Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/407

 

      2021             4            22                                       2021/ДШМ/0407                               

 

 

     А.Нт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Мажигсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр А.Нт холбогдох эрүүгийн 2009021921278 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Т овгийн А-ийн Н,

          Шүүгдэгч А.Н нь 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна талбайд иргэн Д.О

тай нөхрөө хардсаны улмаас маргалдаж улмаар Д.Оыг зодож түүний биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

           

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Л.Мажигсүрэн бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд хууль эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрт хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” хэмээн заасан нь 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэхээр тогтсон болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хугацааг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан байхад шүүгдэгч А.Нт дээрх торгох ял шийтгэлийг оногдуулахдаа ямар хугацаанд төлөхийг тодорхой заахгүйгээр торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь илтэд үндэслэлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхээр байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан 405 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад шүүгдэгч А.Нийн дээрх торгох ялыг ямар хугацаанд төлөхийг заасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Н нь 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гадна талбайд иргэн Д.Отай нөхрөө хардсаны улмаас маргалдаж улмаар Д.Оыг зодож түүний биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Д.Оын “... 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 20 цагийн орчимд би өөрийн хүү Азжаргалыг аваад өөрийн гэрийн гаднах тоглоомын талбайд саравчинд сууж байтал манай багын найз Ууганбаяр саравчинд орж ирээд “тамхи байна уу” гэж асуугаад миний хажууд суусан. Би тэр үед ... утас руугаа хараад сууж байсан чинь гэнэт Ууганбаярын эхнэр гэж эмэгтэй шууд орж ирээд миний гуя хэсэг рүү өшиглөөд зүүн хүзүү хэсэгт нэг удаа цохиж үргэлжлүүлээд намайг үстээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд өөрийгөө хамгаалах гээд үстээд авсан ...” /хх 6-7/,

 

А.Нийн яллагдагчаар өгсөн “... хүүхдийн тоглоомын талбай дээр О гэх эмэгтэй манай нөхөртэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би нөхөр дээрээ очоод “явъя” гэсэн чинь цаанаас нь О “явуулахгүй гэж байна” гээд агсраад байхаар нь би зүүн мөр хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа түлхсэн чинь намайг өшиглөх гээд байсан. Миний араас хөөгөөд байсан. Тэгээд бид хоёр үсдэлцэж хоорондоо ноцолдоод салсан. Тэгээд би яваад өгсөн чинь араас гүйж ирээд намайг зуурч аваад тавихгүй байсан. Тэгэхээр нь би түлхсэн чинь арагшаа унахдаа биеийнхээ баруун хэсгээр машин мөргөөд унасан ...” /хх 20-21/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “Д.Оын биед баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” дүгнэлт /хх 11-12/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Нийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Прокурор Л.Мажигсүрэнгийн “... Эрүүгийн хуулиар торгох ялыг биелүүлэх хугацааны доод хугацааг тогтоож өгөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн хугацааг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх доод хугацааг тогтоож хуульчилсан байхад шүүгдэгч А.Нт дээрх торгох ял шийтгэлийг оногдуулахдаа ямар хугацаанд төлөхийг тодорхой заахгүйгээр ялыг гүйцэтгэхийг даалгасан нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

Учир нь, анхан шатны шүүх шүүгдэгч А.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

 

Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт заавал хийх ёстой.

 

Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэх учиртай.

 

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Нийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, оногдуулсан торгох ялыг хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасанд нийцнэ.

 

Иймд прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч А.Нт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ