| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2025/0457/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/417 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/417
2025 06 06 2025/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч С.Баяр-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, 2 эгч, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ........ овогтой Ц.Н /РД:*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Ц.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Н нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” баарны урд талын зогсоолд байрлуулсан хохирогч А.Ц-ийн эзэмшлийн **** улсын дугаартай “Тоёота кроун” *** загварын тээврийн хэрэгслийн урд талын салхины шил цохиж хагалсан, зүүн хойд талын крылонийг хөлөөрөө өшиглөж, түүний эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч А.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүрэгт байх “.....” нэртэй баар луу тавуулаа орсон. Надаас гадна А (холбогдогч), С, Т, Э (Э) гэх хүмүүс байсан. Тэгээд баар луу орчхоод 04 цагийн үед буцаад гарсан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор найз О-ыг гэрээс нь дуудсан. Тэгээд гадаа О ирсэн байсан болохоор баар орсон. Бид 5 баарнаас гараад “.....” баарны замынхаа урд талд “Г” дэлгүүрийн урд талд харалдаа автомашины зогсоол дээр байсан саарал өнгийн **** улсын дугаартай Тоёота *** кроун загварын тээврийн хэрэгсэл дээрээ ирсэн. Тухайн үед бид нартай хамт явсан А гэх эмэгтэй бид нарт агсраад газар хэвтээд байсан. Яг тухайн үед би түлхүүрээ О-д өгөөд найз охин бие засах хэрэгтэй болсон болохоор дагуулаад буцаад баар луу нойл орсон. Тэгээд удалгүй буцаад машин дээрээ иртэл миний машины салхины шил хагарчихсан, копуд цөмөрсөн, жолоочийн эсрэг талын карлан цөмөрсөн байсан. Энэ тухай асуухад А гэх охин энэ бүгдийг эвдсэн талаар Т С болон өөр бусад хүмүүс энэ талаар надад хэлсэн. ...Би саарал өнгийн **** улсын дугаартай Тоёота *** кроун загварын тээврийн хэрэгслээ 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр банк бусаас худалдаж авсан нэрийг санахгүй байна, одоогоор 26 сая төгрөг төлөх дутуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дахь хуудас/,
- Гэрч М.М нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найзууд манай эгчийнд ирсэн. Тэндээ миний төрсөн өдрийг тэмдэглээд хамт гарцгаасан. Гараад хүүхдийн 100 ороод хэсэг байж байгаад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “.....” баар орсон. ...Т, Ц, Н, Э нарын хамт байсан. ...Бид нар баарнаас гараад Н бид нарыг гэр лүүгээ авч явах гээд байсан. Тэгээд бид нар гэртээ харьж амаръя гэхэд надтай маргаад намайг түлхээд унагаасан. Тэгсэн Ц намайг татаж босгоод чи арай дэндүү байгаа юм биш үү гэхэд нь бид нар агсам занг нь мэддэг болохоор чимээгүй болчихсон. Тэгээд Н, Ц-ийн машины хамар дээр гарч суугаад цонх руу нь цохиод байсан. Н хувцас хунараа тайлж гүйгээд агсраад байсан. Хажууд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь хуудас/,
- 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-30 дахь хуудас/,
- “......” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ... үнэлгээгээр тогтоосон дүн 1,125,000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 39-40 дэх хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дахь хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 76-77 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 78-79 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр нь гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.Ц нь хохирлоо барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх болон ял албадлагын арга хэмжээний талаар прокурор болон шүүхийн зүгээс тайлбарлаж өгсөн. Миний үйлчлүүлэгчийн хувьд ойлгосон. Иймд прокурортой тохирсон ялын саналыг баталж өгнө үү...” гэв.
Иймд шүүгдэгч Ц.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ц.Н-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ц.Н нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогтой Ц.Н /РД:******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР