| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0138/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж
Нарийн бичгийн дарга Э.Л
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 20 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр баг Г **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.С маргалдаж улмаар түүнийг гэрээс гарган 2 гарын бугалга, шуу, хуруунуудыг нь мушгиж барин 5 давхрын шатнаас 3 давхрын шат руу чирч буулгахдаа биед нь зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Д аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.З би шүүгдэгч Б.Б-т холбогдох эрүүгийн -------- дугаартай хэргийн эрүүгийн шүүх хуралдаанд улсын яллагчаар дараах яллах дүгнэлтийг гаргаж байна. Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчид хохирол нөхөн төлбөр бүрэн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчээс гаргах мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүйг дурдаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Бийн өмгөөлөгчөөр оролцож байна. Б.Б болон өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийн зүйлчлэл, үйл баримт, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Б.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн, тухайн үйлд явдал гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Прокурорын шатанд прокурортой ял тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тус торгох ялыг түүний ажил хөдөлмөр эрхэлж төлөх боломжоор нь хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 20 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр баг Г **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.С маргалдаж улмаар түүнийг гэрээс гарган 2 гарын бугалга, шуу, хуруунуудыг нь мушгиж барин 5 давхрын шатнаас 3 давхрын шат руу чирч буулгахдаа биед нь зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Д.С “...Б орцонд гарч ирснийхээ дараа намайг пизда, гичий, янхан гэж хэл амаар доромжлоод байхаар нь би, чи олон нийтийн газар байранд ирчхээд ингэж болохгүй ш дээ гэж хэлэхэд надад тэр чинь үйлчлэхгүй хамаагүй гэж хэлсэн. Бид хоёр 5 давхарт байсан ба Б 2 гараараа миний 2 гарын бугалга, шуу, хуруунаас мушгиж бариад, татаж зулгаагаад 3-н давхар хүртэл намайг хүчээр чирч буулгасан. 20 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө маргалдаж муудалцан намайг шатан дээрээс чирч татаж буулгасны дараа зүүн гарын 5 хурууны шивнүүр яс хугарсан, баруун өвдөг хөхөрсөн, зүүн гарын бугалга хөхөрсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дахь хуудасны тал),
Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай шинжээчийн "...Д.С биед зүүн дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал, зүүн бугалга, зүүн шуу, баруун шилбэ, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан зүүн сарвууны 5 дугаар хурууны 1 дүгээр шивнүүрийн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан зүүн бугалга, зүүн шуу, баруун шилбэ, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх дүгнэлт (хх-ийн 14-15 дахь хуудасны тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 20 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “... Д овогтой Д С /РД:*******/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2. Д овогтой Д С /РД: *******/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна..." гэх дүгнэлт (хх-ийн 54-56 дахь хуудасны тал)
Яллагдагч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "...Тэгээд би амрах гээд хэвтсэн тэр үед С надтай мөнгөө одоо гээд хэрүүл хийгээд байхаар нь пизда минь амарлаа гэж хэлээд газар орных нь урдуур хэвтэхэд С миний мөрөн дээрээс дараад 2 гараараа цамцны захаар боосон. ...С миний цамцны захнаас боогоод зууралдаад байхаар нь доошоо зууралдсан чигээрээ буусан. 4 давхарт С зууралдаж байх үедээ баруун би баруун гараараа шатнаас бариад зүүн гарынх нь долоовор хурууг хазсан. Гараараа миний хоолойг боосон С гараас нь барьж буусан..." гэх мэдүүлэг (хх-ийн 51-52 дахь хуудасны тал) зэрэг нотлох баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурор, өмгөөлөгч нарын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-т 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА