2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1146

 

  2025          04           24                                    2025/ШЦТ/1146

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогч Ө.*******,

шүүгдэгч Б.******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2505000000127 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******, “Очир ням проперти девелопмент групп” ХХК-д техникч ажилтай,*******,,,,, одоо Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, овогт ын ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, тоотод хохирогч Ө.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Манай ажил дээр баяр тэмдэглээд нэлээд согтуу явж байхад нэгэн эмэгтэй гарч ирээд надтай яриа өдсөн. Тэр хүний царайг нь харж чадаагүй нэлээд согтуу байсан. Гэм буруугаа хүлээж байна, хохирол төлбөрөө төлнө” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ө.******* мэдүүлэхдээ: “...3 дугаар байранд айлд очсон чинь эзэнгүй байсан учир харих гээд гэр лүүгээ алхаж байсан. Тэгтэл замын уулзвар дээр нэг залуутай таарсан. Тэр залуу “хаа хүрэх гэж байгаа юм бэ, гадаа хүйтэн байна, манайд хоноод явах уу, өглөө таныг тээврийн хэрэгслээрээ хүргээд өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд CU орж 2 ширхэг пиво авах уу гэхээр нь цагаан архи авъя гэж хэлээд 0,33 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд тухайн сүлжээ дэлгүүрээс гараад танайх хаана байдаг юм бэ гэхэд байр луу заасан. Уг байрны захын орц руу орсон бөгөөд гэр лүүгээ орох гэж байхдаа манайх нөгөө өрөөгөө түрээслүүлдэг, нэг айл нь жаахан хүүхэдтэй учир чимээгүй байгаарай гэж хэлсэн. Тэгээд авсан архинаасаа нэг удаагийн цагаан аягаар аягалаад 2-3 удаа уусан. Энэ явдлаас болоод хөдөлгөөн хязгаарласан учир ажилдаа явж чадаагүй, эм авсан, сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газар үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэх ба хохирогч Ө.*******аар хэрэг болсон гэх газрыг заалгуулан Гэмтлийн эмнэлгээс албаны тээврийн хэрэгсэлтэй хорооллын бичлийн хойд талын зам руу явахад хохирогч ертөнцийн зүгээр замын урд талд байрлах хойш харсан орцтой байрны баруун булан хэсэгт 19 дугаараар дугаарласан байрыг заах ба тухайн байрны 1 дүгээр орцоор орж дээш шатаар 3 давхар луу гарахад 2, 3 дугаар давхрын дунд хэсэгт газар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс шинжилгээнд зориулж к/ш мэргэжилтэн хөвөн бамбарт дээж бэхжүүлэн хураан авав, үзлэгийг цааш үргэлжлүүлэн 3 давхарт гарахад давхартаа 3 айл байх ба давхрын урд хэсэгт нэг айл давхрын хойд хэсэгт 2 айл байх ба голын номер дугааргүй бүргэд хаалгыг тогшиход 5 минут орчим тогшсоны дараа******* хүн хаалга онгойлгох ба дотогш ороход баруун булан хэсэгт том өрөө байрласан байв. том өрөөний гадна хойд хана хэсэгт гал тогооны өрөөний хэсэг байрласан, газраар ор зассан байв. Гал тогооны өрөөний хойд хэсэгт жижиг өрөө байх ба 2 эмэгтэй ээж, охин хоёр гэх хүн, хүүхэдтэй хамт унтаж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Хохирогчоос зодуулсан гэх өрөөг аль болохыг асуухад баруун талын том өрөөнд зодуулсан гэх тул том өрөөнд үзлэгийг үргэлжлүүлэхэд хохирогчийг зодсон гэх ын ******* // өрөөний урд хана хэсэгт орон дээр унтаж байсныг хохирогч тухайн хүнийг намайг зодсон хүн мөн байна гэж зааж хэлснийг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Б.******* гэх хүнийг сэрээж өрөөнөөс гаргаж хохирогч Ө.*******аар зодуулсан гэх газрыг заалгуулав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 75-82 дугаар хуудас),

Хохирогч Ө.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 23 хагас болж байхад миний ирсэн айлд хүн байхгүй байсан болохоор буцаж явж байсан. Унааны зардал байхгүй болохоор алхаад явж байсан. Өргөө кино театрын хойно явж байхад хар оруулгатай улаан куртиктэй залуу гадаа хүйтэн байна гээд яриалүүлсэн. Тэгээд “та хаа хүрч байгаа вэ” гэхээр нь би гэртээ харих гээд алхаад явж байна гэсэн чинь манай гэр энд хажууханд байгаа, дулаахан манай гэрт хоноод өглөө эрт таныг би машинаараа хүргээд өгье гэсэн. Тэгээд замын урд талын байрыг заасан. Тэгээд хамт дэлгүүр ороод пиво авах уу гэхээр нь за яах юм бэ эгчийн дүү авч өгмөөр байвал цагаан юм аваад өгчих гэж хэлээд 2 ширхэг хүслийн ундаа, 1 шил Хараа архи авсан. ...Тэгээд буйдан дээр нь суусан. Идээ өгөөд авсан архинаасаа 2 аяганд хундагалсан. Эхний хундагыг хоёулаа хүртсэн. Тэгээд эгчээ би гэртээ нүцгэн суудаг болох юм уу гээд хувцсаа тайлаад сууж байсан. Би гэртээ байгаа юм чинь өөрийнхөөрөө бай гэсэн. Ойр зуурын юм ярьж байхдаа өөрийнхөө бэлэг эрхтнийг оролдоод суугаад байсан. Тэгээд би чи хувцсаа, турсикээ өмсөж болохгүй юм уу гэхэд би гэртээ шалдан байдаг юм гээд байсан. Өөрийнхөө булчин цээжээ гайхуулаад бариад үз дээ гэсэн, би харагдаж байна гээд гар хүрээгүй. Гэнэт бэлэг эрхтнээ хөх гэсэн, тэгэхээр нь үгүй гэсэн тэгсэн босож ирээд нүүрэн дээр бариад дахиад хөх гэхэд би үгүй гээд түлхсэн тэгсэн п уншиж хараалаа дуудаад нэг мэдсэн газар унагаагаад дээрээс хоёр гараараа хоолой боосон. Тэгээд би нүүрээ хамгаалаад доошоо харахад гарын шуугаараа араас хоолой боогоод нэг гараараа ам дараад дуугарч болохгүй шүү гээд байсан. Хөлөөрөө толгойн дээр дэвссэн. Би амьсгаа аваад амь авраарай гээд орилоход 2 залуу орж ирсэн, тэгээд салгасан. ...Гар шуунаас татсан, хоолой боосон, толгой дэвссэн. Хурдан болсон зүйл болохоор би тэр хэсэгтээ самгардсан. Толгойноос цус гарсан. ...Томографт 150,000 төгрөг, гэмтлийн эмчийн бичиж өгсөн жороор 58,700 төгрөгөөр эм авсан. Мөн 13,400 төгрөгөөр эм авсан. Хэвлийнод 40,000 төгрөг, толгой цээжний бариа 10 удаагийнх 700,000 төгрөг, унаа такси нэг удаа бариад гэр рүү харих замд зарим тохиолдолд 10,000 төгрөг, зарим тохиолдолд 15,000 төгрөг гарч байсан болохоор 10 удаагийн нааш цааш явсан зардал гэж 150,000 төгрөгөөр бодсон. Ингээд гарсан нийт зарлага 1,112,100 төгрөг байна. Цаашид хамрын талстын мурийлтын эмчилгээнд 14 хоногийн эм 202,400 төгрөг эмчилгээний жор бичигдсэн. Үүнийг дахин 14 хоног үргэлжлүүлэх тул нийт 404,800 төгрөг болно. Дараа дахин хамрын мэс заслын өмнө томографт орно тэр нь өмнөх төлбөртэй адил тул 150,000 төгрөг болно. Мэс засалд орох нь 300,000 төгрөг. Шүдний эмчилгээ ломбо нийлээд 250,000 төгрөг үүнийг Орчлон гэх эмнэлгийн эмч бичиж өгсөн. Нүдний эмчийн бичиж өгсөн 11,600 төгрөгийн эм, эмчилгээ хийлгээд 2 сар ажилдаа явж чадахгүй болохоор 2 сарын цалин болох 3,200,000 төгрөгийн зардал гарах гээд байна. Надад энэ эмчилгээнүүдийг хийх мөнгө төгрөг байхгүй байгаа тул энэ хохирлыг надад учруулсан хүнээр барагдуулмаар байна. Гаргасан зардал, цаашид хийгдэх эмчилгээний хохирлыг барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дугаар хуудас),

Гэрч М.Ариунтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 00 цагийн үед унтах гээд байж байтал эмэгтэй хүн чанга дуугараад байсан. Чанга дуугарах хүн байхгүй дээ гэж хамт байсан хүн болох найз охинтойгоо ярилцаж байсан. Тэгээд байж байтал дахиад орилохоор нь бөөнөөрөө Гантулгын өрөө рүү гүйгээд орсон чинь орны доор шалан дээр нэг эгч орилоод ******* та яах гээд байгаа юм бэ гээд зогсож байсан. Тэгээд харахад тэр эгчийн уруул хавьд цус гарсан байсан. ******* цээж хавьдаа маажуулсан байсан, тэгээд тэр эгч намайг аваач гээд орилоод байсан. Би юун хүн бэ, хэзээ орж ирсэн юм гэсэн чинь танайд орж ирээд 2 цаг болсон гэсэн, согтуу архи үнэртсэн байсан. Би архи оруулж ирсэн хаана байна гээд байсан. Хувцас гутлаа хаалганы ард хийсэн байгаа гэсэн. ******* өрөөнөөс гаргаж ирэхдээ хойноос нь тэврээд гаргасан. Би унтах гээд нүцгэн байсан болохоор өрөө рүү орж хувцсаа өмсөөд гараад ирэхэд гэрээс гараад орцонд орилоод байсан. Би биед нь халдаж байгааг хараагүй. Сүүлд орилохоор нь орсон. Юу гэснийг мэдэхгүй чанга дуу гараад байхаар нь ороход зүгээр л орилоод байсан. Надаас хол бай цаашаа бай гээд байсан. Та гараач ээ гэхээр гарахгүй гээд байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Иргэн Ө.******* нь бусдад зодуулсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас таны биед гэмтэл учруулсан хүн энд байна уу, байвал та заана уу гэж асуухад танигч Ө.******* нь эдгээр хүмүүсийн зургаас намайг зодсон хүн нь нэг дугаартай хүн байна, уг хүнийг нүд, хамар, царайны төрх зэргээр нь би таньж байна гэж Ө.******* зургийг зааж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 88-94 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 1913 дугаартай: “...Ө.*******ын биед тархи доргилт, дагзны хуйханд шарх, доод үүдэн 4 дүгээр шүдний хугарал, зүүн чих, зүүн чамархай, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн нүд, хамар, дээд уруул, баруун шуунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Ө.*******ын биед учирсан тархи доргилт, үүдэн доод 4 дүгээр шүдний хугарал, дагзны хуйхны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн чих, зүүн чамархай, баруун, зүүн бугалгын цус хуралт, зүүн нүд, хамар, дээд уруул, баруун шуунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

Хохирогч Ө.*******ын өөрт учирсан хор уршигтай холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 97-105 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...хүний эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Согтуудаа тухайн хүний нүүр лүү нь 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 171 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 59-74 дүгээр хуудас), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02-03/382 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан бөгөөд шүүх хуульд заасан дээрх хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Ө.*******ын биед халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйханд шарх, доод үүдэн 4 дүгээр шүдний хугарал, зүүн чих, зүүн чамархай, баруун, зүүн бугалгад цус хуралт, зүүн нүд, хамар, дээд уруул, баруун шуунд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ө.*******, гэрч М. нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 1913 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хөнгөн зэргийн хохирлыг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд хохирлын хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Ө.*******ын эрүүл мэндэд учирсан тархи доргилт, үүдэн доод 4 дүгээр шүдний хугарал, дагзны хуйхны шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 1913 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

Хохирогч Ө.*******ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Гантулгын хууль бус үйлдэл болох гараараа цохиж, хөлөөрөө дэвссэнээс үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь бусдын бие махбодод халдвал хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийг цохиж, хөлөөрөө дэвсэж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Гантулгын бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр шинжилгээ өгөх, эмчилгээ хийлгэх, эм авах, шүдний ломбо, толгойгоо бариачаар бариулах, ажилгүй байсан хугацааны орлого, сэтгэцэд учирсан хор уршиг, унаанд зарцуулсан зардал зэрэгт нийтдээ 8,428,500 төгрөг нэхэмжилсэн боловч түүний гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг гэж нэхэмжилсэн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад 962,100 төгрөгийн баримт байх ба шүүгдэгч Б.******* нь хохирогчид 200,000 төгрөг нөхөн төлсөн тул үлдэгдэл 762,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Ө.******* “өвчтэй байсан үеийн 2 сарын орлого 3,200,000 төгрөг, унааны зардал 150,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,000,000 төгрөг” нэхэмжилснийг дараах үндэслэлээр энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна. Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд хохирогч Ө.*******ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хохирогч нь өвчтэй байсан хугацааны орлого, унаанд зарцуулсан зардлаа нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт эдгээртэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй тул шүүх дээрх нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэсэн дүгнэлт гаргасан бол хохирогч “торгох ял оногдуулахыг дэмжихгүй, хариуцлагыг хүндрүүлж өгөхийг хүсэж байна” гэсэн санал гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулаагүй байдал, өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж 2022 онд шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд дүгнэлт хийлгүй дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ас 762,100 (долоон зуун жаран хоёр мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч ын ******* (Регистрийн дугаар: )-т олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******ас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.НЯМДАВАА