Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419004850107 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: А

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Т” нүүрсний уурхайн зам засварын газарт Б.Нтай “ажлаа хийсэнгүй” гэж маргалдан улмаар заазуураар түүний шанаа хэсэгт зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 хуудас),

Хохирогч Б.Нгийн “...2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим өдөр цайны цагаар Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй зам засварын ажил гүйцэтгэж байсан кеймпийн цайны газарт жолооч А бид нарыг ахалж ажиллаж байсан ба би өмнөх өдөр машин засах байсан бөгөөд Мандах сум орчихоод ирсэн юм. Тэгээд А ах тухайн үед намайг машин засахгүй дэмий тэнэлээ гээд загнахаар нь би өөдөөс нь хэрэлдээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд байж байтал надруу цуу аваад шидэхээр нь би очоод өшиглөөд унагаасан. А ах ширээн дээр байсан заазуурыг аваад босоод ирэхээр нь би “чаддаг юм бол шаачих” гэж хэлсэн чинь миний зүүн талын эрүү хэсэгт бага зэрэг зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 хуудас),

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 725/45 дугаартай “....1.Б.Нгийн биед зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. ...3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагaap сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 20 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Н нь шүүгдэгч С.Ааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас 154,581 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газарт гаргуулах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.А нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц биелүүлэх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч С.Ат оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас 154,581 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын газарт олгосугай.  

6.Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АРИУНЗУЛ