| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2019/00475/И |
| Дугаар | 131/шш2019/00610 |
| Огноо | 2019-08-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 131/шш2019/00610
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын 5 дугаар багт оршин суух,******* регистрийн дугаартай, Хошууд овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвд холбогдох,
Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 615.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие бүжгийн багшийн мэргэжилтэй. Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвд 13 дахь жилдээ ажилласан. Ажиллаж байх хугацаандаа аймаг болон бүсийн уралдаанд бүжигчин хүүхдүүдийг бэлдэж олон удаа амжилттай оролцож, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Авсан гавъяа шагналгүй.
2019 оны 04 дүгээр сард сургуульдаа суралцахаар явсан хойгуур сумын засаг дарга Н.Шагдарсүрэн ажлаас чөлөөлөх тоот гаргаж, түүнийг үндэслэн Соёлын төвийн эрхлэгч ******* 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10 дугаар тушаал гаргаж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.
Соёлын төвийн эрхлэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сард шинээр томилогдож ирсэн ба дотоод журмыг шинээр батлах талаар ярьж байсан. Миний хувьд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмаа огт зөрчөөгүй ажил үүргээ биелүүлж ажиллаж ирсэн.
Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 10 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 615.000 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие О.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. О.******* нь төрийн үйлчилгээний албан хаагчийн ажлын туршлагатай, сумын хүүхдүүдийг уралдаан тэмцээнд амжилттай оролцуулж үр бүтээлтэй ажилладаг байсан. Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалаар түүнийг ажлаас нь халсан байдаг. Тушаалын үндэслэх хэсэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, мөн хуулийн 131.1.3 дахь заалтыг баримталсан байгаа нь тухайн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. О.******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй. Шүүхээр шийдвэрлэгдсэн асуудалдаа эрүүгийн хариуцлага хүлээсэн. Ажилтны гаргасан алдаа зөрчилд давхардуулж хариуцлага тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. О.*******гийн холбогдсон асуудал нь 2018 оны 11-р сарын 26-ны өдөр болсон үйл явдал байдаг. Гэтэл энэ үйл явдалд 2019 оны 06 дугаар сарын 03-нд хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.2-т: Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна, 131-р зүйлийн 131.3-т: Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасныг тус тус зөрчсөн. Мөн Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, О.*******г бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.191.181 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байран дээрээ архидан согтуурч иргэн *******ыг зодож хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчин ноцтой зөрчил гаргаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон учир О.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна.
Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын соёлын төвийн эрхлэгчээр 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Ажил хүлээн авахад соёлын төвийн хуучин эрхлэгч *******, бүжгийн багш О.******* нар ажлын байранд архидан согтуурч хоорондоо маргаж, зодоон үүсгэсэн асуудал болсон байсан. О.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол шууд ажлаас халахаар тодорхой зааж өгсөн байдаг. Төрийн үйлчилгээний байгууллагын албан хаагч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж гэмт хэрэг үйлдэх нь төрийн албаны ёс зүйд нийцэхгүй гэж үзээд нэхэмжлэгч О.*******г ажлаас нь халсан. Түүнийг сургуульд сурч байх үед эзгүй хойгуур нь ажлаас нь чөлөөлсөн, түүнийг ажлаас чөлөөл гэсэн чиглэлийг сумын засаг даргаас ирүүлсэн. Нэхэмжлэгч сургуулиа төгсөөд ирмэгц нь өөрт нь танилцуулж ажлаас халах тушаал гаргасан. Энэ хүнд, ийм ёс зүйгүй байдалд хариуцлага тооцож чадахгүй бол дараа дараагийн зөрчилд арга хэмжээ авч чадахгүй байдал үүснэ. Энэ нөхцөл байдлуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. О.*******тай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж явсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.191.181 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь О.******* нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч иргэн *******ыг зодож хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж, ноцтой зөрчил гарган, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
О.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2007 оны 10 сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар тус төвийн бүжгийн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс О.******* нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр ажлын байран дээр архидан согтуурч хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн гэсэн тайлбар гаргаж байх боловч энэ тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Тухайлбал О.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* сумын Соёлын төвийн дотоод журам зэрэг холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч О.*******г хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоох боломжгүй, Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн О.******* нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэсэн тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 21-ны өдрийн 2019/ШЦТ/13 тоот шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байх боловч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон явдал нь төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй .
Төрийн албаны тухай хуулийн 47-р зүйлийн 47.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол төрийн албанаас халах заалт нь төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой буюу төрийн захиргааны, мөн төрийн тусгай албан тушаалтай холбоотой зохицуулалт байна.
Харин Соёлын төвийн бүжгийн багшийн албан тушаал нь мөн хуулийн 14-р зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.
Нэхэмжлэгч О.******* нь 2018 оны 11 сарын 26-ны өдөр иргэн *******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад түүнийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ... ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.2, 131.3-т заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч О.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохироогүй, тушаалд зөрчлийн талаар тодорхой заагаагүй зэргээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч О.******* нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.*******г тус Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин 1.191.181 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* сумын Соёлын төвд даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсанаар 2019 оны 06 сарын 03-ны өдрөөс 2019 оны 08 сарын 01-ны өдрийг хүртэл ажлын 40 хоног гэж тооцсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д: Ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******гийн сарын дундаж цалин 655.150 төгрөг, өдрийн дундаж цалин нь 30.472 төгрөг гэж тооцсон болно.
Ажилгүй байсан хугацаа буюу ажлын 40 хоногийг өдрийн дундаж цалин 30.472 төгрөгөөр үржүүлж, 40 * 30.472 = 1.218.883 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гарч байгаа боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалинд 1.191.181 төгрөгийг нэхэмжилсэн тул 1.191.181 төгрөгийг хариуцагч ******* сумын Соёлын төвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 36 дугаар зүйлийн 36.1.2-д тус тус зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 тоот тушаалыг хүчингүй болгож, О.*******г Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвийн бүжгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д тус тус зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 1.191.181 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид 17.935 төгрөгийг нэхэмжлэгч О.*******гаар нөхөн төлүүлж, төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.035 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвөөс 37.035 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигчид энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН