| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/03164/И |
| Дугаар | 183/ШШ2022/02140 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/02140
| 2022 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2022/02140 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “О -**” СӨХ-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г
Хариуцагчийн төлөөлөгч Б.Р
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь “О-46” СӨХ-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Хариуцагч “О-46” СӨХ нь манай байгууллагатай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ”-г байгуулсан. Гэрээний дагуу “Б” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд харуул, хамгаалалтын үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл “О-**” СӨХ нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сар, 15 хоногийн ажлын хөлсөнд нэг сарыг 1.800.000 төгрөгөөр тооцон 2.700.000 төгрөгийг “Б ” ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөгийг “О-**” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Б” ХХК нь “О-** ” СӨХ-той гэрээ байгуулан, харуул хамгаалалтын ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүрэл хугацаанд гүйцэтгэсэн. “Б ” ХХК нь харуул, хамгаалалтын үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс “О-46 ” СӨХ-ны хариуцдаг орон сууцны хоёр оршин суугчийн унадаг дугуй хулгайд алдагдсан. “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2021 оны 8 дугаар сараас хойших хугацааны төлбөрт 2.700.000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Уг хоёр унадаг дугуй нь харуул, хамгаалагчийн буруутай үйлдлээс болж хулгайд алдагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цагдаагийн ерөнхий газрын олгосон 202007000227 дугаар бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ”, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил хүлээлцсэн тэмдэглэл”, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Б” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ”-ний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд харуул, хамгаалалтын үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл “О-** ” СӨХ нь 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сар, 15 хоногийн ажлын хөлсөнд нэг сарыг 1.800.000 төгрөгөөр тооцон 2.700.000 төгрөгийг “Б” ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөгийг “О-** ” СӨХ-оос гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, “... “Б”ХХК нь харуул, хамгаалалтын үүргээ бүрэн гүйцэтгээгүйгээс О-** СӨХ-ны хариуцдаг орон сууцны хоёр оршин суугчийн унадаг дугуй хулгайд алдагдсан. “Б” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацааны төлбөрт 2.700.000 төгрөгийг төлөөгүй нь үнэн.” гэсэн тайлбар гаргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЦЕГ олгосон 202007000227 дугаар бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ”, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Ажил хүлээлцсэн тэмдэглэл”, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“Б” ХХК, “О-**” СӨХ-ны хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр “Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ”-ээр “Б” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд ХУД 00 дүгээр хороо, “О-**” СӨХ-ны ** дугаар байрны харуул, хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх, “О-** ” СӨХ нь ажлын хөлсөнд нэг сарын 1.500.000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.
Талууд аман хэлцэл байгуулан “...гэрээний хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгасан, ажлын хөлсийг нэг сарын 1.800.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн” талаар зохигч маргаагүй тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-г зохигч байгуулжээ.
Уг гэрээний дагуу ажиллагч “Б” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ХУД 00 дүгээр хороо, “О-**” СӨХ-ны 00 дугаар байрны харуул, хамгаалалтын үйл ажиллагааг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэсэн, ажиллуулагч “О-**” СӨХ нь ажлын хөлсөнд 2.700.000 төгрөгийг төлөөгүй талаар маргаагүй.
5. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “О-**” СӨХ-оос хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.
6. Хариуцагч “...Б ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хоёр оршин суугчийн унадаг дугуй хулгайд алдагдсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч хариуцагч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдав.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 58.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “О-** ” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 58.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “О-**” СӨХ-оос гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 58.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “О-**” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 58.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД