Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Д.Б-д холбогдох эрүүгийн 2531****** дугаартай, 316/2025/00**/Э индекстэй хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ***** оны *** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, гагнуурчин мэргэжилтэй, ****************** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Д.Б, регистрийн дугаар ********.

Хэргийн товч утга:

Яллагдагч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн урд замд "Тоёота приус 20" загварын **** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,54 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Улмаар цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагч Б.Т 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус цагдаагийн газрын 7036102 тоот дугаарт ирсэн "*****" дэлгүүрийн гадна ***** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна" гэх дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байх үед нь согтуурал шалгах зорилгоор тээврийн хэрэгсэлдээ суу гэхэд “шалгуулахгүй" хэмээн хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б-н нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Мэдүүлэг өгөхгүй....” гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Яллагдагч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ урд замд "Тоёота приус 20" загварын ***** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2,54 хувийн согтолттой үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, Улмаар цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагч Б.Т-н 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус цагдаагийн газрын 7036102 тоот дугаарт ирсэн "Н" дэлгүүрийн гадна ***** СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна" гэх дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байх үед нь согтуурал шалгах зорилгоор тээврийн хэрэгсэлдээ суу гэхэд “шалгуулахгүй" хэмээн хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан болох нь

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18 дугаар хуудас/,  согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 08-09 дүгээр хуудас/, хохирогч Б.Т-н мэдүүлэг /хх-ийн 23-24  дүгээр хуудас/, гэрч Б.О-н мэдүүлэг  /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч А.Н-н мэдүүлэг  /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Б.М-н мэдүүлэг  /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Ж-ны мэдүүлэг  /хх-ийн 32 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Т-н мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,  хууль сахиулагийн шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, бие махбодид халдсан гэх баримтууд /хх-ийн 41-52 дугаар хуудас/, Д.Б-н урьд захиргааны шийтгэл оногдуулж байсан шийтгэврийн хуулбар /хх-ийн 53-57 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2531********* дугаартай тогтоол /хх-ийн 65-70 дугаар хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 80 дугаар хуудас/, шүүгдэгчээс ирүүлсэн эмчийн тодорхойлолт, зураг /хх-ийн 85-87 дугаар хуудас/, шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5  дахь хэсэг мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

        Прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг, зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн”,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ****** овогт Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тогтоолоор мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавьхыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял шийтгэснийг ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ