| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2022/01877/И |
| Дугаар | 183/ШШ2022/02020 |
| Огноо | 2022-06-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/02020
| 2022 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 183/ШШ2022/02020 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М ” ХХК-д холбогдох,
Хариуцагч: А-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 213.647.082 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,
Хариуцагч “М ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.
(Шүүхээс хариуцагч Б.А хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ” ХХК нь “М ” ХХК, Б.А нарт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 213.647.082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засварын үйл ажиллагаа явуулдаг “М ” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар “Гэрээ байгуулах итгэмжлэл олгох тухай” албан бичгийг манай компанид ирүүлж, Увс аймгийн Улаангом сумын 01 дүгээр багт 2.8 км хатуу хучилттай автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан талаараа дурдаж, уг ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах “Шатахуун, тос тосолгооны материал”-ыг зээлээр нийлүүлэх гэрээ хийх эрхийг Б.А т олгосон байсан. Дээрх гэрээ байгуулах эрхийг Б.А т олгосон албан бичиг /итгэмжлэл/-ийг үндэслэж “Х ” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2019/003/А дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г “М ” ХХК-тай байгуулж, 2019 онд нийт 44.007.378 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал зээлээр нийлүүлж тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулан. Төлбөр төлөх үүргээ “М ” ХХК биелүүлэхгүй байсан ба төлбөр төлөхийг шаардахад 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ирж уулзан, өмнөх өр төлбөр болох 44.007.378 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, дахин шатахуун, тос тосолгооны материал зээлээр худалдан авах хүсэлт гаргасан. Ингээд нэмж зээлээр шатахуун олгосон бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 142.431.388 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал зээлдүүлсэн. “М ” ХХК нь төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлсэн, Б.А нь ирж уулзан, төлбөр тооцоог төлнө гэж баталгаажуулсан байдаг. Ер нь “М ” ХХК-ийг төлөөлөн Б.А нь бид нартай уулзаж, шатахууныг хүлээн авдаг байсан. Иймд гэрээний дагуу зээлээр нийлүүлсэн барааны үнэ 142.431.388 төгрөг, гэрээний 2.4-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 517 хоногийн алдангид 73.637.027 төгрөг, нийт 213.647.082 төгрөгийг “М ” ХХК болон Б.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “М ” ХХК хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “М ” ХХК нь Б.А ын хамт 2019 оны 4 дүгээр сард Увс аймаг, Улаангом сумын 2.8 км хатуу хучилттай авто замын барилга угсралтын тендерт холбогдох тооцоолол, баталгааг гаргасны үндсэн дээр тус ажлыг чанартай хийж гүйцэтгэж чадна гэж санал гаргасны дагуу Б.А ын авто замын мэргэжлийн хүний хувьд өөрсдөө тооцооллоо хийж тендерт бэлдсэний үндсэн дээр холбогдох бүх хариуцлагыг бие даан шийдвэрлэх зэрэг нөхцөлийг нь хүлээн авч тендерт шалгарсан. М ” ХХК нь “Х ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ 2 компанийн хооронд дансаар болон бэлнээр ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. “Х ” ХХК, Б.А нарын хооронд хийсэн шатахуун нийлүүлэх гэрээд “М ” ХХК-ийн захирал Ц.Г ийн гарын үсэг байхгүй, мөн шатахуун хүлээж авсан болон тооцоо нийлсэн акт гэсэн бичиг баримтад миний гарын үсэг зурагдаагүй. Иймд хариуцагч “М ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/003/A дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлт гаргах тухай, “М ” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл авсан шатахууны тооцоо, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар Прокурорын тогтоол гэсэн баримтуудыг, хариуцагчаас 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Аймгийн төвийн хатуу хучилттай автозам, 2.8 км хүртэл ажил гүйцэтгэх гэрээ, Зарлагын баримт, Дансны хуулга, Төлбөрийн баримт, “Танил санаа” ХХК-ийн Гүйцэтгэлийн тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 213.647.082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “М ” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар “Гэрээ байгуулах итгэмжлэл олгох тухай” албан бичгийг манай компанид ирүүлж, уг итгэмжлэлийн дагуу Б.А тай “Х ” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2019/003/А дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулж, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 142.431.388 төгрөгийн шатахуун, тос тосолгооны материал зээлээр нийлүүлсэн. “М ” ХХК нь төлбөрөө төлөөгүй тул тооцоо нийлж, Б.А нь ирж уулзан, төлбөр тооцоог төлнө гэж баталгаажуулсан байдаг. Ер нь “М ” ХХК-ийг төлөөлөн Б.А нь бид нартай уулзаж, шатахууныг хүлээн авдаг байсан. Иймд гэрээний дагуу зээлээр нийлүүлсэн барааны үнэ 142.431.388 төгрөг, гэрээний 2.4-т зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 517 хоногийн алдангид 73.637.027 төгрөг, нийт 213.647.082 төгрөгийг “М ” ХХК болон Б.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч “М ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М ” ХХК нь “Х ” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, энэ 2 компанийн хооронд дансаар болон бэлнээр ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. “Х ” ХХК, Б.А нарын хооронд хийсэн шатахуун нийлүүлэх гэрээд “М ” ХХК-ийн захирал Ц.Г ийн гарын үсэг байхгүй, мөн шатахуун хүлээж авсан болон тооцоо нийлсэн акт гэсэн бичиг баримтад миний гарын үсэг зурагдаагүй. Иймд хариуцагч “М ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Шүүхээс хариуцагч Б.А т нэхэмжлэлийн хувийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Б.А ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно. Мөн шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/003/A дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”, 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хүсэлт гаргах тухай, “М ” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл авсан шатахууны тооцоо, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, “М ” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл авсан шатахууны тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нэхэмжлэх, Увс аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 52 дугаар Прокурорын тогтоол, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Аймгийн төвийн хатуу хучилттай автозам, 2.8 км хүртэл ажил гүйцэтгэх гэрээ, Зарлагын баримт, Дансны хуулга, Төлбөрийн баримт, “Танил санаа” ХХК-ийн Гүйцэтгэлийн тухай гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. “М ” ХХК-ийн захирал Ц.Г ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар “Гэрээ байгуулах итгэмжлэл олгох тухай” албан бичигт “Манай компани нь Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багт 2.8 км хатуу хучилттай автозамын ажлыг хийж гүйцэтгэхээр шалгарсан ба тус ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах шатахуун, тос тосолгооны материалыг зээлээр нийлүүлэх гэрээ хийх эрхийг М ХХК-ийн үүсгэн байгуулагч Бямбасүрэнгийн А т олгохыг зөвшөөрөв” гэж, гарын үсэг зурж, тамга дарсан нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т заасан шаардлага хангасан байна.
7. Хариуцагч “М ”-ийн төлөөлөгч Ц.Г “...Б.А т М ХХК-ийг төлөөлөх 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар итгэмжлэлийг олгоогүй, тэрээр хуурамчаар үйлдсэн байна” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар үйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд уг тайлбар нотлогдоогүй болно.
8. Иймд “Х ” ХХК-ийг төлөөлж Т.Тамир, “М ” ХХК-ийг төлөөлж Б.А нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2019/003/A дугаар “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-ээр 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд “Х ” ХХК нь чанарын стандартын шаардлага хангасан ДТ-ийг 2190 төгрөгөөр, АИ-92 автобензин тухайн үеийн жижиглэнгийн үнээр “М ” ХХК-д нийлүүлэхээр тохиролцсон нь хуулийн хүчин төгөлдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулсан байна гэж дүгнэв.
9. Уг гэрээний дагуу худалдагч “Х ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд буюу (2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 36.980.990 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлсэн, худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, шатахууны үнэ 36.980.990 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо нийлсэн актад “...М ХХК-ийн төслийн менежер Б.А нь Х ХХК-иас 2019 онд авсан шатахууны үлдэгдэл тооцоо 36.980.990 төгрөгийг төлж барагдуулаагүй нь үнэн. Уг төлбөрийг төлж барагдуулах нь үнэн” гэсэн баримтаар тогтоогджээ.
10. Иймд нэхэмжлэгч “Х ” ХХК нь гэрээнд заасан хугацаанд “М ” ХХК-д нийлүүлсэн шатахууны үнэ 36.980.990 төгрөгийг хариуцагч “М ” ХХК-иас шаардах эрхтэй юм.
11. Гэрээний 2.4-т “худалдан авагч нь нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.1 хувийн алдангийг худалдагчид төлнө” гэж заасан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны алдангид 18.490.495 төгрөгийг хариуцагч “М ” ХХК-иас гаруулах нь зүйтэй.
12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “М ” ХХК болон /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч Б.А ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон/ хариуцагч Б.А аас нараас шатахууны үнэ 36.980.990 төгрөг, алданги 18.490.495 төгрөг, нийт 55.471.485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэж байна.
13. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158.175.597 төгрөгийг /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч Б.А ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон/ хариуцагч Б.А аас гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгох нь зүйтэй болно.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1.226.190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХХК, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 435.307 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.А аас улсын тэмдэгтийн хураамжид 790.882 төгрөгийг гаруулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК, Б.А нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 55.471.485 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.А аас 158.175.597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 1.226.190 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХХК, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 435.307 төгрөгийг гаргуулан, хариуцагч Б.А аас улсын тэмдэгтийн хураамжид 790.877 төгрөгийг гаруулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД