| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/0925/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1156 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1156
2025 5 06 2025/ШЦТ/1156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Э.Мөнхболд,
хохирогч Б.Тийн өмгөөлөгч Э.Торгой,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2409 00000 2152 дугаартай хэргийг 2025 оны 4 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Д /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоот өөрийн ажлын өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтгаалан маргаан үүсгэж боксын бээлий өмссөн гараараа хохирогч Б.Тийн толгой, нүүрэн тус газарт цохиж, зодон түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон хугарал, дух, зүүн чамархай, зүүн зовхи, хацар, шанаа, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хүзүү, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д: “...Үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн зардлыг бүгдийн төлж барагдуулсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас яллах болон цагаатгах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-31 дэх тал/,
- Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
- Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
- Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
- Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
- Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
- Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 108-114 дэх тал/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 192, 194 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоот өөрийн ажлын өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтгаалан маргаан үүсгэж боксын бээлий өмссөн гараараа хохирогч Б.Тийн толгой, нүүрэн тус газарт цохиж, зодон түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон хугарал, дух, зүүн чамархай, зүүн зовхи, хацар, шанаа, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хүзүү, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-31 дэх тал/,
- Хохирогч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...18 цаг өнгөрөөд буцаж Ерөнхий газрын даргын өрөөнд орсон. Тэгэхэд дарга эхнэрийн хамт байсан. Манай эхнэр Б.Х бас орж ирсэн. .. эхнэр нь нэлээд согтсон манай эхнэр лүү агсраад байсан. Тэгэхээр нь би түүнд ганц хоёр үг хэлсэн. Тэгтэл дарга арын өрөөндөө ороод боксын бээлий өмсөж гарч ирээд миний шанаа тус газарт цохисон. Түүнээс хойш бол ямар нэгэн мэдрэлгүй болсон. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн тариа хийлгэсэн байсан. Манай эхнэрийг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан тэр хүн өөрөө их согтуу байсан. Би урд өмнө нь зүгээр ажлын шугамаар харьцдаг байсан. Бид хоёрын дунд хувийн болон ажлын ямар нэгэн өс хонзон маргаан байхгүй. Зүүн шанаад хоёр цохисон түүнээс хойш юу ч санахгүй байна. Тэгээд ухаан алдсан юм шиг байгаа юм. Одоогийн байдлаар хацрын яс хугарсан зулай цуурсан гэсэн оноштой байна. Би түүнийг бол огт хараагүй ямар ч байсан бээлий өмссөн байсан. Мөн аль гараараа цохисон талаар санахгүй байна. Маш хурдан болсон. Өөр хүн байхгүй байсан, намайг ухаан алдсан байхад дээрээс зодоод байсан гэсэн. Манай эхнэр чамайг би салгаагүй бол алах байсан гэж хэлж байсан. Миний биеийн аль нэг хэсгээс цус гараагүй битүү зодсон байсан. Манай хэлтэс аваргын төлөө тоглох гэж байсан. Би тоглох байсан болохоор тийм их согтолттой бол байгаагүй. Харин зодуулаад ухаан алдсан байсан. Тэр хоёр нэлээд согтолттой байсан, эхнэр нь бол бүр их согтуу байсан, дарга харин арай гайгүй байсан. Би түүний биед халдсан зүйл байхгүй, тэгээд ч түүнийг би эхэлж хэзээ ч цохихгүй. Эмчилгээнээс шалтгаална одоогоор бол надад нэхэмжлэх зүйл алга байна хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
- Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай нөхөр Б.Тэ 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт намайг тамирын хувцас аваад ир гэж дуудсан. Тэгээд би 18 цагийн орчим очоод хувцсыг өгөх гэхэд нөхөр "даргын өрөөнд ороод ир” гэж 6 давхарт дуудаж би ороход манай нөхөр түүний дарга Д.Д эхнэр гэх хүний хамт согтуу өрөөндөө сууж байсан. Тэгээд Д.Ды эхнэр над руу агсам тавиад байхаар нь би нөхрөө гаръя гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр даргатайгаа муудалцаад эхэлсэн. Тэгээд бие биеэ заамдаад манай нөхрийг Д.Д түлхэж унагаад дээр нь гараад зүүн талын шанаа хэсэг рүү боксын хар бээлийгээр арав гаруй удаа цохисон, хэвлий рүү 2-3 удаа өшиглөсөн, тэгээд манай нөхөр босож чадахгүй ухаангүй хэвтээд өгсөн. Би доороос У бас нэг залуугийн хамт дуудаад өрөөнөөс нь өргөж аваад амрах өрөөнд оруулаад гарыг нь цусыг нь угаасан, дахиад би С гэдэг ахлахыг нь дуудаад нөхрийг 2 талаас нь дамжлаад машинд суугаад Түлэнхийн төв ороод дараа нь гэмтэл дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
- Гэрч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тэгсэн чинь 18:37 минутад дарга над руу залгахаар нь аваад ярихад даргын эхнэр утсаар нь над руу залгаад "та хаана байна, бид хоёр 6 давхарт байна, та хүрээд ирээч" гэж хэлэхээр нь би хамт ажилладаг Гг дагуулаад дээшээ 6 давхар луу гарахад 6 давхрын коридор гэрэлгүй харанхуй дарга эхнэртэйгээ цуг зогсож байсан. Эхнэр нь бид 2-т "дарга чинь манай нөхрийг зодчихлоо" гэж хэлсэн, тэгээд улсын ахлах бүртгэгч Санжааг дуудаад даргыг в давхарт байдаг амралтын өрөө рүү оруулсан. Тэгээд гэрлийг нь асаагаад харсан чинь даргын нүүрний зүүн талын шанаа, хацар, уруул хэсэг нь хавдартай, чих болон санчигны үсний тэр хавиар хүрэн улаан өнгийн цус хуралттай байсан. Тэгээд хэн гэдгийг нь мэдэхгүй байна, нойтон салфетка гаргаж өгөхөөр нь нүүрэн дээр нь жин тавьж өгсөн. Тухайн үед даргын биеийн байдал нь манаралттай, толгойгоо даахгүй хойшоо саваад байсан. Тэгээд хувцсыг нь олоод ир гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь өмсүүлээд Санжаа, Галмандах, даргын эхнэр бид 4 гадагшаа гаргаж даргын өөрийнх нь машинд суулгаж өгсөн. Тэр үед дарга толгой толгой гээд байсан. Тэгээд эхнэр нь машиныг нь бариад явсан. С, Г бид 3 буцаад тэмцээндээ орсон. Тэгээд даргын утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд ажлын охин Баар эхнэр луу нь залгаж хаана байгааг нь асуухад 25-р эмийн сангийн тэнд явж байна гэж хэлсэн. Тэгээд нэлээн байж байгаад гэмтлийн эмнэлэгт үзүүлж байна гэж хэлсэн байсан. Зүүн талын шанаа, хацар, чих, уруул нь хавдартай, чих хэсэг нь цус хуралттай юм шиг, зүүн гарын долоовор хуруун дээрээ маажуулаад цус гарч байсан. Толгойгоо даахгүй хойшоо шидээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
- Гэрч Г.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тэмцээн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ... спорт зааланд болсон. Тэмцээндээ оролцоод байж байхад дарга Б.Тэ 11 цагийн үед ирсэн. Тэгээд тоглоод бужигнаад нээх их таараагүй. Тэгээд орой 18 цаг 50 минутын үед хамт ажилладаг Г над руу залгаад дээшээ 6 давхарт амралтын өрөөнд ороод ир гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад зүгээрээ дарга энд баларсан байна" гэж хэлэхээр нь дээшээ орсон чинь Б.Тэ даргын эхнэр, манай тасгийн дарга У, улсын бүртгэгч Г, Б.Тэ даргын эхнэр 4 хамт байсан. ... нэлээн согтсон байдалтай сандал дээр сууж байхаар нь У даргаас яасан юм гэж асуухад Д.Д дарга, Т даргыг чинь цохьчихлоо, хар гэж хэлэхээр нь харахад зүүн хацар нь хавдсан, ягаан туяа орчихсон бондойсон байсан. Тэгээд одоо яах уу гэж байгаад харихаар болоод Г бид 2 суганаас нь өргөж гадаа машинд суулгаад эхнэр нь аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
- Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай Нийслэлийн улсын бүртгэлийн тэмцээн болсон уг тэмцээн нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын зааланд болсон тэмцээн дээр байсан. Манай Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн ахлах У намайг 18 цаг 40 минутын орчим надад хэлтсийн даргын эхнэр нь залгаад “манай нөхөр Б.Тэ Ерөнхий газрын даргын өрөөнд орчхоод гарч ирэхгүй байна, үүдэнд нь хүлээгээд зогсож байна” гэж утсаар ярьж байна, хоёулаа хамт очъё гээд бид хоёр хамт 6 дугаар давхарт гарсан. Гэтэл манай хэлтсийн дарга эхнэрийн хамт цахилгаан шатны үүдэнд харанхуй газарт зогсож байсан. Тэгэхээр нь гэрэл тусгаад хартал манай дарга Б.Тийн нүүр нь хавдсан байсан. Эхнэр нь гадуураа нэг саарал пальто өмссөн байх ёстой гээд би түүний гадуур хувцсыг олохоор буцаад тэмцээн болж байсан 5 дугаар давхар луу буусан. Тэгээд гадуур хувцсыг нь олоод буцаад 6 дугаар давхарт гарахад Б.Тийг амралтын өрөөнд оруулж суулгасан байсан. Тэгээд би гаргаж машинд нь суулгах гээд С гэж манай Улсын бүртгэлийн ахлах бүртгэгч рүү утсаар нь залгаад 6 давхарт гараад ир хэлтсийн даргыг машинд нь суулгаж өгье гэж утсаар дуудсан. Тэгээд Санжаа бид хоёр хамтдаа 6 давхраас буулгаж гадаа машинд нь суулгаад эхнэрт нь өгөөд явуулсан. Өөрөө бол ямар нэгэн зүйл хэлээгүй, жоохон манарсан байдалтай байсан. Эхнэр нь ... боксын бээлий өмсөж байгаад зодсон гэж хэлж байсан. Нүүр амнаас нь бол цус гарсан зүйл харагдаагүй, харин нүүр нь зүүн шанаа хэсэгтээ хавдсан зүүн гарын долоовор хуруу болон чигчий хуруу нь хөхөрсөн харагдаж байсан. Хөл дээрээ сайн явж чадахгүй хөлөө чирээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
- Гэрч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Би Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдүгээр байрны харуулын цагдаагаар 2024 оны 11 дүгээр сарын 09-ний 09:00 цагаас 2024 оны 11 дүгээр сарын 10-ны 09:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр ээлж хүлээж авахад Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 3x3, гар бөмбөг, сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 5 давхрын спорт зааланд болж тэмцээнд оролцож байсан ажилчид орж гарч байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Д нь 15:00-16:00 цагийн хооронд эхнэрийн хамт ирж спорт заал руу орсон. Орохдоо ямар нэгэн зүйл бариагүй орсон. Улсын бүртгэлийн газрын даргын албан өөрөө болох 601 тоот нь камерын хяналт байхгүй. Д.Д дарга өрөөнөөсөө 21:50 цагаас 22:00 цагийн хооронд гарахдаа бага зэрэг архи уусан шинжтэй царай нь өөр болчихсон байсан. Б.Тэ дарга С болон өөр нэг залуу, нэг эмэгтэйн хамт байгууллагаас 18:40-19:00 цагийн хооронд хоёр талдаа сугадуулаад гарч явсан. Би цагдаагийн өрөөндөө сууж байсан учир араас нь гарч байгааг нь харсан. Манай цагдаагийн өрөөнд хяналтын камерыг хянах дэлгэц байдаггүй, үүд хэсгийн хөдөлгөөнийг нүдээр харж хяналт тавьж ажилласан. Би зодоон болсон талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер дэслэгч Бс мэдсэн. Хоёр талаасаа хоёр хүнээр сугадуулсан байгааг араас нь харсан, ухаантай байсан эсэхийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,
- Гэрч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин мэдүүлсэн: “...Д.Д дарга зодоон маргаан болохоос өмнө хар өнгийн боксын бээлий өмссөн байсан. Тэгээд манай нөхөртэй заамдалцаж аваад түүний толгой руу 2 удаа цохисон. Гэтэл манай нөхөр газарт унасан. Д.Д манай нөхөр дээр сууж байгаад толгойн зүүн хэсэг рүү нэлээд олон удаа цохисон. Би түүнийг яг хэд цохисон гэдгийг бол тоолоогүй. Ямар ч байсан нэлээн хэд цохисон. Манай нөхөр бол ухаан алдсан ямар нэгэн хамгаалалт хийхгүй байсан. Би арай гэж түүний толгой хэсгийг хамгаалаад босгосон. Гэтэл Д.Д босохдоо бас зүгээр босохгүй гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд “яг одоо манай өрөөнөөс гар, тэгэхгүй бол би нэгдэх өдөр ажлаас чинь халах тушаалыг чинь гаргана шүү” гээд орилоод байсан. Манай нөхрийн утас газарт унасан байхаар нь утсыг нь автал манай нөхрийн ажлын ахлах гэх эмэгтэй Уянгаа залгасан байхаар нь эргүүлж залгаад дээшээ гараад ирээч гэж хэлсэн тухайн үед манай нөхөр газраас босохгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэгт дээгүүрээ бараан өнгийн хувцастай доогуураа цайвар өнгийн шорт өмссөн хоёр эрэгтэй хүн мөн бараан өнгийн хувцастай хүнийг дундаа оруулсан хоёр гарыг нь хүзүүгээрээ оруулж тохсон байдалтай авч явах ба уг хүн нь өөрийн хөлөөрөө явж чадахгүй дүүжлэгдсэн байдалтай гарч явж байгаа бичлэг байв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын: “...Б.Тийн биед хийгдсэн 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн толгойн НТГ шинжилгээг дахин шинжилгээ хийн дүрс оношилгооны эмчээр сиди-г уншуулахад өмнөх эмчилгээний гсетийн зэрэгт дурдагдсан зүйл зулайн ясыг хугарал гэмтэл гэж тогтоогдоогүй, бусад хацар ясны хугарал болон зөөлөн эдүүдэд учирсан гэмтлүүдэд хохирлын зэрэг тогтоож гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон. /Хацар ясны хугарал нь хүндэвтэр, бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна/...Бид хоёр НТГ-н бусад гэмтэл согог судлалын үндэсний төв болон өвчний түүхэнд авагдсан толгойн томографт авагдсан холбогдох баримт бичигт танилцаж дүгнэлтийг торгосон байсан дахин хийсэн шинжилгээний дүгнэлтэд сиди ирүүлснийг шинжлэхэд зүүн зулай ясны эдийн харуулалт бүтцийн өөрчлөлттэй байсан нь хугарал гэмтэлтэй андуурагдсан байх боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-102 дахь тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн: “...Б.Тийн биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, дух, зүүн чамархай, зүүн зовхи, хацар, шанаа, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хүзүү, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-114 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдаг.
Шүүгдэгч Д.Д нь үл ялих зүйлээр шалтгаалан маргаан үүсгэж боксын бээлий өмссөн гараараа хохирогч Б.Тийн толгой, нүүрэн тус газарт цохиж, зодон түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон хугарал, дух, зүүн чамархай, зүүн зовхи, хацар, шанаа, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хүзүү, баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч Б.Тийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Д.Ды идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” саналыг,
Хохирогчийн өмгөөлөгч Э.Торгойн зүгээс “...Тусгайлан гаргах саналгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаярын зүгээс “...улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна. Д.Д өөрийн үйлдлийн учир холбогдлыг сайн ойлгож байгаа. Маргах зүйл байхгүй.” гэх саналыг тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөэ төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын албан тушаал хашиж байхдаа, ...тоот өөрийн ажлын өрөөндөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тухайн гэмт хэргийг үйлджээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга нь нийтийн албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч мөн тул Төрийн албаны тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөх үүрэг бүхий этгээд байтал холбогдох хэм хэмжээг зөрчиж, ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Д.Ды үйлдсэн гэмт хэргийн шинж түүний хувийн байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг оногдуулж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Б.Тэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгч Д.Д нь хохирогчид 45,000,000 төгрөгийг төлж барагдуулсныг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д /РД:/-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ды нийтийн албанд ажиллах эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Хохирогч Б.Тийн цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг сиди-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ