Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 14

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Л.Энхтайван

 Хохирогч Б.Отгондарь

 Хохирогчийн өмгөөлөгч М.Гансүх

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Отгонбаяр

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар О.Оюунжаргалд, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Б.Атарсайханд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000207  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт       

       Шүүгдэгч Монгол улсын иргэн, Дорнод аймаг Баянтүмэн суманд 1975 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Түшиг сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсэг 296 тоотод оршин суух хаягтай, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Оюуны Оюунжаргал РД /ЖЬ 75021971/

 

     Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 5 дугаар хэсэг 296 тоотод оршин суух, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Борягийн Атарсайхан РД /МН 68053064/

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч О.Оюунжаргал нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр гэх амралтын газарт 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Атарсайхантай бүлэглэн Б.Отгондарийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.Атарсайхан нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр гэх амралтын газарт 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр О.Оюунжаргалтай бүлэглэн Б.Отгондарийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

          Мөн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дээрхи газарт Б.Отгондарийн жолоодож явсан 00-96 УНР улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү мод шидэн хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

      Шүүгдэгч О.Оюунжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ….Хохирогчийн машиныг цонхыг хагалсан гээд байх юм. Бид 2-ын мотоциклыг бас хохирогч дайрсан шүү дээ. Хохирогч гэрийн хаягаа хүртэл худлаа ярьж байна. Гомдолтой байна...... гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Атарсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн ....2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч өөрөө согтуу ирчихээд олон хүний дунд янз бүрээр хэлчихээд хүүхэд рүү аяга тавга шидээд хөлнөөс нь цус гаргасан байсан. Би хүүхдээ хөтлөөд уйлаад явж байхад нөхөр маань тааралдаад бид хоёрыг өмөөрч түүнийг алгадаад бид хоёр дахин муудалцаж зууралдаж унасан. ...Би шинэ жилээр мессеж бичсэн. Хохирогч манай ахтай муудалцчихаад бид нар руу дайрдаг. Би энэ хэрэгт гомдолтой байна. Хохирогч хүн дайрсан машинтайгаа одоо хүртэл явж байна. Мөнгөөр хэргийг шийддэг. Хохирогч намайг зодсон. Миний дээр гарч байгаад завьж руу гараа хийж байгаад татсан. Би амьдрал ахуйгаараа хохирч байна. Бид нар эв эеэ олохгүй бол болохгүй байна. Манай мотоциклыг зориуд дайрсан. Тэгээд над руу эргээд намайг дайрах гээд байсан тул би өөрийгөө хамгаалж түлээ шидсэн. хохирогчид учирсан гэмтлийг бид учруулаагүй, тэр өөрөө одонгийн найран дээр согтуу машинаа барьж явах гээд өөр хүмүүст зодуулсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөч.... гэх мэдүүлэг  

     Хохирогч Б.Отгондарийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн .....2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Зэлтэрт очсон. Гэтэл Атарсайхан намайг хөөгөөд байсан. Тэгээд би 2016 оны 07 дугаар сарын 13-нд нөхөртөө энэ талаар хэлсэн чинь би чамайг хөөгөөгүй байхад чи явахгүй шүү гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 15-нд ийм асуудал гарсан. Шинэ жилээр надад мэссэж ирсэн. Шүүгдэгч нар өөрсдөө ирээд уучлалт гуйвал заавал өнөөдрийн байдалд хүрэхгүй байж болох байсан. Би шүүгдэгч нарт өс санаагүй. Миний машинд учирсан хохирлыг барагдуулаад өгвөл би гомдолгүй. Би шүүгдэгч нарын мотоциклыг нь санаатай дайраагүй. Атарсайхан тухайн үед мод тэвэрч явах үндэс болоогүй. Миний нэхэмжилж байгаа зардал бол өмгөөлөгчийн зардал, замын зардал, машиныг эвдрэлийн зардал гээд нийт 2.415.000 төгрөгний зардал байгаа. Шүүх хуралдаанаас өмнө над руу залгаагүй. Уулзъя гээгүй.... гэх мэдүүлэг

    Хохирогч Б.Отгондарийн 2016 оны 07 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 19-22 тал/

    Гэрч М.Гантүшигийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 02 цагийн орчимд Б.Отгондарь цээжний баруун хэсгээр хөндүүрлэнэ, толгой хатгаж өвдөнө, баруун шанааны уг хэсэг хавдар, эмзэглэлтэй ирсэн. Болсон асуудлын талаар асуухад  2016 оны 07 дугаар сарын 15-ны адрийн 16 цагийн орчимд хүнд зодуулснаа хэлсэн. Б.Отгондарийн цээж хөндүүрлэлтэй байгаа учраас хавирга хугарсан байж магадгүй гэж үзэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулахаар зөвөлгөө өгч явуулсан. ....Отгондариас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай асуусан асуултанд оновчтой зөв хариулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/

   Гэрч Г.Уртнасангийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Зэлтэр суманд байрлах Өгөөмөр гэх амралтын газрын гал тогооны хэсэгт тогооны хорхог хийгээд сууж байхад гаднаас амралтын эзэн гэх Отгондарь гэдэг эмэгтэй орж ирээд миний хажууд сууж байсан үсээ хусуулсан эгчтэй хэрэлдсэн. ...Хэсэг хугацааны дараа үсээ хусуулсан эгч нөхрөө дагуулж ирээд Отгондарь гэх эмэгтэйтэй дахин хэрэлдэж газар унаад ноцолдож, бие биенийгээ цохиход нөхөр нь хажуунаас нь өшиглөсөн. Эхэндээ би танихгүй хүмүүс хоорондоо маргалдаж байхад хэрүүл маргаан дундаас нь оролцохыг хүсээгүй. Гэтэл нэг эмэгтэй хүн лүү эхнэр нөхөр хоёр нийлээд дайраад зодоод байхыг харж чадаагүй салгасан. Би Отгондарь гэж эмэгтэйг дагуулаад гол руу явж нүүр гарыг нь угаалгаад тайвшруулсан. Бид хоёр ресторан руу явахад нөгөө эхнэр нөхөр хоёртой дахин дайралдаж хэрэлдээд байхаар нь би би түүнийг машинд нь суулгаж өгөхөд эгч машинаа ухраагаад хөдлөхдөө ард нь байсан улаан өнгөтэй мотоциклийг мөргөхөд уначихсан. Гэтэл үсээ хусуулсан эгч түлээний тайрдас мод аваад шидэхэд машины урд салхины шилийг оносон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/  

      Гэрч Ө.Мөнх-Ундраагийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Хэсэг хугацааны дараа Атарсайхан гал тогооны өрөөнөөс гарч яваад Оюунжаргал ахын хамт ирээд Оюунжаргал шууд Отгондарийг баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан. Нэг мэдсэн чинь Отгондарь Атарсайхан хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаад газар ноцолдоод байх үед Төгөлдөр, нэг амрагч эгч хоёр очиж салгасан.   ... Отгондарь машиндаа суугаад ухрахдаа ардаа байсан мотоциклийг харалгүй хойд дугуйг нь дайрч газар унагаачхсан. Ингээд хөдлөөд явах гэж байхад Атарсайхан эгч түлээний тайрдас аваад шидэхэд машины урд шилийг хагалчихсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/

      Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №311 тоот  ....Б.Отгондарийн биед дух, хацар, эрүү, завьж, цээж, бугалга, бүсэлхий, нуруу, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 56 тал/

     Шинжээчийн нэмэлт үзлэг хийсэн 311 тоот актанд .....Б.Отгондарийн биед зүүн 11 дүгээр хавирганы хугарал, 10 дугаар хавирганы цууралт, дух, хацар, эрүү, завьж, цээж, бугалга, бүсэлхий нуруу, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 61 тал/

     Ашид билгүүн ХХК-ий 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 769 тоот Лексус 470 маркийн 0096 УНР улсын дугаартай машины салхины шилний үнэлгээ 400.000 төгрөг байна гэх үнэлгээ /хх-ийн 67 тал/

      Шүүгдэгч Б.Атарсайхан, О.Оюунжаргал нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн  61-62 тал/

      Шүүгдэгч Б.Атарсайханыг 2016 оны 07 дугаар сарын 26-нд сэжигтнээр /хх-ийн 34-37 тал/ 2016-09-19-ний өдөр  яллагдагчаар /хх-ийн 36-39 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд

      Шүүгдэгч О.Оюунжаргалыг 2016 оны 07 дугаар сарын 26-нд сэжигтнээр /хх-ийн 41-43 тал/ 2016-09-20-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 44-45 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд

Гэрч Г.Уртнасанг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн  ....Эхнэр, нөхөр хоёр болох Атарсайхан, Оюунжаргал нар нь хохирогч Отгондарийг цохиж зодож байх үед нь би хажууд нь байсан. Миний харснаар Атарсайхан, Оюунжаргал нар ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. Харин Атарсайхан, Отгондарь хоёр хоорондоо юунаас болж маргаан үүсгэсэн талаар би мэдээгүй. Гэнэт л хэрүүл маргаан үүсгэж байснаа Атарсайхан нь Отгондарийн үснээс зулгааж тэр хоёр барьцалдаж байгаад газарт унасан. Газарт унасан байхыг нь харахад хохирогч Отгондарь нь Атарсайханы ам руу эрхий хуруугаа хийж татсан харин Атарсайхан нь Отгондарийн үснээс зулгаагаад байж байх үед нь Атарсайханы нөхөр нь болох Оюунжаргал нь Отгондарийн цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хохирогч Отгондарийг хоёр хүн зодоод байхаар нь өрөвдөөд салгасан... гэх мэдүүлэг  /хх-ийн 179 дүгээр тал/

Гэрч Ц.Энхсарангийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Нямсүрэнгийн одонгийн найран дээр Отгондарь өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээр намайг мөргөж миний биед гэмтэл учруулсан зүйл болоогүй. Харин тухайн үед би нэг машин зогсож байхаар нь хойшоо харж явж байгаад гэнэт урагшаа харахдаа нэг машин мөргөсөн юм. Тэр хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан талаар би мэдэхгүй байна. Нэг жийп машин байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 182 дугаар тал/

Гэрч Б.Болдбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Би Өгөөмөр амралтын газар манай төрсөн дүү Б.Атарсайхан, түүний нөхөр Оюунжаргал, манай хамтран амьдрагч Отгондарь нарын хооронд болсон асуудлын талаар би мэдэхгүй учир байцаалт өгөхгүй......би болон найран дээр байсан хүмүүс Отгондарийг цохиж зодож биед нь гэмтэл учруулсан асуудал огт гараагүй. Машиных нь түлхүүрийг авах гэсэн чинь Отгондарь нь гартаа атгачихаад өгөхгүй байсан юм. Тэгээд түлхүүрээ өгөхгүй байхаар нь зогсож байсан машиных нь климний утсыг салгасан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 183-184 дүгээр тал/

Гэрч Л.Мөнхзулын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би Цагааннуур суманд Үндэсний баяр нааадмын хамгаалалтад ажиллаж байх үед миний хариуцдаг Түшиг суманд оршин суудаг иргэн Б.Болдбаатар нь над руу залгаад манай эхнэр Отгондарь нь намайг машинаараа дайрах гээд хөөсөн би гомдолтой байна гэхээр нь би Цагааннуур суманд хамгаалалтанд ажиллаж байна. Би маргааш сумандаа очно та маргааш өглөө болсон асуудлынхаа талаар өргөдөл бичээд хүрээд ир гэж ярьж байсан юм. Харин маргааш өглөө нь Б.Болдбаатар нь өргөдлөө бичиж ирээгүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 185 дугаар тал/

Гэрч Ш.Бямбаахүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нямсүрэн гэх айлын одонгийн найран дээр би болон миний нөхөр Г.Баярсайхан нар нь очоогүй. Тухайн үед Нямсүрэн гэх айлаас урилга ирсэн байсан. Нямсүрэн гэх айлаас хол зусаж байсан болохоор найран дээр очиж чадаагүй. Атарсайхан, Оюунжаргал нар намайг яагаад Нямсүрэн гэх айлын одонгийн найран дээр очсон гэж мэдүүлснийг ойлгохгүй байна. Тийм учраас би Нямсүрэн гэх айлын найран дээр болсон асуудлын талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 186 дугаар тал/

Гэрч Г.Баярсайханы 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Нямсүрэн гэх айлын одонгийн найран дээр би болон миний эхнэр Ш.Бямбаахүү нар нь очоогүй. Тухайн үед Нямсүрэн гэх айлаас урилга ирсэн байсан. Нямсүрэн гэх айлаас хол зусаж байсан болохоор найран дээр очиж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 187 дугаар тал/

Гэрч Д.Отгонжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Миний хувьд 2016 оны 07 дугаар сарын 15-нд манай ангийн охины эцэг Нямсүрэнгийн Алтангадас одонгийн найранд урилгаар Түшиг сумын Өгөөмөр гэх газар байрлах Нямсүрэнгийн гэрийн гадаа өдөр 16 цагийн үед Гантөмөр, Батчимэг, Баянжаргал, Отгонбаяр, Эрдэнэчимэг нартай машинтай очсон. ....Би Болдбаатар, Отгондарь хоёрыг хоорондоо маргаж байхыг хараагүй. Харин найранд ирсэн хүмүүс тэр хоёрыг хоорондоо маргаж муудалцаад гэж ярьж байсан. .....Б.Отгондарь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй нөхөр Болдбаатарыг дайрах гэж хөөж байгааг нь хараагүй. Харин Отгондарийг машинаас нь найран дээр байсан хүмүүс буулгаж байхад нь би хөндлөнгөөс харж байсан. Тэр үед Отгондарийг машинаас буулгасан хүмүүс огт зодож цохиогүй. Харин Отгондарийг ямар муухай авгай вэ гэх үгээр найран дээр байсан хүмүүс ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 189-190 дүгээр тал/

Гэрч Ш.Гантөмөрийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Миний хувьд 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр Батчимэгийн хамт Өгөөмөрт гэр нь байдаг Нямсүрэнгийн одонгийн найранд орой 17 цагийн үед байх найранд ороод сууж байхад Нямсүрэн ахтай хөөрөглөөд сууж байсан чинь хүмүүс маргалдаад байна гэх яриа гарч байсан. Миний хувьд энэ асуудлыг хараагүй асар дотор сууж байсан. Харин манай эхнэр гарч яваад буцаж ирэхдээ надад Болдбаатар ахыг Отгондарь машинаар дайрах гээд хөөгөөд байна гэж ярьсан би тэр асуудлыг ач холбогдол болгож хараагүй. Ингээд гэнэт гармаар санагдаад Нямсүрэн ахад би нэг гараадахаас гадаа юу болоод байгаа юм бол гээд асараас гарсан чинь нэг эмэгтэй дайруулчихлаа гээд хүмүүс хажууд нь шавчихсан зогсож байхаар нь Болдбаатар ахаас юу болсон талаар асуухад Болдбаатар ах намайг Отгондарь дайрах гээд байна машинтай гэхээр нь би хөтлөөд айлын хураалгаатай гишүүний араар нуугдуулаад буцаад хүмүүс шавж байсан эмэгтэй дээр очсон чинь Энхсаран гэдэг эмэгтэй намайг дайрчихлаа гээд уйлаад сууж байсан. Ингээд би энд ер нь байж болохгүй юм байна гэж бодоод эхнэрээ аваад шууд гэррүүгээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар тал/

Гэрч Т.Батчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Миний хувьд өөрийн нөхөр Гантөмөрийн хамт Нямсүрэн гэдэг айлын найранд Түшиг сумын Өгөөмөр гэдэг газар очоод Нямсүрэнгийн гэрийн гадаа очсон чинь Болдбаатар өөрийн эхнэр Отгондарьтай хамт Ланд-470 маркийн машинтай хөдлөөд явж харагдсан. Ингээд хэсэг хугацааны дараа айлд ороод нөхрийн хамт аяга цай уугаад сууж байсан чинь асарын гадаа байсан хүмүүс хүн зодолдоод байна байна гэх чимээ гарсан хэн зодолдож байгаа талаар би хараагүй, тэгээд би асар дотроос ганцаараа гараад ирсэн чинь Отгондарь машинтайгаа өөрийн нөхөр Болдбаатарыг дайрах гээд эргэлдэж давхиад байсан. Энэ үед Болдбаатар ах өөрийгөө жолоодох чадваргүй байсан чинь тэр айлын зээ хүү Билгүүн гэдэг залуу Болдбаатар ахыг барьж холдуулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 дугаар тал/

Гэрч Б.Алтанчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай Түшиг сумын малчин Нямсүрэнгийн Алтангадас одонгийн найр болсон юм. Би Нямсүрэн ахын найран дээр байсан. Тэр өдөр Болдбаатар ах эхнэртэйгээ найран дээр байж харагдсан. Тэгээд хэзээ нь гараад явсныг би хараагүй. Намайг асарт сууж байхад асрын гадаа байсан нэг хүн наана чинь хүн дайрах гэж байна ш дээ гэхээр нь би  гараад харсан чинь нэг машин тугалын хашаа тойрч явж харагдсан. Тэр үед найран дээр байсан хүмүүс тэр машиныг яаж зогсоосныг би хараагүй нэг хартал тэр машин зогссон байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж бодоод яваад очтол- Болдбаатар ахын эхнэрийг Энхсаранг мөргөчихлөө гэж хүмүүс ярьж байсан юм. Тухайн үед би Энхсаранг мөргөж байхыг нь хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 196 дугаар тал/

Шүүгдэгч Б.Атарсайханыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 181 дүгээр тал/

Шинжээч эмч С.Бүрэнжаргалыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 188 дугаар тал/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

           Шүүгдэгч О.Оюунжаргал нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр гэх амралтын газарт 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Б.Атарсайхантай бүлэглэн Б.Отгондарийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

           Шүүгдэгч Б.Атарсайхан нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэрт байрлах Өгөөмөр гэх амралтын газарт 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр О.Оюунжаргалтай бүлэглэн Б.Отгондарийн эрх чөлөөнд халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,

          Мөн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дээрхи газарт Б.Отгондарийн жолоодож явсан 00-96 УНР улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү мод шидэн хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

          Үүнд; Хохирогч Б.Отгондарийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч М.Гантүшигийн /хх23 тал/, Г.Уртнасангийн /хх 28-29,179 тал/, Ө.Мөнх-Ундраагийн /хх30-31 тал/, Ц.Энхсарангийн /хх182 тал/, Б.Болдбаатарын /хх183-184 тал/, Л.Мөнхзулын /хх185 тал/, Д.Отгонжаргалын /хх189 тал/, Ш.Гантөмөрийн /хх191-192/, Г.Батчимэгийн /хх194-195/, Б.Алтанчимэгийн /хх196/ мэдүүлгүүд, Шинжээчийн 311 тоот дүгнэлт /хх56 тал/, нэмэлт шинжилгээ хийсэн 311 тоот дүгнэлт /хх61 тал/, Ашид билгүүн ХХ-ий авто машины шилэнд үнэлгээ тогтоосон 769 тоот дүгнэлт /хх67 тал/ болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

            Хохирогч Б.Отгондарь, гэрч М.Гантүшиг, Г.Уртнасан, Ө.Мөнх-Ундраа, Л.Мөнхзул нар болон бусад гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь Дээрх гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, зарим гэрчүүд ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй. 

            Дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэрэг нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч О.Оюунжаргал, Б.Атарсайхан нарын гэм буруутай үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Б.Атарсайханд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, шүүгдэгч О.Оюунжаргалыг Б.Атарсайхантай бүлэглэн хохирогч Б.Отгондарийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Атарсайханыг О.Оюунжаргалтай бүлэглэн хохирогч Б.Отгондарийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Атарсайханыг  хохирогч Б.Отгондарийн жолоодож явсан 00-96 УНР улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил рүү мод шидэн хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан бодит хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзэж,  ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.1.2-т  зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 153-р зүйлийн 153.1-д заасан гэмт хэргүүд нь  хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа болно.

Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

      Хохирогч Б.Отгондариас өөрийн эмчилгээний төлбөр, замын зардал болон бусад зардал баримтуудыг түүнээс ирүүлсэн баримтуудад тулгуурлан 2.415.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан олгохоор тогтов.  

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн санал хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Отгондарьд хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдсон гэх шүүх дүгнэж байгаа ба Зэлтэр сумын иргэн Нямсүрэнгийн алтан гадас одонгийн найран дээр Б.Отгондарийн гаргасан гэх үйлдэлд хариуцлага хүлээлгэх асуудлыг энэ хэрэгтэй заавал нэгтгэн шалгаж шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 294, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оюуны Оюунжаргал, Боржигон овогт Борягийн Атарсайхан нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигон овогт Борягийн Атарсайханыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2.Шүүгдэгч Боржигон овогт Оюуны Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Боржигон овогт Борягийн Атарсайханд мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 12.240.000 төгрөгөөр торгож тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Б.Атарсайханд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч О.Оюунжаргал, Б.Атарсайхан нарт оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.   

5.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Атарсайхан, О.Оюунжаргал нараас 2.415.000 төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 дүгээр байр 218 тоотод оршин суух, Отгонтунгалаг ХХК-ний захирал ажилтай Боржигон овогт Бадарчийн Отгондарьд /УД69070407/ олгосугай.

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч  нар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай .

8.Шүүгдэгч О.Оюунжаргал, Б.Атарсайхан нарт урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ