Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/02106

 

           

 

 

 

            

 

   2022 оны 06 сарын 29 өдөр

           Дугаар 183/ШШ2022/02106

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “А ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Т овогтой, Б-ийн Ш ад холбогдох,

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Т ” ХХК,

          

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446.689.333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О,

Хариуцагч Б.Ш ,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Ц,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ” ХХК нь Б.Ш ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446.689.333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгч Б.Ш  нь манай банк бус санхүүгийн байгууллагаас 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12182019 тоот зээлийн гэрээ байгуулан, 230.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б.Ш  нь зээлийг бэлнээр авсан бөгөөд бэлээр зээл авсан баримтад гарын үсэг зурсан. Харин Б.Ш  нь авсан зээлээ хэрхэн зарцуулах нь түүний эрх бөгөөд тэрээр авсан зээлийн зарим хэсгээр “Т ” ХХК-ийн зээлийн төлбөрийг сайн дураар төлсөн бөгөөд зээлээс үлдсэн 128.446.349 төгрөгийг Б.Ш  өөрийн Х банкны данс руу шилжүүлэн авсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүгээ буцаан төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 230.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 180.994.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35.680.667 төгрөг, нийт 446.689.333 төгрөгийг, нотариатын зардал 14.000 төгрөгийн хамт хариуцагч Б.Ш аас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ш  би уг зээлийн гэрээг байгуулсан нь үнэн. “А ” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 230.000.000 төгрөгийг шилжүүлэх ёстойгоос 128.446.349 төгрөгийг шилжүүлсэн. Уг миний шилжиж орж ирсэн 128.446.349 төгрөгийг "Т  ХХК"-д шилжүүлсэн. Иймээс уг зээлийн төлбөрийг би хариуцахгүй бөгөөд “Т ” ХХК төлөх ёстой. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ш ын гаргасан тайлбар нь үнэн. Б.Ш ын зээлсэн 230.000.000 төгрөгөөс “Т ” ХХК-ийн зээлийн төлбөр 101.553.651 төгрөгийг төлсөн бөгөөд Б.Ш  нь өөрийн дансанд шилжиж ирсэн 128.446.349 төгрөгийг "Т  ХХК"-д шилжүүлсэн. Иймээс “Т ” ХХК нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн 165.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нотариатын төлбөр төлсөн баримт, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12182019 дүгээр Зээлийн гэрээ, Зээл төлөх хуваарь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А -ын Кассын зарлагын баримт гэсэн баримтуудыг, хариуцагчаас Х банкны депозит дансны хуулга гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446.689.333 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгч Б.Ш  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ12182019 тоот зээлийн гэрээний дагуу 230.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч Б.Ш  нь зээлийг бэлнээр авсан бөгөөд зээлийг бэлнээр авсан баримтад гарын үсэг зурсан. Харин Б.Ш  нь авсан зээлээ хэрхэн зарцуулах нь түүний эрх бөгөөд тэрээр авсан зээлийн зарим хэсгээр “Т ” ХХК-ийн зээлийн төлбөрийг сайн дураар төлсөн бөгөөд зээлээс үлдсэн 128.446.349 төгрөгийг өөрийн Х банкны данс руу шилжүүлэн авсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүгээ буцаан төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 230.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 180.994.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35.680.667 төгрөг, нийт 446.689.333 төгрөгийг, нотариатын зардал 14.000 төгрөгийн хамт хариуцагч Б.Ш аас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд “...Б.Ш  би уг зээлийн гэрээг байгуулсан нь үнэн. “А ” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 230.000.000 төгрөгийг шилжүүлэх ёстойгоос 128.446.349 төгрөгийг шилжүүлсэн. Уг миний шилжиж орж ирсэн 128.446.349 төгрөгийг "Т  ХХК"-д шилжүүлсэн. Иймээс уг зээлийн төлбөрийг би хариуцахгүй бөгөөд “Т ” ХХК төлөх ёстой” гэсэн тайлбар гаргасан.

 

4. Бие даасан шаасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “...хариуцагч Б.Ш ын гаргасан тайлбар нь үнэн. Б.Ш ын зээлсэн 230.000.000 төгрөгөөс “Т ” ХХК-ийн зээлийн төлбөр 101.553.651 төгрөгийг төлсөн бөгөөд Б.Ш  нь өөрийн дансанд шилжиж ирсэн 128.446.349 төгрөгийг "Т  ХХК"-д шилжүүлсэн. Иймээс “Т ” ХХК нь нэхэмжлэгч “А ” ХХК-ийн 165.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар гаргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, нотариатын төлбөр төлсөн баримт, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12182019 дүгээр Зээлийн гэрээ, Зээл төлөх хуваарь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А -ын Кассын зарлагын баримт, Х банкны депозит дансны хуулга гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. “А ” ХХК, Б.Ш  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ12182019 дүгээр “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “А ” ХХК нь 230.000.000 төгрөгийг нэг сарын 2.6 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд зээлдэгч Б.Ш ад зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

7. Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “А ” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 128.446.349 зээлдэгч Б.Ш ын Х банкин дахь дансанд шилжүүлсэн, 101.553.651 төгрөгийг бэлэн мөнгөөр шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

8. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Б.Ш  нь үндсэн зээл 230.000.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүүд 180.994.666 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 35.680.667 төгрөг, нийт 446.689.333 төгрөгийг зээлдүүлэгч “А ” ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдсон тул хариуцагч Б.Ш аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446.689.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэж байна.

 

9. Зээлдэгч нь гэрээний дагуу түүний өмчлөлд өмчлөлд шилжсэн мөнгийг хэрхэн зарцуулах нь түүний эрх тул хариуцагчийн “...128.446.349 төгрөгийг дансаар шилжүүлэн авсныг Т  ХХК-д шилжүүлсэн, 101.553.651 төгрөгийн Т  ХХК-ийн зээлийг төлбөрийг төлсөн байгаа тул би уг зээлийн төлбөрийг хариуцахгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

 

10. “А ” ХХК, Б.Ш  нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн БГ12182019 дүгээр “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулагч Б.Ш  нь өөрийн өмчлөлийн Дундговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 64 дүгээр байр, 40 хувийн гүйцэтгэлтэй, 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Дундговь аймгийн Замын-Үүд сумын 01 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах, нэгж талбарын 4401010302 дугаартай, 240 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг  барьцаалагч “А ” ХХК-д барьцаалсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Ш  зээлийн гэрээний дагуу зохих үүргийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд уг барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2.276.581 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 272.767 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 2.461.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ш аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 446.689.333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ш  үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Ш ын өмчлөлийн Дундговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 8 дугаар хэсэг, 64 дүгээр байр, 40 хувийн гүйцэтгэлтэй, 480 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Дундговь аймгийн Замын-Үүд сумын 01 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах, нэгж талбарын 4401010302 дугаартай, 240 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  “А ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг, 2.276.581 төгрөгийг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 272.767 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш аас улсын тэмдэгтийн хураамжид 2.461.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД