Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/408

 

      2021           4            22                                         2021/ДШМ/0408                               

 

 

     Ш.Гад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Б.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.А,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Гад холбогдох эрүүгийн 1908060941332 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Д овгийн Ш-ын Г,

          Улаанбаатарын Октябрийн районы ардын шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг шүүхээс мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон.

             Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод “намайг хаяж яваад миний мөнгийг үрчихлээ” гэсэн шалтгааны улмаас иргэн Д.Аын цээж тус газар руу нь хоёр гараараа түлхэж, эрүүл мэндэд нь “... хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал” бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ш.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэргийг хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.А нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Гын өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралд хохирогч эрс зөрүүтэй мэдүүлэг ба прокурор, өмгөлөөгч хуулинд заасан эрхээ эдэлж талуудын мэтгэлцээний үндсэн дээр асуултаа хууль журмын дагуу тавьж явахад шүүгч өөрийн яллах байр сууриа ил тодоор илэрхийлэн шүүхийн өмнө оролцогчдын эрх тэгш байх зарчмыг зөрчин өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд ёс зүйгүй авир гарган хурлаа зориуд үймүүлэн үндэслэлгүйгээр тасалдуулах, зогсоох, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хориглох улмаар уурлаж уцаарлан загнах зэргээр хүнлэг бусаар харьцаж оролцогчийг сэтгэл зүйн дарамтанд оруулж шүүх хурлыг удидран явуулсанд туйлын ихээр харамсаж байна. Бодит байдалд Ш.Гад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдээгүй, хэргийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр бүрэн дүүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй, гэрч, хохирогчдын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, Ш.Гын түлхсэнээс болж гэмтэл авсан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй юм. Хэргийн газрын үзлэгээс бодит байдал зөрүүтэй, гэмтэл авсан цаг хугацааны хувьд эргэлзээтэй, шалгавал зохих нөхцөл байдлуудыг эргэлзээг нь гаргаж хангалттай бүрэн шалгаагүй байхад шүүх онцгойлон анхаарч үзэх байтал шүүгч яллах талын байр суурьнаас орж, улмаар шийтгэх тогтоолдоо хүндрүүлэх талыг үндэслэл болгож бичсэн. Тухайлбал, шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ, хохирогчийн мэдүүлгийг зөрүүгүй, 3 удаа мэдүүлэг өгөхдөө “Г намайг гараараа түлхэж би хойшоо унасан гэж тогтвортой мэдүүлсэн” гэх утгатай ерөнхий дүгнэлт хийсэн. Гэтэл хохирогчийн мэдүүлэг бодит байдалтай зөрүүтэй ба гэрчийн мэдүүлэгтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй байдаг. ... хохирогчийн сэтгэцийг мэргэжлийн байгууллагаар зайлшгүй шалгуулах шаардлагатай байна. ... хохирогч 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... миний цээж рүү хоёр гараараа хүчтэй түлхсэн чинь би арагшаа ширээн дээр давж унахдаа хана мөргөөд пар мөргөөд уначихсан. ... маргааш нь босох гэсэн чинь гар дийлэхгүй би шартсан байх гэж бодоод хэвтэж өнжсөн ...” гэх /хх 9/, 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... нэмж ярих зүйл гэвэл хэргээ хаалгамаар байна ...” /хх 93/, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... би гэмтэл авсны дараа өөрийн гэртээ ороход ээж Ч, дүү Б нар байсан. Би гэрийнхэнтэйгээ юу болсон талаар яриагүй ... би маргааш нь Ханын материал эцсийн буудал орж архи уусан тэгээд дахиад гэр рүүгээ орсон гэх мөн 2-3 хоногийн дараа Гтай ханын материалын эцэс дээр уулзаж гинжийг нь өгсөн ...архи уугаад яваад байсан” /хх 115/, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хурлын хэлэлцүүлэгт “... 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гтай 2 шил архи уусан. Г машинд суугаад алга болсон. Орой 16-17 цагийн орчимд Згийн гэрт 6,000 төгрөгийн архи авч орж уусан. Згийн гэрт Г орж ирээд намайг хямдхан муу архи авч уулаа гээд архи булааж авах гэхээр нь би өгөхгүй гэж булаацалдаж байгаад арагшаа эрчиндээ унасан. Бид хоёр муудалцаагүй, намайг цохиогүй би булаацалдаж байгаа арагш унасан. Би ширээн дээр бөгсөөрөө сууж цаашаа хана мөргөсөн. Паар мөргөөгүй, би гэмтэл авсныхаа дараа маргааш нь ээжтэйгээ явж эмнэлэгт үзүүлсэн” гэх эрс зөрүүтэй мэдүүлэг өгч анхаарал татаж байхад шүүх анхаарч үзээгүй. Нөгөө талаар хохирогчийг гэрээсээ гараагүй гэж дүгнэхдээ гэрчээр мэдүүлэг өгсөн хохирогчийн ээж болох Чгийн мэдүүлгийг иш татсан байна. Мөн хохирогчийн төрсөн дүү Бийн “... А ах гэмтэл авснаас хойш гэрээс огт гараагүй, энэ талаар би болон ээж Ч нар мэднэ” гэх мэдүүлэг, хохирогчийн өгсөн /хх 115/, барьцаат зээлийн газрын бичиг зэрэг шүүхийн үндэслэл болсон баримтуудыг үгүйсгэсэн мэдүүлгүүд болон бусад баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх харьцуулан анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас А15-д гэмтсэн огноо: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэж, А16-д үзүүлсэн огноо 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 25 минут гэж, осол болсон газар: Ханын материал  гэж, А6-д осол болсон шалтгаан: явганаас унасан гэж тус тус хэлж бүртгүүлсэн баримт мөн шүүх хуралд хохирогчоос гэмтэл аваад хэд хоногийн дараа эмнэлэгт очиж үзүүлсэн гэх асуултанд хохирогч “маргааш нь очиж үзүүлсэн” гэж хариулж байсан зэрэг нь анхаарал татаж байна. Шүүх дээрх бүх эргэлзээтэй баримтанд тал бүрээс нь үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Ш.Гын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд “шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Атай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагасан идэвхитэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байх бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэжээ. Шүүгдэгч Ш.Г нь хохирогч Д.Аыг дагаж явах гэхэд нь их хэмжээгээр согтсон байсан учир амраах зорилгоор өөрөөсөөө холдуулж түлхсэн үйлдлийн улмаас хүнд хохирол учруулахад хүргэсэн. Тэрээр хохирогч Д.Аын биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүгдэгчийн зүгээр хохирогчийн биед хүнд хохирол учруулахыг хүсч, тухайн түлхэлтийн улмаас хохирогч замдаа ширээнд тээгэлдэж, хана, паар мөргөж, улмаас хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал бүхий гэмтэл авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. Мөн хохирогч Д.Атай хамт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод архи уусан, тус хаягийн эзэн гэх гэрч Ч.Згийн мэдүүлэгт “Д.Аыг ирэхэд би архи уугаагүй байсан, бид архи уугаад дуусахад А дахиад нэг шил архи аваад ирье, байж байгаарай гэж хэлээд намайг гэрт үлдээгээд өөрөө гараад явсан. А 10 орчим минутын дараа 0,75 литрийн Их монгол нэртэй архи аваад гэрт ороод ирсэн. Тэгээд тус архийг бид хувааж ууж байгаад би талд нь ороход согтоод унтсан байсан” гэжээ. Эндээс хохирогч Д.А нь их хэмжээний согтолттой байсан ба шүүгдэгч Ш.Г түлхэлтээр ширээнд тээгэлдэж, улмаар хана, паар мөргөсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн” гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгч Ш.Гыг хохирогч Д.Ат учирсан дээрх хохирлыг хүсэж, зориуд үйлдсэн буюу гэм буруугийн шууд санаатай үйлдлээр хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, шүүгдэгч Ш.Гын хохирогчийг гарч явуулахгүй, амраах зорилгоор үлдээх гэж хийсэн түлхэлтийн улмаас архи ууж согтуурсан байсан хохирогч Д.А цааш ширээнд тээгэлдэж, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Г нь түүн дээр дурдсан гэмтлийг учруулахыг огт хүсээгүй, байсан газар нь үлдээх гэж, хамт авч гарахгүй гэсэн зорилгоор түлхсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд Ш.Гад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг болон хохирогчид учруулсан хохирлоо бүрэн арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү.

Хохирогч Д.А өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байна. Хохирол хор уршиг бүрэн арилсан гэж үзэж байна. Хохирогч 760,000 төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч Ш.Г бүрэн төлж барагдуулсан” гэв.

 

Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдолдоо: “... би Д.Аыг “маргааш гинж авч өгөөрэй” гээд согтуу байхаар нь “наанаа амраад яв” гээд түүний зүүн мөр лүү нь нэг гараараа түлхсэн. Надад Д.Аыг гэмтээе гэсэн санаа байгаагүй. Бид хоёр нэгдүгээр ангиасаа хойш найзалж байна. ... бид хоёрын дунд хэрүүл маргаан хийж, маргасан зүйл байхгүй. Д.Аын эмчилгээний зардалд 760,000 төгрөг өгсөн. Д.А бид хоёр маргааш нь уулзаж архи уухад биеийн байдал нь зүгээр байсан. Би Д.Аыг архи уухаараа хөл рүү нь ороод, гэртээ харилгүй тэнээд явчихдаг болохоор нь гадаа хөлдөөд үхчихэж магадгүй гэж санаа зовоод “наанаа амар” гээд түлхээд гарсан. Надад оногдуулсан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хохирогч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гомдол саналгүй учраас хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би одоогоор барилгын ажлаа хийж байна. Болсон явдлын хувьд гомдол саналгүй болохоо миний хувьд зөндөө хэлж байсан ба ээжийгээ хүртэл шүүх хуралдаанд дагуулж очиж байсан.” гэв.

 

Прокурор Г.Яндаг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Гын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Хавтас хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй боловч прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байхад анхан шатны шүүхээс энэ байдалд зохих дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргажээ.

 

Шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, Б.Нандин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийн үйл баримтыг хянахад, Шүүгдэгч Ш.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 4 дүгээр байрны 1 дүгээр орцны 1 тоотод Д.Аын цээжин тус газар руу нь хоёр гараараа түлхэж эрүүл мэндэд нь хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Аын “... Би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ... Г бид хоёр тэдний гэр рүү орж хоол идчихээд мөнгөн гинж аваад Ханын материалд байрлах Нандин ломбарданд 20,000 төгрөгөөр тавиад ломбарднаас гарахад Г ах “ах нь нэг хүнтэй уулзаадахъя” гээд нэг машинд суугаад яваад өгсөн. Тухайн үед мөнгөн гинжийг нь би ломбарданд тавьсан болохоор 20,000 төгрөг надад үлдсэн. ...тэгээд би З гэх залуугийнд нэг шил 0,5 литрийн Хараа гэсэн бичигтэй архи, клаб элди гэх нэртэй тамхи 1 хайрцаг, түмний ундаа зэргийг 13,000 төгрөгөөр аваад очсон. З гэртээ ганцаараа байсан. Тэгээд түүнтэй архиа хувааж ууж байхад Г ах гаднаас орж ирсэн. ... Г Згийн гэрт халамцуу орж ирээд “чи яасан хогийн бацаан бэ” гээд миний цээж рүү хоёр гараараа хүчтэй түлхсэн чинь би арагшаагаа ширээн дээр давж унахдаа хана, паар мөргөөд уначихсан. Тэгээд нэг хэсэг ухаан орж гараад байхаар нь би хана налаад явган суугаад байж байхад Г “надтай битгий уулзаарай, маргааш тэр гинж авч өгөөрэй” гээд гараад явчихсан. ... ард байсан жижиг ширээн дээгүүр давж хойшоо унасан. Би тэндээ сууж байгаад гэртээ орсон. Тухайн үед Г ах согтолтын хувьд гайгүй байсан бөгөөд би нилээн согтолттой хөл дээрээ тогтохгүй байсан. Г ах бид хоёрын дунд маргаан болоогүй, надад маргааш гинж авч өгөөрэй гэж хэлсэн. ... эмчилгээний зардалд гарсан 760,000 төгрөгийг төлсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 9, 178-179/,

 

            гэрч Ч.Згийн “... А 10 орчим минутын дараа 0,75 литрийн Их монгол нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд тус архийг бид хувааж ууж байгаад би талд нь ороход согтоод унтсан байсан. Тэр үед А ганцаараа үлдсэн. Тэгээд нэг сэрээд хартал гэрт хэн ч байхгүй, А явчихсан байсан. ... Атай хамт архи ууж байхад гаднаас хүн орж ирээгүй. Харин архи уугаад согтоод унтсаны дараа хүн орж ирсэн үгүйг мэдэхгүй байна. А манайд орж ирэхдээ эрүүл ирсэн. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. ... шар Г гэх залуу манай гэрт хэдэн цагт ирснийг би мэдэхгүй байна. Тухайн үед би тасарсан унтаж байсан. Би тасрахдаа гэрийнхээ урд том өрөөнд газар дэвссэн байсан гудсан дээр унтаж байсан. Би тэдний маргалдсан үйл явдлыг хараагүй. Манай гэрт бор өнгийн жижиг ширээ болон паар байгаа. Манай ширээ болон паар хоорондоо ойрхон, ойролцоогоор 1 метрийн зайтай. Манай гэрийн эд зүйлс хэвээрээ, мөн паар ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан ...” /хх 11/,

 

            гэрч Л.Чгийн “... 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... гэртээ ортол миний хүү А гэртээ хэвтэж байсан. Миний хүү тэгэхэд “ээжээ би хүнд түлхүүлээд ухаан алдаад унасан байна. Одоо миний толгой болон хүзүү өвдөөд байна” гэхээр нь би тэр өдрөө хүүхдээ тоогоогүй юм. Тэгээд маргааш нь бас “толгой өвдөөд байна” гэхээр нь би Ханын материалын эцэст толгой барьдаг бариач өвгөнийг утсаар дуудаад гэртээ хүүгийнхээ толгойг бариулсан. ... би гэртээ очоод хүүгээ аваад 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орж томографийн зураг авахуулаад эмчид үзүүлэхэд “хүзүүний нэг яс нь хугарсан байна” гэж хэлсэн. ... А надад хэзээ, хаана, хэнд зодуулсан талаар хэлээгүй. Уг нь би зөндөө асуухад надаас нуугаад байсан. Харин намайг гэртээ очдог өдөр А гэртээ байж таараад “хүнд түлхүүлээд ухаан алдсан байна” гэж хэлж байсан. А хэрэг гарахаас өмнө хэзээ гарч явсан талаар сайн санахгүй байна ...” /хх 13/,

 

            гэрч Д.Бийн “... 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... миний төрсөн ах А согтуу манай ажил дээр ирээд надад “Гын эхнэрийн ээмгийг дэлгүүрт 20,000 төгрөгөөр тавьчихлаа. 20,000 төгрөг өгөөч” гэж хэлэхээр нь өгсөн. ... ах нь өвдөөд байна шүү дээ, өчигдөр хүнд зодуулсан, миний толгой өвдөөд байна гэж надад хэлэхээр нь би хэнд зодуулсан юм гэхэд шар Г намайг унагаагаад гэмтээчихсэн гэж хэлж байсан. ... надад ах нь үхлээ шүү дээ гээд шөнөжин ёолоод хэвтээд байхаар нь ээж Чгийн хамт өнөөдөртөө гайгүй болох нь уу, харъя гээд гэртээ хоносон. Үүрээр А ах “үхлээ” гээд орилоод байхаар нь “за ер нь болохгүй юм байна” гээд ээж Чгийн хамт А ахыг аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очсон. ... гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд А ахын “хүзүүний яс нь хугарсан, толгой нь хөдөлсөн, их ноцтой юм байна, гэхдээ хагалгаанд орох шаардлагагүй өөрөөр нь бороолуулж эдгээсэн нь дээр юм байна” гэж хэлсэн. Тухайн үед “Г намайг түлхэж унагаасан” гэж хэлсэн. ...А ахын биеийн байдал зүгээр болсон, ажлаа хийгээд явж байгаа. ...” /хх 15-16/,

 

            Ш.Гын яллагдагчаар өгсөн “... Згийн гэрийн хаалгыг цохитол А нь архи уусан, халамцуу байдалтай хаалга онгойлгож өгсөн. Тэгээд би ороод “гинжээ яасан юм бэ” гэтэл “ломбарданд тавиад архи, тамхи авчихлаа” гэхээр нь ямар архи авсан юм гэж асуутал надад архиа харуулсан. Тухайн архи нь хувийн үйлдвэрийн муу архи байсан. Тэгээд А нөгөө архинаасаа хийж өгөхөөр нь би уугаагүй. А өөрөө архинаасаа хийгээд нэг уухаар нь “за за би ингэсгээд явлаа” гэтэл А “би бас явъя” гээд босоод ирэхээр нь “би наанаа унтаж амраад маргааш ломбарданд тависан гинж авч өгөөрэй” гэсэн. Тухайн үед А “явна би харилаа” гээд байхаар нь би “наанаа амар” гээд баруун мөр рүү нь нэг удаа түлхсэн чинь А ширээ рүү унах шиг болсон. Тэгэхээр нь би гараад явсан. Би Аыг “эндээ амраад яв” л гэж хэлсэн. Тэрээр явна гээд миний үгэнд орохгүй босоод ирэхээр нь би унтаж амар гээд түлхсэн. Тэрнээс цохиж зодоогүй. Би Аыг түлхсэний дараа А зүгээр босч ирээд архиа аваад буцаад гудсан дээр суусан. Тухайн үед А бид хоёроос гадна гэрийн эзэн З согтоод унтаж байсан. ... Би Аыг түлхсэнээс хойш 2-3 хоногийн дараа А миний гинжийг өөрөө авсан гээд Ханын материалын эцэс дээр өгсөн. Тухайн үед Аыг харахад зүгээр байсан. ... Би Ат санаатай хүнд хохирол учруулъя гэж бодоогүй. А уухаараа хөл рүү нь орчихдог, гэртээ харьдаггүй, дэмий тэнээд явчихдаг болохоор нь би гадаа хөлдөөд үхчихэж магадгүй гээд наанаа амар гэж хэлсэн юм. Харин өөрийг нь хамгаалж эрүүл мэндэд нь хохирол учрах вий гэж санаа зовсондоо босоод ирэхэд нь наанаа амар гээд цааш түлхсэн. ...” /хх 107-109/ мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14515 дугаартай дүгнэлт “Д.Аын биед хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн, 6 дугаар нугалмын арын сэртэн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна.” /хх 20/ дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-77/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 118/ зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Харин прокуророос Ш.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс Ш.Гад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд зохих дүгнэлт хийсэний эцэст хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, Ш.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  байна.

 

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдлээр тогтоох боломжтой.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж, эсрэг болон холбогдогчтой нэг ашиг сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулга, нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

 

Хэрэгт авагдсан хохирогч Д.Аын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “... Г Згийн гэрт халамцуу орж ирээд “чи яасан хогийн бацаан бэ” гээд миний цээж рүү хоёр гараараа хүчтэй түлхсэн чинь би арагшаагаа ширээн дээр давж унахдаа хана, паар мөргөөд уначихсан. ... Маргааш нь би босох гэсэн чинь гар дийлдэхгүй байсан ба тухайн үед би шартсан байх гэж бодоод хэвтээд өнжсөн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж үзүүлсэн. ...” /хх 9/, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “... Г намайг “яасан хогийн бацаан бэ” гээд хоёр гараараа хүчтэй түлхэснээс болж би ширээн дээр давж унахдаа хана, паар мөргөөд уначихсан. Тэгээд босч чадахгүй байж байгаад унтаад өгсөн. ...Харин маргааш өглөө нь миний толгой хөндүүр болчихоод байсан ба маргааш нь Ханын материалын эцсийн буудал орж архи уусан. ...” /хх 115-116/, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Г ах намайг “битгий муу архи уу” гэж хэлээд миний ууж байсан архийг булааж авах гэхэд нь би булаацалдаж байгаад ард байсан жижиг ширээн дээгүүр давж хойшоо унасан. Би тэндээ сууж байгаад гэртээ орсон. Тухайн үед согтолтын хувьд Г ах гайгүй, би хөл дээрээ тогтохгүй байсан. ... Г ах түлхэж би хойшоо унасан. Намайг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. ...” /хх 178/, давж заалдах шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... “яасан хөгийн бацаан бэ” гэж цагдаа бичсэн байсан. Г нь намайг нэг л удаа түлхсэн. Гарч явах гэтэл, дагаж явах гээд наанаа байж байгаад яв гээд түлхсэн. Би ширээн дээгүүр даваад ойччихсон. Би өөрөө согтолттой байсан” гэх удаа дараагийн зөрүүтэй өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ш.Гын яллагдагчаар өгсөн “... Тэгээд би ороод “гинжээ яасан юм бэ” гэтэл ломбарданд тавиад архи, тамхи авчихлаа гэхээр нь би Ааас “ямар архи, тамхи авсан юм” гээд асуутал А надад авсан архиа харуулсан ба тухайн архи нь хувийн үйлдвэрийн муу архи байсан юм. Тэгтэл А нөгөө архинаасаа эхлээд надад хийж өгөхөөр нь муу архи байсан болохоор нь би уугаагүй ба А нь өөрөө архинаасаа хийгээд уухаар нь би “заза, би ингэсхийгээд явлаа” гэтэл А “би бас явъя” гээд босоод ирэхээр нь би “наанаа унтаж амраад маргааш ломбарданд тавьсан гинжээ авч өгөөрэй” гэсэн. Тухайн үед А “би бас явна, би харилаа” гээд байхаар нь би “наанаа амар” гээд баруун мөр рүү нь 1 удаа түлхсэн чинь А ширээ рүү унах шиг болсон. Тэгэхээр нь би гараад явсан. ... Би Ат санаатай хүнд хохирол учруулъя гэж бодоогүй. А архи уухаараа хөл рүү нь орчихдог, гэртээ харьдаггүй дэмий тэнээд явчихдаг болохоор нь би гадаа хөлдөөд үхчихэж магадгүй гээд би “наанаа амар” гэж хэлсэн юм. ...” /хх 108-109/, анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “... амар гэж хэлээд баруун мөр рүү нь түлхсэн. Хохирогч А нь хойшоо ширээ, хана мөргөж унасан. Надад гэмтэл учруулах санаа байгаагүй. Би амар гэж хэлээд л түлхсэн. Түлхчихээд гинж авч өгөөрэй гэж хэлээд гараад явсан” /хх 177/ гэх мэдүүлгүүд зэргээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хохирогчийн дээрх удаа дараагийн зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг дан ганц үнэлж шүүгдэгч Ш.Гыг “хохирогч Д.Аын биед хүнд хохирол санаатай учруулсан” гэж үзэж уг хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хохирогчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэлэн шүүгдэгч Ш.Гыг хохирогч Д.Атай маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагасан идэвхитэй үйлдэл хийсэн нь хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тухайн хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Ш.Г болон хохирогч Д.А нар л нотлох боломжтой бөгөөд шүүгдэгч Ш.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ хэрэг учралын талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд харин хохирогч Д.Аын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй буюу тэрээр өгсөн мэдүүлгүүдээ “Ш.Гад түлхүүлсэн эсхүл архи булаацалдаж байгаад унасан, хоёр гараар эсхүл нэг гараар түлхүүлсэн, “яасан хогийн бацаан бэ” гээд түлхсэн эсхүл “наанаа байж бай” гээд түлхсэн” зэрэг байдлаар удаа дараа өөрчилсөн байна. 

 

Дээрхээс үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзсэн үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, гэмт этгээд болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг тодорхойлжээ.

 

Аливаа үйлдэл, эс үйлдэхүй нь эхлээд оюун ухаандаа төсөөлсний үр дүнд үйл ажиллагааны илрэл болж, улмаар өөрийн хүсэл зоригийн чиглэлтэй буюу тодорхой зорилго, сэдэлттэй байдаг.

 

Шүүгдэгч Ш.Гын зүгээс хохирогчид хүнд гэмтэл учруулахыг хүсч, түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогч ширээнд тээгэлдэж, хана мөргөж унан, хүнд гэмтэл авах болно гэдгийг урьдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүйн зэрэгцээ, түүний үйлдэл нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

 

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийн талаар гарсан дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар буюу Ш.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруугийн хэлбэрийн талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, эдгээр давж заалдах гомдлуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ш.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Дөчин овогт Шагдарын Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Дөчин овгийн Шагдарын Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Г, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлуудаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Б.БАТЗОРИГ