2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1158

 

 

 

 

 

 

 

 

 

   2025        5          06                                       2025/ШЦТ/1158

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Ж.Энхбат /томилолтоор/,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн “2509 00000 0408” дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Н /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...гэх караокед байгууллагын эмэгтэйчүүдийн хамтаар баяр тэмдэглэж байх үедээ хохирогч Б.Сэтэй хувийн таарамжгүй харилцаа буюу ажил дээр таарч тохирдоггүйгээс шалтгаалан маргалдаж улмаар цохиж зодон тархи доргилт, зүүн чамархай, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд няцарсан шарх, зүүн завж, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3916 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... гэх караокед байгууллагын эмэгтэйчүүдийн хамтаар баяр тэмдэглэж байх үедээ хохирогч Б.Сэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохиж зодон тархи доргилт, зүүн чамархай, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд няцарсан шарх, зүүн завж, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

- Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд бид нар тухайн газраас гарах гэж байхад А эгч Нэ эгчтэй хэрэлдээд цаанаас нь Б.Н эгч гарч ирээд А эгчийг хамт үсдсэн. Тэгээд В очиж салгах гэж байх үед Нийн найз С, Д, М, Б.Н нар Выг үсдээд Д нь Вын дух руу өшиглөөд байсан. Тухайн хажуу талд байрлах сандал дээр сууж байх үедээ харсан. Тэгээд В А эгч 2 гарахад Нэ, Б.Н 2 над дээр ирээд миний толгой хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон. Тэгээд миний эрүү хэсэгт гэнэт нэг нь цохиод миний хөл рүү өшиглөөд байсан. Тэгээд би гараад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Миний бие 2024 оны 3 дугаар сарын 17-ны оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэх нэртэй газарт манай байгууллагын 30 ажилтан марта 8-наа тэмдэглээд байж байх үед бүгд хоорондоо үл ойлголцол болоод маргаан үүсээд зодоон болсон. Тэгээд хоорондоо ойлголцоод болиод бүгд сууж байх үед В гэх эмэгтэй миний хамар луу 1 удаа цохисон. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3916 дугаартай “...Б.Сийн биед тархи доргилт, зүүн чамархай, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд няцарсан шарх, зүүн завж, зүүн бугалга, хоёр гуянд цусхуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Б.Сийн толгой хэсэг рүү 1 удаа цохиод шилбэ хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ... нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Сэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар цохиж зодон тархи доргилт, зүүн чамархай, эрүүнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд няцарсан шарх, зүүн завж, зүүн бугалга, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Сийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Нийн идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Б.Нийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Сэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Н /РД:/-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролд төлөх төлбөргүй ба хохирогч Б.Сэ нь гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ