| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0084/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
2025 05 27 2025/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2504000000083 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, Улаанбаатар хот, ******* дүүрэг, ... дүгээр хороо, ******* ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,
******* туурагтан овгийн ******* ******* (РД:)
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар хохирогч Л.*******ын нүүрэн тус газарт цохиж түүний биед баруун хөмсөгт шарх, хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 3 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед найз нарын хамт бааранд “М” бааранд орж бүжиглэж байгаад гарсан. Бид юм идэхээр “*******” худалдааны төвийн “” орсон. Би ад хандаж “ялархаж ажил хийж байхаар зайлчихвал яасан юм” гэж хэлсэн санагдаж байна, тэгээд надад уурлаж үгээр өдөж уцаарлаж “зодолдмоор байна, намайг гомдоолоо” гэх зэргээр хэлээд байхаар нь би нэлээн тэвчиж, ойлгуулах гэж хичээсэн боловч намайг ойлгохыг ч хүсээгүй. Ингээд би “үнэхээр хүсээд байгаа бол зодолдъё” гээд сандалаас босоход босож ирээд миний хувцаснаас бариад авсан, тэгээд бид 2 зодолдсон, би ч цохисон, тэр ч намайг цохисон. ын хамраас цус гарсан байсан, миний биед гэмтэл учраагүй. Энэ үед найз ******* бид 2-ыг салгах гэж байгаад санамсаргүй байдлаар миний гарт цохиулаад хөмсөг хэсэгт нь гэмтэл учирч эмнэлэгт үзүүлж 7 оёдол тавиулсан. Энэ асуудалд би буруугаа хүлээж байна, *******тай ямарч муудалцах асуудал болоогүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 12-13 шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...“М” бааранд бүжиглэж байгаад гарах гэж байтал *******г үгээр идэж эхэлсэн “чи хогийн болчихсон” гээд гомдлын үг хэлэхэд ******* тайлбарлаж хэлэх гэтэл согтсон байсан учир үгийг нь сонсохгүй “гарч үзье” гээд байсан, шөнө 04 цагийн үед баарнаас гараад юм идэхээр “” ороод сууж байтал дахиад л ******* руу гомдоллоод байсан, тэгээд ******* гэнэт уурлаад “гаръя, үзье” гээд зодолдоод эхэлсэн. ******* ыг газар унагаагаад нуруу орчимд нь цохиж байсан, би салгах гэтэл үгийн зөрүүгүй ******* гараараа миний духны хэсэгт цохиход миний духнаас цус гарч эхэлсэн. ******* миний найз байгаа юм, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Л.*******ын биед баруун хөмсөгт шарх, хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн №БНД0725/112 дугаартай дүгнэлт (хх-ийн 15-16),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Х.гаас Багануур дүүргийн 3 дугаар хороо, *******гийн хажуу талын “”-ийн гадна хүмүүс зодолдоод байна” гэх мэдээллийг 2025 оны 3 дугаар сарын 10-ны орой 04 цаг 30 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 2)
Камерт үзлэг хийсэн тэмдэглэлээр “Уг бичлэг нь Багануур дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” сүлжээ дэлгүүрийн хяналтын камер байв. Б.******* нь зүүн гарын ар хэсгээр Л.*******ын нүүрэн тус газар 1 удаа цохих үйлдэл гаргах үед Л.******* нь нүүрээ даран доош тонгойход шалан дээр цус мэт зүйл дуусаж байв” гэжээ (хх-ийн 4)
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “Бүртгэлийн 525 дугаартай гомдол мэдээлэлд эд мөрийн баримтаар хураагдсан “ Нексус” ХХК-ны “” сүлжээ дэлгүүрээс ирүүлсэн Сидинд хуулбарлагдсан бичлэг 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 5)
Хохирогч Л.*******ын биед учирсан шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17)
Согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “шүүгдэгч Л.******* нь 0.88 хувь, Ч. нь 2.09 хувийн согтолттой, хохирогч Л.******* нь 0.00 алкоголь илрээгүй” гэжээ (хх-ийн 63-64)
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 30/51 дугаар албан тоотод “Иргэн Л.******* нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэмтлийн оношоор Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламж 105.462₮ (нэг зуун таван мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 66),
Хохирогч Л.*******ын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай хуудас (хх-ийн 70-74),
Хохирогч Л.*******ын Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтэд “Л.******* миний бие Б.*******д гомдол санал байхгүй болох нь үнэн болно, сэтгэл санааны хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ (хх-ийн 75),
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Б.******* нь урьд ял шийтгэлгүй” гэх лавлагаа (хх-ийн 49),
Иргэний үнэмлэхний “******* туурагтан овгийн ******* *******, РД:” гэх лавлагаа болон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “Б.******* нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, ... дүгээр хороо, хандгайтын .... гудамжны ... тоот” гэх баримтууд (хх-ийн 47-48) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны үүрээр 04 цагийн үед Багануур дүүргийн ... дугаар хороо, “*******” худалдааны төвийн хажууд байрлах “” сүлжээ дэлгүүр дотор хохирогч Л.*******ын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний биед баруун хөмсөгт шарх, хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Л.*******ын “би салгах гэтэл үгийн зөрүүгүй ******* нь гараараа миний духны хэсэгт цохиход миний духнаас цус гарч эхэлсэн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №БНД0725/112 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгийн үзлэгийн тэмдэглэл, согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.*******гийн “хохирогчийг цохиж байгаа дээрх идэвхтэй үйлдэл”-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарсан шалтгааныг дүгнэвэл эхлээд шүүгдэгч Б.*******, нарын дунд таарамжгүй харилцаа үүсч харилцан зодолдож байх явцад уг зодооныг салгах гэж очсон хохирогч *******ыг цохьсон байх бөгөөд уг хэрүүл маргааныг шүүгдэгчийн зүгээс эхлүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Л.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******ын эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, хамрын нуруу, баруун, зүүн зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр мөрдөн байцаалтын шатанд “*******гаас сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 105.462 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд тушаасан болох нь хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* туурагтан овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Б.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА