Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/409

 

    2021             4            22                                        2021/ДШМ/0409                                

 

 

     Д.Хт холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхбат,

яллагдагч Д.Х,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнхбатын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Д.Хт холбогдох эрүүгийн 1905021420104 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Түмэн овгийн Даржаагийн Х, 1959 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 21-02 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:УХ59030511/,

          Сүхбаатарын районы шүүхийн 1974 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

          Дорнод аймгийн шүүхийн 1978 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

          Цэргийн шүүхийн 1984 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 7 жилийн хорих ялаар,

          Сүхбаатар районы шүүхийн 1988 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 23 хоногийн хорих ялаар,

          Нийслэлийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

          Яллагдагч Д.Х нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” ХХК-ийн агуулахын харуулаар ажиллаж байх үедээ 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө тус компанийн итгэмжлүүлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг завшиж, 427,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос яллагдагч Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж зүйлчилсэн нь гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж шүүх дүгнэлээ. Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдыг өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох ойлголт юм. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд яллагдагч Д.Х нь “Д” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн тухайн компанид харуулахаар ажилладаг гэх албан тоотоор тухайн компанийн агуулахад байгаа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Яллагдагч нь тухайн байгууллагын эд хөрөнгийг харж, хамгаалах үүрэг бүхий этгээд байх ба түүнд аливаа эд хөрөнгийг хариуцсан, зарж борлуулах, ашиглах ямарваа нэгэн эрх, үүрэг байхгүй байхад өөрийн хамгаалж байгаа объектоос нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар эд хөрөнгө авсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгох юм. Яллагдагч Д.Х нь тухайн “Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг өөрт нь итгэмжлэн хариуцуулаагүй байхад өөрийн харж хамгаалж буй газраасаа архи уух зорилгоор шунахайн сэдэлтээр мөнгөгүй байсан тул ачиж зарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнхбат бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэний, 3.1.3-т “Хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо гэж тодорхойлжээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл” зэргийг тусгасан байхыг хууль тогтоогч хуульчлан тодорхойлсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн /хх 38-39/, гэрч Г.Сгийн /хх 21-23/, гэрч Д.Гийн /хх 28-29/, “Дс” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01/141 дугаартай албан бичиг /хх 119/, тус копманийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан Б/29 дугаартай тушаал /хх 120/, харуул Д.Хын цалингийн цэс /хх 121/ зэрэг баримтуудаар яллагдагч Д.Х нь “Дс” ХХК-ийн агуулахын харуулаар 2017 оны 1 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулж, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцан ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаар тогтоогдож байх ба Д.Х нь “Дс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд томилсон тушаал гараагүй бөгөөд зөвхөн тухайн компанид харуулаар ажилладаг гэх албан тоотоор тухайн компанийн агуулахад байгаа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо ижил төсөөтэй байдаг боловч объектив талын шинж болох гэмт санаа, зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан арга, мөн тухайн эд юмс, түүний эрхийг гэмт этгээд ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх, эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагддаг билээ. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн Д.Хт холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хураасан байсан будаанаас нь би авчихсан юм. Өөр хэлэх тайлбаргүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

          Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч Д.Хыг “Дс” ХХК-ийн агуулахын харуулаар ажиллаж байх үедээ 2019 оны 5 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө тус компанийн итгэмжлүүлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг завшиж, 427,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “... яллагдагч Д.Х нь “Дс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнийг ажилд томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн тухайн компанид харуулаар ажилладаг гэх албан тоотоор тухайн компанийн агуулахад байгаа эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. ... яллагдагч Д.Х нь тухайн “Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг өөрт нь итгэмжлэн хариуцуулаагүй байхад өөрийн харж хамгаалж буй газраасаа архи уух зорилгоор шунахайн сэдэлтээр мөнгөгүй байсан тул ачиж зарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодийн болон сэтгэл санаанд хүч хэрэглэн эсэргүүцлийг дарах байдлаар эд хөрөнгө гэмт этгээдийн захиран зарцуулалтад ирдэг. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

 

Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлнэ.

 

Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтан гэж тооцогдоно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Бийн “... орой ажил тарснаас хойш уг агуулахын аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүн хулгайд алдагдах зэргээс хамгаалах зорилгоор харуул ажилладаг юм. Тухайн үед гарч байсан харуул Х өөрөө харж хариуцах ёстой байсан агуулахаасаа будаа авч зарсан. ...” /хх 38-39/, гэрч Г.Сгийн “... Х нь 3 жил орчим ажиллаж байгаа гэсэн ...” /хх 22-23/, гэрч Д.Гийн “... Х гэх эрэгтэй манай компанийн агуулахын харуулаар 2016 оноос хойш ажилладаг байсан ...” /хх 28-29/ гэсэн мэдүүлгүүд, Д.Хын 2016 оны 1 дүгээр сараас хойш “Дс” ХХК-ийн нэр дээр нийгмийн даатгал төлөгдөж байсан гэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 64-65/, “Дс” ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 01/141 дугаартай Д.Хыг тус компанид харуулын албан тушаалд ажиллаж байсныг тодорхойлсон тодорхойлолт /хх 119/, “Дс” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/69 дугаартай Д.Хт сахилгын шийтгэл оногдуулсан тушаал /хх 120/, Д.Хт олгосон цалингийн хүснэгт /хх 121-123/ зэрэг баримтуудаас үзэхэд Д.Х нь “Дс” ХХК-д харуулын ажил үүргийг хэлцлийн үндсэн дээр гүйцэтгэж байсан гэдэг нь нотлогдож байна.

 

Хэдийгээр Д.Хын “Дс” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байх хэдий ч дээр дурдагдсан баримтуудаар Д.Х нь тус компанид харуулын албан тушаалд ажиллаж байсан болох тогтоогдож байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан ”Аварга” нэртэй 24 килограммын савлагаа бүхий 9 шуудай будааг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “нууц, далд арга”-аар гэх шинжийг үгүйсгэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Н.Мөнхбатын бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 458 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Хт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх хүртэл Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                     Б.Б