Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

      Орчуулагч, хэлмэрч Т.Х,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,

      Шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.т овогт Х-гийн А-ад холбогдох эрүүгийн 2513000000158 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр минутад хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19..... оны ... дугаар сарын .....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц- сумын ... дугаар /Партизан/ багт оршин оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.т овогт Х-гийн А-, регистрийн дугаар:БЛ...........

    

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Х.А- нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 8 дугаар /Партизан/ багийн нутаг дэвсгэрт иргэн Х.М-ыг “...засварын газарт ажиллаж байхад машины эд анги болон бусад төрлийн эд зүйл хулгайлсан...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Хохирогчооос уучлалт гуйсан, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлсөн. Прокурорт 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Уг саналыг прокурор хүлээж авсан. Прокурорын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, чин санаанаасаа гэмшиж байгаа” гэв.

 

            4. Шүүгдэгч Х.А- нь 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- сумын 8 дугаар /Партизан/ багийн нутаг дэвсгэрт иргэн Х.М-ыг “...засварын газарт ажиллаж байхад машины эд анги болон бусад төрлийн эд зүйл хулгайлсан...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн зовхи, алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад цугларсан зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Т.М-ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,  хохирогч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой С.К-ийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/, яллагдагч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, хохирогч Т.М-ын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 48 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08/39 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           

            7. Шүүгдэгч Х.А- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            8. Хохирогч Т.М- нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.А-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч Х.А-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

12. Шүүгдэгч Х.А- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

 

14. Шүүгдэгч Х.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ж.т овогт Х-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /тавин зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ад оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /тавин зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Х.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Х.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК