| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/173 |
| Огноо | 2025-05-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/173
2025 05 26 2025/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Б.Г*********,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******ын М**********д холбогдох эрүүгийн 25380********* дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тариалан сумын төв “Х******” гэх газарт иргэн Б.Г*********тэй маргалдаж, улмаар хутгаар хутгалж нуруу, хэвлийн зүүн талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 25380********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Тариалан сумын төв х******т байх Д*****гийн түрээсэлдэг гэрт Г*********тэй хамт архи уусан, архи ууж дуусаад Г*********тэй маргалдсаны улмаас мах янзалдаг байсан хутгаар Г*********ийн нуруу хэсэгт нэг удаа хутгалсан... Миний буруу...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Г*********ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө Тариалан сумын төвд х******т толгой шийр хуйхалдаг гэрт найз М********** бид хоёр 2,5 литрийн пиво, 0,75 литрийн хараа нэртэй архи нэгийг уугаад би нэлээд согтсон байсан. Нэг мэдэхэд хутгалуулсан байсан. Би хутгалуулаад гараад зугтаасан юм шиг байгаа юм. Х******т байх улаан худгийн тэнд ухаан орсон. Тэгээд гэртээ очоод эмнэлэг дуудсан. ...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Д*****рагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би хоол хийж байтал Г*********, М********** хоёр гэрийн зүүн талын орон дээр суусан юм ярьж байсан. Удалгүй маргалдсан юм уу гэмээр чанга дугаралцаад байсан. Удалгүй пид, пад гэх чимээ гарахаар нь эргээд хартал Г********* орон дээр унасан, М********** гартаа хутга барьсан зогсож байсан. Би тэгээд М********ийн хутгыг булааж авсан, Г********* гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.А*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хохирогч Б.Г********* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 40,516 төгрөгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулан авсан байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-8-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай: “...1. Б.Г*********ийн биед нуруу, хэвлийн зүүн талд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Б.Г*********ийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-р хуудас),
ЭМДЕГ-ын цахим системийн лавлагаа (хх-ийн 58-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38-р хуудас), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 37-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 39-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 40-р хуудас), Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 42-46-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 25380********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тариалан сумын төв “Х******” гэх газарт иргэн Б.Г*********тэй маргалдаж, улмаар хутгаар хутгалж нуруу, хэвлийн зүүн талд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Г*********ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Д*****рагчаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 62-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас), хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-8-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-р хуудас), ЭМДЕГ-ын цахим системийн лавлагаа (хх-ийн 58-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Г*********ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь хохирогч Б.Г*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна. Хохирогч Б.Г********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин иргэний нэхэмжлэгч Г.А***** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 40,516 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Г*********өд 40,516 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 58-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч *****************эс 40,516 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *****************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14,4 см, нийт 26 см урттай бор өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгалаа.
Эрүүгийн 25380********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш******** овогт Д*******ын М********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д*******ын М********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 25380********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 14,4 см, нийт 26 см урттай бор өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 25380********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР