0236-р салбарт очиж хүнсний хонь авчирч өгөхөөр машинтайгаа очиход салбарын гадаа бор ногоон өнгийн Зил-131 маркийн автомашин дээр самарт явах гэж байгаа бололтой хүмүүс суучихсан байсан. Би салбарын хашаа руу ороход талийгаач хаалганы хажууд зэвхий царайтай, хамарнаас цус гараад хатчихсан байхаар нь юу болсон талаар асуухад “...Содонбаатар ах намайг зодож, хүүхэд нь араас боолоо...” гэж хэлсэн. Би Содонбаатараас “...чи албан үүргээ гүйцэтгэж яваа хүүхэд яаж байгаа юм бэ...” гэхэд Содонбаатар “...надад томроод байхаар нь...” гэж хэлсэн. Талийгаач Мөнхбат ярихдаа “...Содонбаатар ах 2 гараараа цохих гээд гараа далайхад би 2 гараараа бариад авсан. Гэтэл хүүхэд нь машинаас бууж ирээд миний араас гителийн захаар татаж боосон...” талаараа хэлсэн. Би түүнийг эмнэлэг явж үзүүлээрэй гэж хэлээд түлшээ аваад яваад өгсөн.....Намайг очиход машины кабен дотор Содонбаатарын хүү Мөнх-Эрдэнэ сууж байсан. Машины тэвшин дээр хэдэн хүн байсан болохыг мэдэхгүй. Миний таньж мэддэг хүн байгаагүй. Хүдэр суманд явуулын хүмүүс ихтэй, самарт явж байсан. Би Хүдэр суманд ажиллаж амьдарч байсан учраас нутгийн хүмүүсийг зүс танина. Гэхдээ тэвшин дээр сууж байсан хүмүүсийг хараад танихгүй, гадны хүмүүс байсан....Миний хувьд маргаан зодоон дууссаны дараа очсон. Талийгаач юу болсон талаараа ярихдаа хэн нүүрлүү нь цохисон болохыг яриагүй. Ямар ч байсан Содонбаатартай маргалдаж хүүхэд нь араас нь татаж боосон гэж хэлсэн. Талийгаач өөрөө ч хэн цохисон, нүдсэн талаараа тодорхой яриагүй. Намайг зодлоо гэдгээ хэлсэн. Би энэ яриаг сонсоод бодохдоо Содонбаатар хүү Мөнх-Эрдэнэтэйгээ нийлээд зодчихож гэж бодсон. Түүнээс би энэ талаар хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 244 дүгээр тал/

Гэрч А.Батзоригийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самар түүхээр явсан. Самар түүх “Моностой” гэх газар нь хол учраас тэндээсээ Зил-131 маркийн автомашинаар хүмүүс хүргүүлдэг. Мөнхдэлгэр бид хоёр Хүдэр сумын төвөөс Содонбаатар гэж хүний Зил-131 маркийн автомашинд суугаад хүргүүлэхээр болсон. Бид хоёроос гадна тэнд самар түүхээр явж байгаа танихгүй хүмүүс олон байсан. Сумын төвийн дэлгүүрийн гадаа нэг эмэгтэй бид нарын нэрийг асууж гарын үсэг баталгааны хуудас дээр бүх хүмүүсээр зуруулсан. Үүний дараа цэргийн ангийн гадаа очиж жолооч буусан. Бид нар машины тэвшин дээр сууж байхад цэргийн хувцастай залуу жолооч руу “...би чамайг харнаа...” гэж орилж байгаа харагдсан. Түүнээс миний хувьд зодоон маргааны талаар хараагүй. Хэн нь хэнийгээ цохисон болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 247 дугаар тал/

Шүүгдэгч Ч.Содонбаатарыг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 248 дугаар тал/ зэрэг болно.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ч.Содонбаатар нь Хүдэр сумын хилийн цэргийн 0236-р салбар 7-р заставын харуулын дарга ажилтай Д.Мөнхбатыг 2016 оны 09 сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн үүргээ буюу харуулын үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд;  Хохирогчийн төлөөлөгч Х.Пагмадуламын шүүх хуралдааны болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 34 тал/, гэрч Б.Хүдэрчулууны /хх-ийн 36/, Ч.Даш-Өлзийн /хх-ийн 37, 240/, С.Жавхлантөгсийн /хх-ийн 39/, Т.Энхтөрийн /хх-ийн 20/, Б.Мөнх-Амгалангийн /хх-ийн 21/, С.Мөнх-Эрдэнийн /хх-ийн 45/, Г.Нармандахын /хх-ийн 46/, Г.Долгормаагийн /хх-ийн 238/, Б.Гантулгын /хх-ийн 239/, Д.Баттүлхүүрийн /хх-ийн 241/, И.Цэвэлмаагийн /хх-ийн 243/, Д.Лхагвасүрэнгийн /хх-ийн 244/, А.Батзоригийн /хх-ийн 247/  мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 1892 тоот дүгнэлт /хх-ийн 69/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтууд зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр Хүдэр сумын хилийн цэргийн 0236-р салбар 7-р заставын харуулын дарга ажилтай Д.Мөнхбат нь 2016 оны 09 сарын 22-ны өдөр хуулиар хүлээсэн үүргээ буюу харуулын үүргээ гүйцэтгэж байхдаа шүүгдэгч Ч.Содонбаатарт “...даргыг иртэл хүлээж бай...” гэсэн зохих ёсны шаардлагыг тавихад тэрээр эсэргүүцэн улмаар хүч хэрэглэн түүний эрх чөлөөнд халдан зодож хохирогчийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Ч.Содонбаатарт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ч.Содонбаатарын хүү С.Мөнх-Эрдэнэ уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх талаар мөрдөн байцаалтын бүхий л ажиллагааг явуулсан боловч дээрх байдал нотлогдоогүй байна.

           Шүүгдэгч Ч.Содонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3 -д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж хуулинд заасан хорих ял оногдуулан, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Хохирогчийн төлөөлөгч Х.Пагмадуламын зүгээс мөрдөн байцаалтын шатанд хохирлоо нөхөн төлүүлсөн, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн мэдүүлэг, тайлбарт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно. 

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн тархины рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.  

  Шүүгдэгч энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294,  297-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар  Боржигон овогт Чүлтэмийн Содонбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 230-р зүйлийн 230.2-д заасан “Төрийн албан хаагчийг эсэргүүцэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230-р зүйлийн 230.2-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Содонбаатарт  03 /гурав/ жилийн  хорих ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 д зааснаар шүүгдэгч Ч.Содонбаатарт оногдуулсан 03 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

4.Шүүгдэгч Ч.Содонбаатар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогчийн тархины рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Содонбаатарт оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

 7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Содонбаатарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Ч.Содонбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ