| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
2025 05 30 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.*******од холбогдох эрүүгийн 2504000230109 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
******* овгийн *******ы ******* (РД:*******)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.******* нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах халуун усны газрын урд хохирогч Э.*******оос “утсаар ярих” зорилгоор түүнд итгэмжлэн хариуцуулж өгсөн “ ” загварын гар утсыг буцаан өгөлгүй зарж борлуулан түүнд 1.445.000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Э.*******ын мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 15-16), гэрч Э.*******, Т.******* нарын мэдүүлгүүд (хх-ийн 18, 25-27), “ ” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31), гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 53), эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд өөрийн сонгосон өмгөөлөгчийг оролцуулсан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.*******оос “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” гэх хүсэлтийг (хх-ийн 61) ирүүлсэн гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгосон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нь өмгөөлөгчийн хамт хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******од 6 (зургаан) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хот, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Улаанбаатар хот, Багануур дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг А.*******од мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. А.*******од холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА