Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

      2025          06           02                                       2025/ШЦТ/93

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 2504000440102 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  Б.Наранжаргал

Улсын яллагч                                                Б.Баттуяа

Шүүгдэгч                                                        Н.******* нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой (5 дугаар анги төгссөн гэх), малчин, хувиараа барилга дээр ажиллаж байгаа, ам бүл ганцаараа Багануур дүүргийн ... дүгээр хороо, ******* ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай,

урьд Нийслэлийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

******* аймгийн шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг 10 жилийн хорих ялаар,

Нийслэлийн ******* дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 2 сарын хорих ялаар

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 10/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялаар,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн

******* овогт ******* ******* (РД:)

Яллагдагч Н.******* нь согтуугаар хохирогч Ө.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, түлхэн унагааж зүүн хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.*******ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед манай гэрт ******* архитай ирээд бид 2 тэр архиа хувааж ууж байхад ******* надад “надтай хамт хот руу орж ажил хий, наад морь малаа орхи” гэж хэлэхээр нь би “үгүй” гэхэд уурлаад намайг нэг удаа баруун хацарт маань цохихоор нь би гэрт муудалцаад яахав гээд гаргаад нэг удаа цохиод түлхэж унагаагаад нойл явчихаад ирэхэд нүүр нь цус болчихсон байсан. Би *******г цохиод түлхэж унагаасан, унаад босч ирэхдээ нүүрнээс нь цус гарсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд соёлын төвийн барилга дээр өдрийн 110.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, (хх-ийн 91, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч Ө.*******ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Н.******* ахынд очиж 2 шил архи уусан. Н.******* ах надад хандаад ахархаад байхаар нь би уурлаад нэг удаа алгадсан чинь зөрүүлээд 2 удаа нүүрэн хэсэгт цохисноос хойш манараад юу болсныг сайн мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 11),

Иргэний нэхэмжлэгч Б.*******ын “...Хохирогч Ө.******* нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмтлийн оношоор нийт 106,190 төгрөгийн зардал гарсан байх тул баримтаар хэрэгт хавсаргасан болно. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89)

2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл лавлагаанд “НУ80073058 регистрийн дугаартай Өвгөнхүү овгийн ******* нь 2025 онд Эрүүл мэндийн даатгалаар 106.190 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 90)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн “Ө.*******гийн биед зүүн хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 61 дугаартай дүгнэлт (хх-ийн 18-19),

Хохирогчийн биед үүссэн шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт болон согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтэд “Ө.******* нь 2.36 хувийн согтолттой” гэжээ  (хх-ийн 20),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “Иргэн Н.Өсөхбаяраас Багануур дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 18 дугаар гудамжинд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 50 миунтад хүлээн авав” гэжээ (хх-ийн 5)

Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “Н.******* нь 2.27 хувийн согтолттой” гэжээ (хх-ийн 82)

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Н.******* нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 44-45,48-56, 59-66, 69-70, 73-77), 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор “ Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор ******* ******* нь торгуулийн 900.000 төгрөгийг төлж барагдуулсан тул эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ (хх-ийн 80),

Иргэний үнэмлэхний “******* овогт ******* *******, РД:” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 40-43) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.*******ын гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Н.******* нь 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн ... дүгээр хороо, *******ын ... дугаар гудамжны ... тоот гэртээ хохирогч Ө.*******тай согтууруулах ундааны зүйлийг хэрэглэх явцад тэдний дунд таарамжгүй харилцаа үүсч улмаар хохирогчийн нүүрэн тус газарт 2 удаа цохин түлхэж унагааж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “хохирогчийн нүүрэнд нэг удаа цохиод түлхэж унагаасан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.*******ы мэдүүлсэн “би *******ыг нэг алгадсан чинь зөрүүлээд 2 удаа нүүрэн хэсэгт цохисноос хойш манараад юу болсныг сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №61 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.*******ын дээрх үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.******* нь хохирогч Ө.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

              Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь хохирогч Ө.*******гийн биед зүүн хөмсөгний хэсэгт зүсэгдсэн ил шарх бүхий хөнгөн хохирол учруулсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь эрүүл мэндэд учирсан болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.

Хохирогч Ө.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 106.190 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх лавлагаа, албан тоот зэрэг баримтуудаар  тогтоогдож  байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.*******аас “хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 106.190 төгрөг”-ийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасныг шүүгдэгчийн зүгээс “барилга дээр өдрийн 110.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа нөхцөл байдлыг минь харгалзан үзнэ үү” гэсэн хүсэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Н.*******ын хувийн байдал (барилга дээр ажиллаж байгаа), гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 (нэг мянга нэг зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******т 1100 (нэг мянга нэг зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000  (нэг сая нэг зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Н.*******т мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******т мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт зардал болох 106.190 (нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн) төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

7. Н.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА