| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/274 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0236/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *******т холбогдох эрүүгийн 2518000000266 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* /РД:******* /, 1987 оны 05 сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг,*******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,******* тоотод түрээсээр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* нь 2025 оны 03 сарын 25-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн*******ны******* тоот гэртээ 22:00 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэртай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдаж 2-3 удаа гараараа цохисон, 2025 оны 03 сарын 26-ны өдөр 21:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн*******ны******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрг “хаалганы цоож эвдлээ” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар биед нь халдаж 2-3 удаа гараараа цохиж үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******ын: Намайг ажлаасаа ирэхэд манай эхнэр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгөөрөө шар айраг уучихсан байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Маргааш өглөө нь эхнэрийгээ дахиж архи уулгахгүй гээд гэрт нь цоожлоод ажил руугаа явсан. Тэгтэл манай эхнэр “тагтнаасаа хог түүдэг хүн дуудуулаад цоожоо эвдүүллээ” гээд байж байхаар нь би гэртээ ирээд маргалдсан. Эхнэрээ айхтар зодоогүй, гарын булчин хэсэг рүү нь 2 удаа цохисон. Гарыг нь мушгихад хөхөрчихсөн байсан. Би одоогоор хувиараа барилга дээр шавар зуурмагийн ажил хийж байгаа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлэн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
Хохирогчгийн: ...2025 оны 03 сарын 25-нд нөхөр бид хоёр гэртээ юм ярьж сууж байгаад маргалдаад нөхөр******* намайг 1, 2 удаа цохисон. Юунаас болоод маргалдсан, хаашаа цохисныг санахгүй байна. 2025 оны 03 сарын 26-нд бид хоёр шар айраг уугаад сууж байгаад маргалдаад намайг бас 1, 2 удаа цохисон. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр******* үүсгэсэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 60-61/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн дугаартай:гийн биед баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,
“хоёр гарын мөрний үе болон бугалга орчимд хөхөрч хавдсан байна. Хөлийн гуяны гадна хэсэгт бага зэрэг хавдаж хөхөрсөн байна” гэх хохирогчгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/,
“Хохирогчгийн гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 2 оноотой” гэх тэмдэглэл /хх-ийн 36/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 08 дугаар багийн хамтарсан багаас хийсэн шүүгдэгч*******, хохирогч нарын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-ийн 38-44/,
Шүүгдэгч*******ын 2025 оны 03 сарын 26-нд эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 45/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: : Шүүгдэгч******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэргийн эрүүл мэндэд халдаж зодсоны улмаас хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2025 оны 03 сарын 25, 26-ны өдрүүдэд эхнэртай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч*******, хохирогч нар нь хамтран амьдрагч буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүдэд хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилгоор эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагчг 2 өдөр дараалан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчгийн эрүүл мэндэд баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн зардал гарсан байна
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч******* нь хохирогчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 28,350 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч*******аас 28,350 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь “би ажил хийгээд эхнэр, хүүхдээ тэжээдэг учраас торгох ялын хэмжээг бууруулж өгөхийг хүсэж байна” гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 08 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 08 /найм/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******аас 28,350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР