| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгай Отгончулуун |
| Хэргийн индекс | 131/2019/00432/И |
| Дугаар | 131/шш2019/00635 |
| Огноо | 2019-08-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 131/шш2019/00635
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, /******* тоот регистрийн дугаартай/
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******т холбогдох,
Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
******* банк ХХК-д холбогдох, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 1-р баг, 55-р байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 м/кв талбай бүхий, *******, ******* дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хадгаламж банк нь төлбөрийн чадваргүй болж Монгол Банкны Ерөнхийлөгчийн тушаалаар хуулийн этгээдийн хувьд албадан татан буугдаж Хадгаламж Банкны эрх хүлээн авагч томилогдсон.
Татан буугдсан Хадгаламж банкны актив пассив хөрөнгийг Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирал нарын 2013 оны 07 сарын 22-ны өдрийн Актив, пассив хөрөнгө шилжүүлэх 002/2013БЭХА/154 тоот гэрээгээр ******* банкинд шилжүүлсэн.
Энэхүү гэрээний хавсралт болох 2013 оны 07 сарын 23-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх 007/2013БЭХА/164 тоот гэрээ, мөн өдрийн Бусад актив хөрөнгө шилжүүлэх 008/2013/БЭХА/165 тоот гэрээгээр Хадгаламж банкны нэр дээр бүртгэлтэй Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн 55 дугаар байрны 02 тоот, 61,75 мкв талбайтай орон сууц, Баянхонгор салбарын захирал *******гийн *******аас авах 25.375.000 төгрөгийн авлага тус тус ******* банкинд шилжин ирсэн. Шилжин ирсэн орон сууц нь Хадгаламж банкны өмч бөгөөд гүйцэтгэх захирлын 2011 оны 09 сарын 30-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах тухай 709/2 тоот тушаалаар Хадгаламж банкны нэр дээр Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Очир заан ХХК-ийн барьж байгаа 18 айлын орон сууцанд 61,75 м.кв 3 өрөө орон сууцыг худалдан авахаар шийдвэр гаргасан байдаг. Мөн тушаалаар ...тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банкны нэр дээр бүртгүүлж, банкны төвд хүргүүлэхийг Баянхонгор салбарын захирал Б.*******т үүрэг болгосон байна. Улмаар мөн захирлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 572 тоот тушаалаар ... улсын бүртгэлийн ******* дугаартай 61,75 м.кв 3 өрөө орон сууцыг Баянхонгор салбарын захирлын амьдрах орон сууцны зориулалтаар нийт 43.500.000 төгрөгөөр худалдан авсан тул Төв банкны үндсэн хөрөнгөд бүртгэхийг бүртгэлийн газрын Н.Уранчимэгт зөвшөөрсөн байна. Хадгаламж банк нь Баянхонгор салбарын захирлын амьдрах орон сууцны зориулалтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг. Гэхдээ энэ нь тухайн орон сууцыг салбарын захирлын өмчлөлд шилжүүлсэн биш бөгөөд амьдрах орчны ая тухтай байдлыг ажилтны хүсэлтийн дагуу ажил олгогчийн зүгээс хангасан арга хэмжээ юм.
Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн Баянхонгор салбарын захирал Б.*******аас авах авлага нь энэхүү орон сууцтай холбоотой үүссэн байдаг.
Хадгаламж банк нь 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* овогтой *******тай Хөдөлмөрийн гэрээ байгуулж тус банкны Баянхонгор салбарын захирлын албан тушаалд 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллуулсан. Мөн өдөр Гүйцэтгэх захирлын 2011 оны 07 дугаар сарын 423 тоот тушаалын хавсралтаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж талууд гарын үсэг зурсан.
Үүний дараа буюу 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөн Нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 5 жил болгон өөрчилж, уг гэрээний 5.4 дэх заалтаар Ажилтны нийгмийн асуудлын нэг хэсгийг шийдэх зорилгоор ажил олгогч нь ажилтны зүгээс гаргасан хүсэлтийн дагуу Очир заан ХХК-ийн Баянхонгор аймагт барьж байгаа 2011 оны 11 дүгээр сард ашиглалтанд орох шинэ орон сууцнаас 61,75 м/кв орон сууцыг 43,500,000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч, ажилтныг орон сууцаар хангана гэж, мөн гэрээний 7.3-т Ажил олгогч гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө гэж тохиролцсон байх боловч тус Нэмэлт гэрээний дараа 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин шинээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар тусгаагүй төдийгүй гэрээний 11.2-т энэхүү гэрээ нь зохицуулж буй заалтаараа талуудын хоорондын хөдөлмөрийн бүхий л харилцааг тодорхойлж байгаа бөгөөд энэ гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно гэж заасан тул 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Нэмэлт гэрээ болон түүнд заасан орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэх агуулга бүхий заалт тохиролцоо нь дуусгавар болсон юм.
Ингээд 2013 оны 07 сарын 22-ны өдөр Хадгаламж банкны актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээний хавсралт 155/003/2013/БЭХА тоот Хадгаламж банк ХХК-ийн Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг шилжүүлэх тухай гэрээгээр Хадгаламж банкны ажилтнуудыг нийтээр нь ******* банкинд шилжүүлсний дагуу Баянхонгор салбарын захирал Б.*******тай 2013 оны 07 сарын 23-ны өдрийн №Т03-001 тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулан салбарын захирлын албан тушаалд хэвээр үлдээж ажиллуулсан байна.
Б.******* нь ******* банктай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1560 тоот, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 604 тоот Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байгаа бөгөөд эдгээр гэрээнд Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн орон сууц болон 25,375,000 төгрөгийн авлага"-ыг Б.*******ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх болон авлагаас чөлөөлөх асуудлыг тусгаж зохицуулаагүй байдаг.
Мөн ******* банкны Дотоод аудитын газраас хийсэн хяналт шалгалтын актаар Баянхонгор салбарын захирал Б.*******ын 25,375,000 төгрөгийн авлагыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан төлүүлж, эргэн тайлагнахыг Тусгай активын алба болон мэргэжилтэн *******өд үүрэг болгож тогтоосон.
Энэхүү авлагыг төлж барагдуулахыг Тусгай активын албаны зүгээс Б.******* захиралд 2017 оноос хойш удаа дараа мэдэгдэж, анхааруулсан боловч Хадгаламж банк ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл авлагыг тэглэж байрны гэрчилгээг шилжүүлж өгөх ёстой гэсэн тайлбар хэлдэг, тухайн авлагыг ямар нэгэн байдлаар барагдуулж, төлөхийг зөвшөөрөхгүй байх тул ******* банк Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасан шаардах эрхийн хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иймд хариуцагч Б.*******аас Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн 25,375,000 /хорин таван сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийн авлагыг гаргуулах нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкнаас тус шүүхэд хандан гаргасан 25,375,000 төгрөгийн авлага гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дор дурьдсан үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
******* овогтой ******* миний бие Баянхонгор аймгийн Холбооны газрын даргын албыг хашиж байх үед Хадгаламж банкны Гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэг, Хүний нөөцийн газрын захирал Б.Ундармаа нарын зүгээс Хадгаламж банкны Баянхонгор салбарын захирлаар ажиллах санал тавьсан. Хадгаламж банкны Гүйцэтгэх удирдлагуудын тавьсан удаа дараагийн санал хүсэлтийг хүлээн авч тус банкны Баянхонгор салбарын захирлаар 2011 оны 06 сараас эхлэн ажилласан.
Хадгаламж банк надтай тодорхой нөхцөл тохирон Б.******* миний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 43,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдан авч, уг байрыг надад ашиглуулах, эзэмшүүлэх, 5 жил тогтвор суурьшилтай ажиллуулан хугацааны эцэст миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож 2011 оны 10-р сарын 03-ны өдөр "Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ" байгуулсан юм.
2013 оны 7-р сард "Хадгаламж банк" ХХК-ыг гэнэт татан буулгах шийдвэр гарч тус банкны хөрөнгө, хүний нөөцийг "******* банк" ХХК-тай нэгтгэсэн үйл явц болсон. Гэтэл 2013 оны 10 сард "******* банк"-ны Хүний нөөцийн газрын мэргэжилтэн Б.Одончимэгээс таны нэр дээр 25,375,000 төгрөгийн авлага байна, үүнийг төлөх үүрэг удирдлагаас өгсөн гэж ярьсан. Юун авлага болохыг тодруултал "Хадгаламж банк"-ны үед надад олгогдсон байрны үлдэх өртөг нь ******* банкны авлагын дансанд бүртгэгдсэн байсан. Би тэгэхэд нь миний бие орон сууцаар хангуулах гэрээ хийж банкинд шилжин ажилласан болохоос банкинд ямар нэгэн өргүй, иймд энэ авлага гээд байгааг чинь би төлөх боломжгүй гэдгээ хэлсэн.
2013 оны 11 сард Б.Одончимэгээс таны байрны үлдэх өртгийг ажилтны хөнгөлөлттэй зээл болгох тухай Хүний нөөцийн хороо ярилцан шийдвэрлэх болсон, хэрэв зээлд хамрагдахгүй бол дотоод журмын дагуу хариуцлага тооцох тухай яригдсан гэж мэдэгдсэн. Миний бие удаа дараагийн шахалтын улмаас зээлд хамрагдах тухай өргөдөл бичиж зээлийн материал бүрдүүлэн хүргүүлсэн.
Зээлийн хүсэлт гаргаж байх үедээ гэв гэнэт өр зээлтэй болчихож болж байгаа эсэх талаараа эрх зүйчээс зөвлөгөө авъя гэж бодоод хоёр ч хуульчаас зөвлөгөө авсан. Эрх зүйч нарын зүгээс танд олгогдсон хөрөнгийн эрх банкны бүтцийн өөрчлөлтөөр өр төлбөр болох үндэсгүй гэж зөвлөснөөр төлбөрийг зээл болгож өр хүлээн авах боломжгүй тухайгаа мэдэгдсэн.
Түүний дараахан Хүний нөөцийн газрын мэргэжилтэн Б.Одончимэгээс орон сууцны хөнгөлөлттэй зээлийн материалаа шинэчлэн ирүүлэх шаардлагыг биелүүлэхгүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах хариуцлага тооцох тухай мэдэгдэл ирүүлсэн. Тэгэхэд нь би ямар нэгэн хариуцлага алдсан, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй тул хөдөлмөрийн сахилга хүлээхгүй гэдгээ хэлсэн.
2014 оны 1-р сард салбарын захирлуудын сургалтын үеэр "Хадгаламж банк"-ны эрх хүлээн авагчийн мэргэжилтэн Мөнхцэрэн гэдэг хүн намайг дуудаж таньтай холбоотой манайд хөрөнгө бүртгэлгүй мөртлөө "Хадгаламж банкны" өмчлөлтэй таны амьдардаг байрны сул гэрчилгээ байна, ямар учиртай вэ? гэж асуусан. Миний зүгээс "Хадгаламж банк"-тай тодорхой нөхцөл тохирон ажилласан гэрээтэй гэдгээ тайлбарласан.
Гэтэл дараа нь ******* банкны хүний нөөцийн газраас "Хадгаламж банк"-ны эрх хүлээн авагчаас таны байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг "******* банк"-руу шилжүүлэхэд таны өргөдөлгүй бол шилжихгүй байна, удирдлагын зүгээс таныг өргөдөл бич гэсэн үүрэг өглөө гэж дахин дахин шаардаж байгаад шахалтаар өргөдөл бичүүлж гэрчилгээг ******* банкны нэр дээр 2014.06.16-ны өдрийн 284/2014БЭХА/919 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлсэн байдаг. /Тухайн үеийн миний бичсэн өргөдөл надад хадгалагдаагүй тул Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас шүүхийн журмаар авч болох байх/ Дээрх үйлдэл нь надад гэрээгээр олгосон байрыг Хадгаламж банк, ******* банк нь актив хөрөнгөө шилжүүлэхдээ будлиантай бүртгэл хийж шилжүүлсэнийг нотлож байгаа юм.
Тухайн үеийн ******* банкны удирдлагууд ажилтан надад удаа дараа шахалт үзүүлэн байж 2013 оны 11-р сард 25,375,000 төгрөгийн, жилийн 2,4%-ийн хүүтэй ажилтны тусгай нөхцөлт орон сууцны зээлд хамруулах хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулж байсан.
Сүүлд ******* банкны ажилтнуудад тусгай нөхцөлт зээл олгохыг зогсоосон гэдэг тайлбар өгч сүүлдээ зээлээ ч олгоогүй. Ажилтан Б.******* миний бие анх гэрээ хийж банкинд ажилласнаас хойш 8 жил тогтвортой ажиллаж байна. Энэ хугацаанд салбар банкны үйл ажиллагааг тогтворжуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, бүх нэгжийг алдагдлаас гаргаж, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлж тогтвортой ахиц гарган ажиллаж, орон нутгийн салбар нэгжүүдийн улирлын ажлын үзүүлэлтээр ТОП-5 нэгжид удаа дараа шалгарсан амжилт гарган ажиллаж ирсэн. Миний хариуцсан Баянхонгор салбар нь 2013 оны 2-р улиралд 4-р байр, 2013 оны 4-р улиралд 2-р байр, 2014 оны 2-р улиралд 1-р байр, 2015 оны 4-р улиралд 5-р байр, 2016 оны 2-р улиралд 1-р байр, 2016 оны 4-р улиралд 1-р байр, 2017 оны 4-р улиралд 3-р байр, 2018 оны 2-р улиралд 2-р байр, 2018 оны 4-р улиралд 5-р байранд шалгарсан, миний бие 2016 онд ******* банкны "Шилдэг удирдах ажилтан"-аар шалгарсан амжилтыг үзүүлэн ажилласан болно. Иймд миний бие банктай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн ханган ажилласан гэж үзэж буй бөгөөд гэрээнд заасан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй үр дүнтэй ажиллаж ирсэн болно.
******* банкны нэхэмжлэлд:
1. Хадгаламж банк нь Баянхонгор салбарын захирлын амьдрах орон сууцны зориулалтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг авсан байдаг. Гэхдээ энэ нь тухайн орон сууцыг салбарын захирлын өмчлөлд шилжүүлсэн биш бөгөөд амьдрах орчны ая тухтай байдлыг ажилтаны хусэлтийн дагуу ажил олгогчийн зүгээс хангасан арга хэмжээ юм хэмээн Хадгаламж банк Б.******* бидний хооронд тохирсон анхны хэлцлийг буруугаар мушгин тайлбарлаж надад олгогдсон хууль ёсны өмчлөлийн эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн байна.
2. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар тусгаагүй төдийгүй гэрээний 11.2-т "энэхүү гэрээ нь зохицуулж буй заалтаараа талуудын хоорондын хөдөлмөрийн бүхий л харилцааг тодорхойлж байгаа бөгөөд энэ гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохирсон бүх тохиролцоо хүчингуй болно" гэж заасан тул 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт гэрээ болон түүнд заасан "орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэх агуулга бүхий заалт тохиролцоо" дуусгавар болсон юм гэжээ. 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ нь миний туршилтын хугацаа дуусгавар болж жинхэнэ ажилтнаар томилогдсон гэрээ бөгөөд Хадгаламж банкны зүгээс энэхүү гэрээг байгуулсанаар надтай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ дуусгавар болсон тухай мэдэгдээгүй бөгөөд Хадгаламж банк татан буугдах хүртлээ гэрээний зүйл заалтыг мөрдлөг болгож гэрээнд заасан байрны үлдэх өртгийг хорогдуулсаар ирсэн байдаг. Миний хувьд надад байр олгох тухай 2011 оны 10-р сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай" гэрээг ажилтан миний хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэрээнээс тусдаа тодорхой нөхцөл заасан контрактын гэрээ гэж ойлгож ирсэн.
3. 2013 оны 07 сарын 23-ны № Т03-001 тоот гэрээ нь Хадгаламж банк татан буугдаж ажиллах хүч ******* банк руу шилжин ажилласан гэрээ юм. Энэ гэрээг миний хувьд ******* банк руу ажилтан шилжиж буй гэрээ л гэж ойлгож байснаас надад олгогдсон хөрөнгийн эрх энэ гэрээгээр цуцлагдсан гэж ойлгоогүй. ******* банкнаас ч Хадгаламж банкны үед надтай байгуулсан өмнөх гэрээгээр олгогдсон байрны өмчлөлтэй холбоотой гэрээний асуудлыг ч хөндөөгүй бөгөөд Хадгаламж банкны актив хөрөнгийг хүлээн авснаас хойш буюу 2013 оны 10-р сараас л надад мэдэгдэж эхэлсэн. Би ч энэ талаар огт мэдээлэлгүй байсан бөгөөд банктай байгуулсан гэрээний дагуу 5 жил ажиллах хугацаа дуусаагүй байсан тул банк нэгдэж байх үед өөрт олгогдсон байртай холбоотой гэрээгээ ч мартсан байсан.
4. 2014.07.01-ны гэрээ нь ******* банкны ажилтнуудын цалинд өөрчлөлт орсонтой холбогдсон гэрээ болно.
5. 2016.07.21-ны гэрээ нь намайг хууль бусаар ажлаас халсныг шүүх эргүүлэн томилохтой холбоотой гэрээ болно.
Дээрх надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон, гэрээ бүр нь тодорхой өөр өөр шалтгаанаар байгуулагдсан гэрээнүүд болохыг анхаарч үзнэ үү.
Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж ******* банкнаас тус шүүхэд хандан гаргасан авлага 25,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* нь 2011 оны 06 сарын 30-ны өдрөөс Хадгаламж банкны Баянхонгор аймаг дахь салбарын захирлаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба 2011 оны 10 сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулсан. Тус гэрээгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг 5 жилээр байгуулж Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Хадгаламж банк өөрийн нэр дээр худалдан авч нэхэмжлэгчид эзэмшүүлэх, гэрээнд заасны дагуу 5 жил тогтвор суурьшилтай сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг. 2013 онд Хадгаламж банкийг татан буулгах шийдвэр гарч банкны хөрөнгө хүний нөөцийг ******* банктай нэгтгэх үйл явц болж үргэлжлүүлэн ******* банкинд ажилласан.
Б.******* нь Хадгаламж банк, ******* банкинд нийт 8 жил тогтвор сууршилтай ажиллахдаа амжилттай ажиллаж ажлын үзүүлэлтээр ТОП-5 нэгжид удаа дараа шалгарсан ба хариуцсан Баянхонгор салбар нь 2013 оны 2-р улиралд 4-р байр, 2013 оны 4-р улиралд 2-р байр, 2014 оны 2-р улиралд 1-р байр, 2015 оны 4-р улиралд 5-р байр, 2016 оны 2-р улиралд 1-р байр, 2016 оны 4-р улиралд 1-р байранд шалгарч 2016 онд ******* банкны шилдэг удирдах ажилтнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн болно. Уг шагналууд нь түүний хэрхэн амжилттай, үр бүтээлтэй, тогтвор сууршилтай ажилласныг ажил олгогчийн зүгээс үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.
Иймд 2011 оны 10 сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 6 дугаар хэсэгт заасны дагуу Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 61,57 мкв талбай бүхий *******, ******* дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэхийг ******* банканд даалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний 7.3-т: ажил олгогч гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө гэж заасан. Энэ гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байдаг. 2011 оны 10 сарын 03-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээний хугацаа 2016 оны 10 сарын 03-ны өдөр дуусахаар байгаа. Ажилтан нь тухайн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн, сайн ажилласан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.2.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй. Б.******* нь хөдөлмөрийн гэрээнд заасан 5 жилийн хугацаанд сайн ажилласан, гэрээнд заасан үүргээ сайн гүйцэтгэсэн гэдэг нь ажиллаж байх үедээ авсан шагнал урамшуулал зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч талаас 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин шинээр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд орон сууц эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар тусгаагүй төдийгүй гэрээний 11.2-т энэхүү гэрээ нь зохицуулж буй заалтаараа талуудын хоорондын хөдөлмөрийн бүхий л харилцааг тодорхойлж байгаа бөгөөд энэ гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно гэж заасан тул 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Нэмэлт гэрээ болон түүнд заасан орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэх агуулга бүхий заалт тохиролцоо нь дуусгавар болсон гэж тайлбарладаг. Гэтэл ******* банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ийм заалт байдаггүй.
Мөн Хадгаламж банк ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг шилжүүлэх тухай 2013 оны 155/003/2013БЭХА гэрээний 3.2-т: .. ******* банкны ажилтны хөдөлмөрийн гэрээ нь Хадгаламж банк ХХК-ийн ажилтнуудын өмнөх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлс болон бусад нөхцөл, үүрэг, хариуцлага, ажлын байрны тодорхойлолт нь Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан байдлаар хэвээр уламжлагдан хадгалагдах нөхцлийг хангасан байна гэж заасан. Энэ заалтын дагуу Хадгаламж банкнаас Б.*******тай 2011 оны 10 сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний 7.3 дахь заалт буюу ажил олгогч гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө гэсэн заалт хүчин төгөлдөр хэвээр үргэлжилсэн гэж үзэж байгаа. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р багийн 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61,57 мкв талбай бүхий орон сууцны гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
******* банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хадгаламж банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт гэрээ нь 2013 онд Хадгаламж банк татан буугдахад дуусгавар болсон, сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн авлага 25.375.000 төгрөгийг Б.*******аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.******* нь Хадгаламж банк надтай тодорхой нөхцөл тохирон Б.******* миний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 43,500,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдан авч, уг байрыг надад ашиглуулж, эзэмшүүлэх, 5 жил тогтвор суурьшилтай, сайн ажиллавал хугацааны эцэст орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч Б.******* нь 2011 оны 06 сарын 30-ны өдөр Хадгаламж банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан тус банкны Баянхонгор салбарын захирлаар 6 сарын хугацаатай томилогджээ. 2011 оны 10 сарын 03-ны өдөр хоёр тал харилцан тохирч дээрх хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалтад: Энэхүү гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулав. Гэрээний эхлэх хугацааг Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцно гэж өөрчлөлт оруулсан,
мөн хөдөлмөрийн гэрээнд: 5.4. Ажилтны нийгмийн асуудлын нэг хэсгийг шийдэх зорилгоор ажил олгогч ажилтны зүгээс хүсэлт гаргасны дагуу Очир заан ХХК-ны Баянхонгор аймагт барьж буй 2011 оны 11-р сард ашиглалтанд орох шинэ орон сууцнаас 61.75 м2 , 3 өрөө орон сууцыг 43.500.000 төгрөгөөр өөрийн нэр дээр худалдан авч, ажилтныг орон сууцаар хангана,
7.3. Ажил олгогч гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө,
7.4. Ажил олгогч орон сууцны өртгийг гэрээний хугацаанд жилд тэнцүү хэмжээгээр элэгдүүлэн тооцно, гэсэн нэмэлт заалт оруулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Энэ гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2013 оны 07 сард Хадгаламж банк ХХК татан буугдаж тус банкны хөрөнгө болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын эрх, үүргийг ******* банк ХХК-д шилжүүлжээ.
******* банк ХХК-аас 2013 оны 07 сарын 23-ны өдөр хариуцагч Б.*******тай №Т03-001 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 2.4.1-д: Эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлнэ гэж 2 тал харилцан тохиролцсон байна.
Тодруулбал ******* банкинд шилжиж ирсэн хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 мкв талбай бүхий, 3 өрөө орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй зээлд шилжүүлэн хариуцагчаар төлүүлэхээр, хариуцагч Б.******* нь орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэйгээр ******* банкинд төлж дууссаны эцэст орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар хоёр тал харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 189-р зүйлийн 189.1-д: Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.
******* банк ХХК болон хариуцагч Б.******* нар нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, дээрх орон сууцны хувьд ийнхүү тохиролцсоноор Хадгаламж банк болон ажилтан Б.******* нарын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болоход ажилтныг гэрээнд заасны дагуу сайн ажилласан гэж үзвэл тус орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэн өгнө гэсэн гэрээний тус заалт хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй.
******* банк ХХК-аас ажилтан Б.*******тай 2014 оны 07 сарын 01-ны өдөр, 2016 оны 07 сарын 21-ны өдрүүдэд тус тус хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан боловч гэрээнд дээрх орон сууцны талаар зааж тусгаагүй, мөн уг орон сууцны үлдэгдэл үнийг орон сууцны зээлд шилжүүлэх тухай тохиролцоонд зохигч талууд өөрчлөлт оруулаагүй байна.
Иймд маргаан бүхий орон сууцны хувьд нэхэмжлэгч ******* банк ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2013 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан №Т03-001 тоот хөдөлмөрийн гэрээний 2.4.1: Эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлнэ гэсэн заалт, тохиролцоог хүчин төгөлдөр хэвээр гэж шүүх үзэв.
Хадгаламж банк ХХК-аас ******* банк ХХК-нд шилжиж ирсэн хөрөнгө болох Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 мкв талбай бүхий, тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ нь ******* банкны нэр дээр бүртгэлтэй, ******* банкны төвд хадгалагддаг, мөн уг орон сууцыг ******* банкны Баянхонгор аймаг дахь салбарын захирал Б.******* эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд ******* банк ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй, эрх нь зөрчигдөөгүй, ******* банк ХХК-д ямар нэгэн хохирол учраагүй байна.
Иймд Б.*******т холбогдох Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.*******ын гаргасан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэхийг ******* банк ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:
Хадгаламж банк ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийг шилжүүлэх тухай 2013 оны 07 сарын 22-ны өдрийн 155/003/2013БЭХА тоот гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу ******* банк ХХК-аас Баянхонгор аймаг дахь салбарын захирал Б.*******тай хөдөлмөрийн гэрээг 2013 оны 07 сарын 23-ны өдөр шинэчлэн байгуулсан байна. /2013 оны 07 сарын 23-ны өдрийн №Т03-001 тоот хөдөлмөрийн гэрээ, хэргийн 23-27-р тал/
Энэ хөдөлмөрийн гэрээнд Хадгаламж банк ХХК-тай байгуулсан өмнөх хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлс, бусад нөхцлийг дордуулахгүйгээр тусгаж, харин Баянхонгор аймаг дахь салбарын захирлын амьдрах орон сууцны хувьд гэрээний 2.4.1-д: Эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлнэ гэж 2 тал харилцан тохиролцсон байна.
Зохигч талууд 2014 оны 07 сарын 01-ны өдөр, 2016 оны 07 сарын 21-ны өдрүүдэд тус тус хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан боловч гэрээнд дээрх орон сууцны талаар зааж тусгаагүй, мөн уг орон сууцны үлдэгдэл үнийг орон сууцны зээлд шилжүүлэх тухай тохиролцоонд зохигч талууд өөрчлөлт оруулаагүй зэргээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууцны үлдэгдэл үнэ 25.375.000 төгрөгийг жилийн 2.4 хувийн хүүтэй орон сууцны зээлд шилжүүлэн төлүүлэх тухай тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байх тул Б.*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******аас Хадгаламж банкнаас ******* банкинд шилжиж ирсэн 25.375.000 төгрөгийн авлага гаргуулах тухай ******* банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д тус тус зааснаар Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1-р баг, 55 дугаар байрны 2 тоот хаягт байрлах, 61.57 мкв талбайтай, 3 өрөө, *******, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.*******ын нэр дээр шилжүүлэхийг ******* Банк ХХК-д даалгах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цээпилмаагийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХХК болон хариуцагч Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 284.825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН