2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1159

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        5          01                                       2025/ШЦТ/1159

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч П.Болормаа,

хохирогч Д.Ц,

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн “2411 01447 1219” дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж.О /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод хохирогч Д.Цтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар төмөр шинжтэй аяга шидэж, нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь зүүн талын хацар ясны нум, зүүн талын хоншоорын хөндийн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц: “...эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ” гэх агуулга бүхий мэдүүлэг өгөв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

            - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9 дэх тал/,

             - Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

             - Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

             - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6974 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

             - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 445 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,

- Шүүгдэгч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Ж.О нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод хохирогч Д.Цтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар төмөр шинжтэй аяга шидэж, нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь зүүн талын хацар ясны нум, зүүн талын хоншоорын хөндийн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

          - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9 дэх тал/,

          - Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Нарантуул-2 зах дээр худалдан авалт хийж байгаад өөрийн таньдаг эгч болох ...гийн гэрт нь буюу Чингэлтэй дүүргийн ...тоотод би гэртээ харих замаараа орсон юм. Намайг ... эгчийн гэрт нь орох үед гэр дотор нь ... эгч болон нөхөр ... нь байсан юм. Би тэдний гэрт тэр хоёр хөгшинтэй юм яриад сууж байтал гэрийнх нь гаднаас ... эгчийн төрсөн дүү болох ... архи уучихсан согтуу байдалтай орж ирсэн. Тэрний дараа гэрийнх нь гаднаас ...ы төрсөн хүүхэд болох Ж.О бас согтуу орж ирж байсан юм. Ж.О гаднаас орж ирээд нөгөө өрөөнд ороод суусан ба би гэрийнх нь наад талын гал тогооны өрөөнд ... эгчтэй байж байсан юм. ... эгч тэр үед хоол хийх гээд гурил хэрчинэ гээд явж байхдаа бүдэрч унах гэхээр нь би ... эгчийг таягтайгаа яваач гэж хэлтэл цаад талын өрөөнд байсан Ж.О тэрийг сонсоод буруу ойлгоод цаад өрөөнөөс наад талын өрөөнд орж ирээд, намайг "Чи манай эгчийг юу гээд байгаа юм, чи ийм болгоо биз дээ” гээд архины согтуудаа солиорч намайг элдэв янзаар хэлж байгаад надтай маргалдаад намайг гэрээс хөөсөн ба тэрний дараагаар өөрийнхөө ууж байсан төмөр сэнжтэй аяга над руу шидээд, миний зүүн нүд хэсэгт оносон ба миний зүүн нүд хэсгээс цус гарч эхэлсэн юм. Би тэрний дараа цагдаа дуудсан ба Ж.О гэрээс нь гараад зугтаагаад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

          - Гэрч А....гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би ... тоот хаягт гэртээ ганцаараа байсан чинь Д.Ц гаднаас орж ирээд сууж байсан. Удалгүй Ж.О гэх манай төрсөн дүүгийн хүүхэд болох залуу гаднаас орж ирээд, согтуурсан бололтой байснаа гэнэт Д.Цтэй шалтгаангүй маргаж, хэрүүл өдөөд тэгснээ удалгүй ширээн дээр өмнө нь байсан төмөр аягаа Д.Ц рүү аваад шидчихсэн. Удалгүй Д.Цийн нүд хэсгээс нь цус гараад эхэлсэн. Тэгээд тэр үед Ж.О гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

          - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6974 дугаартай: “...Д.Цийн биед зүүн талын хацар ясны нум, зүүн талын хоншоорын хөндийн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зараг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-30 дахь тал/,

          - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 445 дугаартай "...Д.Цийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй байна. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлөх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 94-96 дахь тал/,

           - Шүүгдэгч Ж.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Д.Ц гэх эгчийн биед 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр халдаж аягаар цохисон нь үнэн. Өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.О хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч Ж.О нь хохиогч Д.Цтэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар төмөр шинжтэй аяга шидэж, нүүрэн тус газар нь онож эрүүл мэндэд нь зүүн талын хацар ясны нум, зүүн талын хоншоорын хөндийн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, завжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Д.Цийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ж.Оийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

            Иймд шүүгдэгч Ж.Оийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргав.

Шүүгдэгч Ж.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл буюу хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар биеэ зөв зохистой авч яваагүй байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Ж.Оийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 150,000 төгрөг /хавтаст хэргийн 39 дэх тал/ нэхэмжилснийг шүүгдэгч Ж.О төлж барагдуулаагүй байна.

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд уг хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж, уг хуультай холбоотойгоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд “Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах”-аар нэмэлт оруулсан.

Дээрх гэмт хэрэг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн ба Үндэсний хорооноос улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөг” болгож нэмэгдүүлэхээр тогтоосон байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэлд тогтоосон байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3,300,000 төгрөгөөр тогтоов.

Иймд шүүгдэгч Ж.Оаас 3,450,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цт олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.О /РД:/-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан 300 цаг /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Оаас 3,450,000 /гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн ...тоотод оршин суух, Д.Ц /РД:/-т олгуулж, 1 /нэг/ жилийн хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ