Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0237/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунцэцэг,

Улсын яллагч К.Нанжинханд,

Хохирогч*******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******т холбогдох эрүүгийн 2518000000267 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1989 оны 05 сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 07 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 03 сарын 18-ны өдрийн******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь 2025 оны 03 сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн*******ны******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр*******йг “залуучуудтай архи ууж явсан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь дух, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, уруул, баруун шанаа, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: 2025 оны 03 сарын 22-нд хувцас угаах ажлаас болж бид маргалдсан. 2025 оны 03 сарын 23-нд эхнэр гарч яваад архи ууснаас болж маргалдсан. Эмэгтэй хүнд гар хүрсэн нь миний буруу. Нүүр лүү нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Зөрчлийн талаар амаар болох харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 5/,

          Хохирогч*******йн: 2025 оны 03 сарын 24-ний шөнө 02:00 цагийн үед гэртээ ирээд сууж байхад манай нөхөр ******* “чи цагдаа дууддаг хэн бэ” гээд миний баруун талын хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь “би цагдаа дуудаагүй” гэж хэлсэн чинь ******* “чамаас өөр хэн дууддаг юм бэ? чи муу янхан, 3 залууд хүчиндүүлсэн, тэр 3 залуутайгаа унтсан биз дээ” гээд миний нүүр, дагз, гарын бугалга, мөр, шилэн хүзүү, цээж хэсэгт 10 гаруй удаа цохисон...

          2025 оны 03 сарын 22-нд 20:00 цагийн үед манай нөхөр ******* “чи өнөөдөр угаалга хийнэ гээд байсан яасан бэ” гэхээр нь би “чи өөрөө ус авч өгөхгүй байгаа юм чинь яаж угаалга хийх юм бэ” гэж хэлээд бид маргалдсан. Маргааш өглөө 10:30 цагийн үед ******* “чи өнөөдөр угаалга хийгээрэй” гэхээр нь би “чадахгүй, өөрөө хий” гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээдтай таараад хамт архи ууж байгаад шөнө 01:00 цагийн үед гэртээ орсон. Тэгтэл ******* намайг залуучуудтай цуг архи уусан гэж хардаад зодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 93/,

          Гэрчын: ...2025 оны 03 сарын 23-нд 11:00 цагийн үед******* эгч,  ******* ах нар гэртээ хэрүүл маргаан хийгээд чанга орилоод байхаар нь гэрт нь ортол******* нь *******ыг архичнаар нь дуудаж байгаад хувцсаа аваад гараад явсан.******* эгч шөнө 01:00 цагийн үед гэртээ орж ирэхэд ******* ах түүнтэй маргалдаж байгаад түүнийг 2-3 удаа цохисон. Тэд ямар шалтгаанаар маргалдсан, ******* нь*******йн хаана нь цохисныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

          Гэрчйн: ...******* ахын том охин хүрч ирээд “аав, ээж хоёр зодолдоод байна” гэж хэлэхээр ньыг дагуулаад тэднийд очиход******* нь 00-ын хажууд уйлаад сууж байсан. Юу болсон талаар*******эс асуухад “*******тай маргалдсан” гэж хэлсэн.*******йн баруун талын хацар нь улайсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 95/,

          Гэрчын: ...ажлаасаа буугаадийн хамт гэр лүүгээ явж байхад*******тэй таарсан.******* нь гандуухан, уйлсан бололтой явж байсан ба юу болсон талаар асуухад “нөхөртэйгөө маргалдаад гэрээсээ гарсан” гэж хэлсэн. Тэгээд*******йг манайд очиж архи уух уу гэхэд тэгье гээд,******* бид гурав дэлгүүрээс 3 шил архи аваад 1 шилийг нь машинд уугаад 2 шил архиа аваад манайд очиж уугаад 1 шил архийг ууж дуусгаад гэр рүүгээ явсан. Үлдсэн 1 шилийг уугаад талдаа орж байхад******* харилаа гээд 21:00 цагийн үед явсан. Машин дотор архи ууж байхдаа******* “Би одоо Улаанбаатар хот руу гарах гэж байна” гэж хүнтэй утсаар ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20, 97/,

          Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 сарын 27-ны өдрийн дугаартай*******йн биед дух, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, уруул, баруун шанаа, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

          Хохирогч*******йн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн толгойн тодосгогчгүй компьютерт томографын шинжилгээний дүгнэлт /хх-ийн 28/,

          “...дух чамархай хэсгээр хөхөрч няцарч хавдсан эмзэглэлтэй байна, зүүн бугалга, сарвуу хэсгээр хөхөрч няцарсан байна” гэх хохирогч*******йн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37/,

          Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар багийн хамтарсан багаас хийсэн шүүгдэгч *******, хохирогч******* нарын гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, тайлан /хх-ийн 68-75/,

          Шүүгдэгч *******ын 2025 оны 03 сарын 24-нд эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 84/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр*******йг биед халдаж зодсон нь нотлогдон тогтоогдож байна. Түүний үйлдэл хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

          Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 03 сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед эхнэр*******йг залуучуудтай хамт архи уулаа гэж хардаж түүний нүүр, толгой хэсэгт удаа дараа цохиж эрүүл мэндэд нь дух, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, уруул, баруун шанаа, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.

          Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь хамтран амьдрагч буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тодорхойлсон.

          Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь гэр бүлийн бусад гишүүдэд хяналтаа тогтоож, эрх мэдлийн тэнцвэргүй байдалд оруулах зорилгоор эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч*******йг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

          Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

          2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******йн эрүүл мэндэд дух, хамар, доод уруулын дотор салстад зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, эрүү, уруулын дотор салст, хүзүүнд цус хуралт, баруун, зүүн дээд, доод зовхи, уруул, баруун шанаа, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирч, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 28,350 төгрөгийн зардал гарсан байна

          Хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч*******йн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 28,350 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

          Иймд шүүгдэгч *******аас 28,350 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогч******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

          3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

          Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

          Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байна.

          Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой тусгайлан санал гаргаагүй болно.

          Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

          Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 07 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

          Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 07 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

          6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас 28,350 /хорин найман мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

          7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР