Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/122

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.А,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-,

      Шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.к овогт Б-ын Х-т холбогдох эрүүгийн 2513000000163 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 19..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн ......... сумын ..... дугаар /Бөхөн уул / баг, .... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн ....... сумын 5 дугаар /Ховд гол/ багт оршин оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С.к овогт Б-ын Х-, регистрийн дугаар:БД.......

 

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүд орчим шарх, хамар, дух, хүзүү, цээжний хэсэгт цус хуралт, баруун чамархайд зулгаралт, баруун, зүүн хацар, баруун чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Б.Х- нь  2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Б.Х- тухай гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн зүгээс мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэдгийг илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Х-ийн холбогдсон хэргийн хувьд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдал, мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Тухайн оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Х-т энэ гэмт хэргийн улмаас хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног байхгүй. Тухайн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэгжүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн эд зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Х-ийн хувьд 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө хохирогч Б.Н-ыг зодож, түүний биед хөнгөн хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул прокурорт өмгөөлөгчийн хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг прокурор хүлээн авч, шүүгдэгч Б.Х-т 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000  төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргасныг харилцан тохиролцсон. Прокуророос гаргасан саналыг дэмжин оролцож байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

            4. Шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Н-ыг зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүд орчим шарх, хамар, дух, хүзүү, цээжний хэсэгт цус хуралт, баруун чамархайд зулгаралт, баруун, зүүн хацар, баруун чамархайн хэсэгт зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Б.Н-аас 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, хохирогч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06 дахь тал/, хохирогч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/, гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Х.Е-ын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/

Яллагдагч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Б.Х- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч Б.Н- нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Х-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

12. Шүүгдэгч Б.Х- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

14. Шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Ж.к овогт Б-ын Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК