Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

    2025         04        14                                    2025/ШЦТ/245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

Улсын яллагч Ж.Баянжаргал,

Шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Г.Батбаяр /ҮД:1596/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Пд холбогдох 2510 00000 0371 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19........ оны 11 сарын .......-ны өдөр............ аймагт төрсөн, эмэгтэй, ............настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэртэй, ам бүл 4, охин, зээ нарын хамт ............ дүүргийн ........ хороо, ........... хороолол, ......... дугаар байрны ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ДП /РД:............../.

Хэргийн товч агуулга:

Д.П нь 2025 оны 0........... дугаар сарын..........-ны өдөр ............. банк дахь ................тоот дансны картыг нууцаар, хууль бусаар ашиглан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байлах Нарантуул худалдааны төвөөс эхлэн сүүлд ......... дүүргийн ...............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвүүдээс 12 удаагийн үйлдлээр эд зүйлс худалдан авч тус картаар төлбөрийг төлж нийт 317,552 төгрөгийг авч хулгайлан ..................317.552 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.П нь 2025 оны 0........... дугаар сарын..........-ны өдөр ............. банк дахь ................тоот дансны картыг нууцаар, хууль бусаар ашиглан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байлах Нарантуул худалдааны төвөөс эхлэн сүүлд ......... дүүргийн ...............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний төвүүдээс 12 удаагийн үйлдлээр эд зүйлс худалдан авч тус картаар төлбөрийг төлж нийт 317,552 төгрөгийг авч хулгайлан ..................317.552 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.01-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.07/,

Хохирогч Д..........н Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх.11-12/,

Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.13-14/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.15-17/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ц....... өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт манай 2 зээ маань ирээд миний банкны картыг авч дэлгүүр гарч юм авчхаад надад карт өгсөн юм. Надад карт өгсөн гэдгийг би сайн санаж байна. Харин картаа аваад ил тавихдаа 4 настай зээгийн ойрхон тавьсан байсан юм. Тэгээд дараа нь гэрээс хайгаад олохгүй болохоор нь хүүхдүүд нэг газарт хийсэн байна гээд картаа хаалгахгүй явж байгаад өчигдөр буюу 02 сарын 22-ны орой дансны хуулгаа хараад мэдсэн юм. Тэгтэл миний .............тоот данснаас картын гүйлгээгээр нийт 317,000 төгрөг гарсан байсан. Тухайн гүйлгээ нь 2025 оны 02 сарын 22-ны өдрийн 10 цаг 56 минутаас эхлээд уншигдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.33-34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Пын яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2510000000371 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Энэхүү тогтоолтой холбоотой санал хүсэлт, гомдол байхгүй. Би өөрийн хийсэн үйлдпийг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. Үнэхээр би өөрийн буруугаа хэдэн өдөр бодож ойлгосон, ийм тэнэг үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна.

Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад Нарантуул зах руу очиж үйлчлүүлсэн юм. Тухайн үед бол ер нь цагаан сардаа ашиглах зүйлс авах санаатай явсан. Тэгээд тэндээс бараа аваад явж байх үедээ халаасаа шалгахад миний халаасанд 2 ширхэг ХААН банкны ногоон өнгөтэй карт байсан юм. Тэр хоёр картны нэг нь миний карт, харин нөгөөх нь Цэцгээ гэх хүний ХААН банкны карт байсан юм. Тэгээд би тухайн картыг аваад гэр лүүгээ явсан.

Ингээд би гэртээ хариад тухайн өдрөө буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Цэнгэлдэх супермаркетад тухайн Цэцгээ гэх хүний ХААН банкны картаар 10,000 төгрөгийн гүйлгээ хийж, өөрийн картаар үлдэгдэл 120,000 орчим төгрөгийн худалдан авалтын гүйлгээг хийсэн юм. Дараа нь орой КФС хоолны газраас 70,000 орчим төгрөгийн худалдан азалт хийсэн, төв цэнгэлдэх хүрээлэнгийн пиццаны газраас 38,000 төгрөгний худалдан авалт хийсэн гэх мэтээр олон удаа ашигласан юм. Тэр картаар гүйлгээ хийсэн тухай бүрийн гүйлгээ болон нийт гүйлгээний үнийн дүнг сайн хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар мөн 15,000 төгрөгөөр бүс, 10,000 төгрөгөөр аяга, 8,000 төгрөгөөр дотоож, 13,000 төгрөгөөр чихэр, 58,000 төгрөгөөр ааруул, 10,000 төгрөгөөр ундаа, 15,000 төгрөгөөр булган үс 1 метрийг гэх мэт авсан юм...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.37-44/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.49/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт /хх.51/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.54-55/,

Хохирогчид 318.000 төгрөг нөхөн төлсөн тухай дансны хуулга /хх.58/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.59-60/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

Шүүгдэгч Д.П хохирогчид 318,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй гэх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Пд 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Пд хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ДПыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.Пд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширхгийг хавтаст хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР