Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01894

 

 

                  

 

 

           

 

   2022 оны 06 сарын 13 өдөр

           Дугаар 183/ШШ2022/01894

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: “Н ” ХХК-д холбогдох,

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З,

Хариуцагчийн өмгөөлөгч  Ж.Д,

Гэрч  Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э нь “Н ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Н ” ХХК-ийн дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дотоод аудиторын албан тушаалд томилогдсон. Тус компанид 2 жил 6 сарын хугацаанд ажилласан. Гэтэл газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Миний бие 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хувийн ажлаар явж байх үедээ автомашин эвдэрч, хөдөлгөөнгүй зогссон бөгөөд Улаанбаатар хот явах боломжгүй тул сумын төв хүртэл чирэх, хот хүртэл ачуулах машин олох шаардлагатай болсон. Энэ талаар өөрийн шууд удирдлага болох дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д болон ахлах аудитор П.А нарт “Хөдөө явж байгаад унаа эвдэрчихлээ. Маргааш ажилдаа очиж чадахгүй боллоо” гэж зураг явуулж, утсаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн дотоод журамд удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүй 3 өдөр ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн ноцтой зөрчил гарсан гэж үзэн, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байдаг. Гэвч тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан миний бие шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдсэн байхад хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Ц.Э-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Н ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газарт дотоод аудитор албан тушаалд томилогдон ажиллаж байсан боловч тус газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Учир нь нэхэмжлэгч Ц.Э  нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 5 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэхүү зөрчил нь компанийн холбогдох журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаардаг. Тодруулбал: Цаг бүртгэлийн журмын 4.8 дахь хэсэгт “Компанийн нийт ажилтнууд тухайн ажлын байранд байрлуулсан цаг бүртгэлийн машинаар ажилдаа ирсэн болон явсан цагаа бүртгүүлэх ба цаг бүртгэлийн машинаар аль нэг цагийг бүртгээгүй бол ажил тасалсанд тооцогдоно” гэж заасан. Харин хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээний 6.5.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг тусгасан байх ба тус заалтын 6.5.5.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс “Н ” ХХК-ийн Дотоод аудитын газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/683 дугаар тушаал гэсэн баримтыг, хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Тойрох хуудас, Ажилтны ажил байдлын тодорхойлолт, Ц.Э ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт, Цаг бүртгэлийн журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах” тухай тушаал, уг тушаалын хавсралт, цалингийн тодорхойлолт,

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр “Н ” ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга захирал Б.Д ийн гар утасны Вайбер чат программд “Ц.Э эс чөлөө олгохын хүссэн фото зураг, цахим захидал” ирүүлсэн эсэх талаарх баримт, “Юнител” ХХК-иас дуудлага хийсэн, дуудлага хүлээн авсан талаарх лавлагаа, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагааг, хариуцагчийн хүсэлтээр Б.Д оос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Э ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Н ” ХХК-ийн дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, дотоод аудиторын албан тушаалд томилогдсон. Миний бие 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу бүтэн сайн өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хувийн ажлаар явж байх үедээ автомашин эвдэрч, хөдөлгөөнгүй зогссон бөгөөд Улаанбаатар хот явах боломжгүй тул автомашинаа сумын төв хүртэл чирэх, хот хүртэл ачуулах шаардлагатай болсон. Энэ талаар өөрийн шууд удирдлага болох Дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д  болон ахлах аудитор П.Ариунзаяа нарт “Хөдөө явж байгаад унаа эвдэрчихлээ. Маргааш ажилдаа очиж чадахгүй боллоо” гэж зураг явуулж, утсаар мэдэгдсэн. Гэтэл намайг Хөдөлмөрийн дотоод журамд удирдах албан тушаалтанд урьдчилан мэдэгдэлгүй 3 өдөр ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халах тушаал гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Ц.Э ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ц.Э  нь 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 5 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан ба энэхүү зөрчил нь компанийн холбогдох журам, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамаардаг. Тодруулбал: Цаг бүртгэлийн журмын 4.8 дахь хэсэгт “Компанийн нийт ажилтнууд тухайн ажлын байранд байрлуулсан цаг бүртгэлийн машинаар ажилдаа ирсэн болон явсан цагаа бүртгүүлэх ба цаг бүртгэлийн машинаар аль нэг цагийг бүртгээгүй бол ажил тасалсанд тооцогдоно” гэж заасан. Харин хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Хөдөлмөрийн гэрээний 6.5.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг тусгасан байх ба тус заалтын 6.5.5.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус заасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх тул хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Н ” ХХК-ийн Дотоод аудитын газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/683 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, Тойрох хуудас, Ажилтны ажил байдлын тодорхойлолт, Ц.Э ийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хүсэлт, Цаг бүртгэлийн журам, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ээлжийн амралтын хуваарь батлах” тухай тушаал, уг тушаалын хавсралт, цалингийн тодорхойлолт, “Н ” ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д ийн гар утасны Вайбер чат программд “Ц.Э эс чөлөө олгохын хүссэн фото зураг, цахим захидал” ирүүлсэн эсэх талаарх баримт, “Ю” ХХК-иас дуудлага хийсэн, дуудлага хүлээн авсан талаарх лавлагаа, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн лавлагаа, гэрч Б.Д ийн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч “Н ” ХХК нь ажилтан Ц.Э ийг “Н ” ХХК-ийн Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын Дотоод аудитор ажилд томилж, талууд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

“Н ” ХХК-ийн Дотоод аудитын газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/683 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Ц.Э  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай” гэжээ.

 

5. Нэхэмжлэгч “...би 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Б суманд хувийн ажлаар явж байх үедээ автомашин эвдэрч, хөдөлгөөнгүй зогссон бөгөөд Улаанбаатар хот явах боломжгүй тул автомашинаа сумын төв хүртэл чирэх, хот хүртэл ачуулах шаардлагатай болж, энэ талаар өөрийн шууд удирдлага болох дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д  болон ахлах аудитор П.А нарт “Хөдөө явж байгаад унаа эвдэрчихлээ. Маргааш ажилдаа очиж чадахгүй боллоо” гэж зураг явуулж, утсаар мэдэгдсэн ба 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа очиж чадаагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

6. Цаг бүртгэлийн журмын 4.10-т “ажилтан томилолт, чөлөөний хүсэлт, гадуур ажил, ээлжийн амралтын хүсэлтийг программаар илгээж батлах эрх бүхий удирдлагаар батлуулна”, 4.15-т “хүндэтгэсэн үзэх шалтгаантай бол цаг илгээх, батлах хугацааг Хүний нөөцийн бодлогын газрын Захирлын зөвшөөрлөөр сунгаж болно”, Хөдөлмөрийн дотоод журмын 5.13.2-т “Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө хүсэх тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн программаар дамжуулан чөлөөний хүсэлтийг илгээж, чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан хүсэлтийг баталгаажуулснаар чөлөөг зөвшөөрсөнд тооцно”, 5.13.1-т “9 хүртэлх цагийн чөлөөг шууд удирдах албан тушаалтан, 9-40 цаг Хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцөн салбарын удирдлага, 5-30 хоног Салбарын захирлын саналыг үндэслэн Хүний нөөцийн бодлогын газартай зөвшилцөн бизнес хариуцсан захирал чөлөө олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны ажилтан Ц.Э  нь өөрийн шууд удирдах албан тушаалтан болох Дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д той 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр утсаар холбогдож “...2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чөлөө олгох хүсэлт гаргаж”, Дотоод аудитын хэлтсийн дарга Б.Д оос 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чөлөөг олгосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Д ийн мэдүүлгээр нотлогджээ.

 

7. Харин ажилтан Ц.Э эс “...2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн” чөлөөг авах талаар хүсэлт гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

 

8. Иймд талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.5.5.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцална” гэж заасны дагуу “Н ” ХХК-ийн Дотоод аудитын газрын захирлын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01/683 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар Ц.Э тэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр Ц.Э ийн нэхэмжлэлтэй,  “Н ” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Э ийн нэхэмжлэлтэй, “Н ” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД