| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0026/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/150 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц,
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т Б нь жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Тоёота Кровн 180 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Эийн “...2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Норд Бенз маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийгээд дуусаад тухайн өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед уртын тээвэрт С ХХК-ий уурхай руу том оврын тээврийн хэрэгслээр нүүрс ачих санаатай Н ХХК-ий кемпээс гараад Таван Толгой Ханги чиглэлийн хатуу хучилттай 2 урсгалтай авто зам дээр гараад 3-аас 04 километр замын хөдөлгөөнд оролцоод Э ХХК-ий кемпийн харалдаа явж байх үед өөдөөс жижиг суудлын машин эсрэг урсгалд ороод явж байгаад гэнэт өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би тус замын зорчих хэсгийн ертөнцийн зүгээр баруун гар тал руу шахаад дартал нөгөө жижиг суудлын машин миний жолоодож байсан Норд Бенз маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч талын чиргүүлийн хэсгийг мөргөөд авахаар нь толиндоо хараад шууд замаа чөлөөлөөд зогсоод мөргөсөн гэх жижиг суудлын тээврийн хэрэгсэл дээр гүйгээд очих үед Тоёота Кровн 180 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талаараа мөргөсөн байдалтай эвдэрсэн жолоочийн эсрэг талд нь зорчигч 1 залуу, тэгээд жолооч нь бололтой 1 залуу буугаад ирсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24хуудас),
Хохирогч Ө.Дийн “... миний нойр хүрээд байхаар нь би жолоочийн эсрэг талын урд суудал дээр унтаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэнэт түс тас болоод явахаар нь сэрэх үед Тоёото кровн 180 маркийн тээврийн хэрэгсэл нь хаашаа харж зогссон нь мэдэгдэхгүй байдалтай, тус тээврийн хэрэгсэл эвдэрсэн Б сууж байсан.... миний зүүн хөл хөдөлж чадахгүй байсан мэдүүлэг, (хавтаст хэргийн 28-29хуудас),
Гэрч Т.Оын ... Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Гантөмөрийн Б гэх залууг явуулсан байхаар нь нотариат орж худалдах худалдан авах гэрээ хийж батлуулаад явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32хуудас),
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/440 дугаартай “...Ө.Дийн биед зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо..... Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-10хуудас) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б нь жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ханги хилийн боомтын суурьшлын бүсээс 13 километр зайд авто зам 1 дээр Тоёота Кровн 180 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.1.а. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.7.3, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 дугаар зүйл “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчиж эсрэг урсгал сөрөхгүй байх үүргээ зөрчсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Үүний улмаас *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ө.Дийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний зөрүүтэй хугарал, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02/440 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Бын дээрх үйлдэл нь хор уршиг нь шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ”, 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Б нь хохирогч Эт 900,000 төгрөг, Ө.Дид 12,000,000 төгрөг, Ш.Эт 6,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Бод Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зохицуулжээ.
Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахаар сонгож хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.
Шүүгдэгч Бод эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар шүүгдэгч Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ