Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2022/01812

 

 

 

  

 

 

2022 оны 06 сарын 06 өдөр

                Дугаар 183/ШШ2022/01812

                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: “Б ” ТӨХХК-д холбогдох, 

          

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Ч.Э нь “Б ” ТӨХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:  “Б ” УТҮГ-т Худалдаа хангамжийн менежерийн ажлын байрны орон тоонд Үйлдвэрлэл - технологийн албаны ханган нийлүүлэлтийг хариуцаж ажилладаг Ч.Э  нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа аваад, ээлжийн амралтын хугацаа дууссанаас хойш 2018 оны 10 дугаар  сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Б ” УТҮГ-ын захирал Б.Ц д хандан, ажилд орох хүсэлтээ гаргасан. Гэтэл “Б ” УТҮГ-ын захирлын 2020 оны 12 сарын 21-ний өдөр “Өргөдөл шийдвэрлэх хугацааг сунгах тухай” 1/306 тоот албан бичгээр “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгээс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар таны хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон байна. Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл танд өгсөн эсэх, тухайн үед жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгосон эсэх асуудлыг тодруулж, таны өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж хариу егөх боломжтой...” гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “...жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө...” гэж заасан байна. Иймээс Ч.Э  намайг “Б ” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл-технологийн албаны ханган нийлүүлэлт хариуцсан “Худалдаа хангамжийн менежер”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.     

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Э ийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна. Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан “Б ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ч.Э ийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3-т зааснаар Ч.Э ийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй. Мөн нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны мэдэгдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгчид асрах чөлөө олгосон тушаал байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан зохицуулалт хамаарахгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Э ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр халамжийн мэргэжилтний тодорхойлолт, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.Э ийн ажилд орох тухай өргөдөл, хүү Б.Э ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчаас “Б ” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаал, тушаалын хавсралт, “Б ” УТҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр тушаал, тушаалын хавсралт, “Б ” ТӨААТҮГ-ын орон тоо бүтэц, зохион байгуулалт, “Б ” УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, Худалдан авалт хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт, “Б ” ТӨААТҮГ-ын Үйлдвэр хангамжийн менежерийн албан тушаалын танилцуулга, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, “Б ” ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Мэдэгдэл, “Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б ” УТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/306 дугаар Өргөдөл шийдвэрлэх хугацааг сунгах тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Б ” УТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг, Ч.Э ийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилд орон тухай өргөдлийг хариуцагч “Б ” ТӨХХК-иас, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 351 дүгээр албан бичгийг, хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2986 дугаар албан бичгийг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Э ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ч.Э  би “Б ” УТҮГ-т Худалдаа хангамжийн менежерийн ажлын байрны орон тоонд Үйлдвэрлэл - технологийн албаны ханган нийлүүлэлтийг хариуцаж ажилладаг байсан. Ч.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Б ” УТҮГ-ын захирал Б.Ц д хандан, ажилд орох хүсэлтээ гаргасан. Гэтэл “Б ” УТҮГ-ын захирлын 2020 оны 12 сарын 21-ний өдөр “Өргөдөл шийдвэрлэх хугацааг сунгах тухай” 1/306 тоот албан бичгээр “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын хэсгээс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар таны хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон байна. Иймд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл танд өгсөн эсэх, тухайн үед жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгосон эсэх асуудлыг тодруулж, таны өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж хариу егөх боломжтой...” гэсэн хариу өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “...жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө...” гэж заасан байна. Иймээс Ч.Э  намайг “Б ” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл-технологийн албаны ханган нийлүүлэлт хариуцсан “Худалдаа хангамжийн менежер”-ийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ч.Э ийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй байна. Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан “Б ” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ч.Э ийн ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3-т зааснаар Ч.Э ийг ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй. Мөн нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгчид асрах чөлөө олгосон тушаал байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан зохицуулалт хамаарахгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Э ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо хариуцсан Хөдөлмөр халамжийн мэргэжилтний тодорхойлолт, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоол, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаар тушаал, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.Э ийн ажилд орох тухай өргөдөл, хүү Б.Э ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, “Б ” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаал, тушаалын хавсралт, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаал, тушаалын хавсралт, “Б ” УТҮГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр тушаал, тушаалын хавсралт, “Б ” ТӨААТҮГ-ын орон тоо бүтэц, зохион байгуулалт, “Б ” УТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, Худалдан авалт хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолт, “Б ” ТӨААТҮГ-ын Үйлдвэр хангамжийн менежерийн албан тушаалын танилцуулга, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, “Б ” ТӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Мэдэгдэл, “Б ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Б ” УТҮГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/306 дугаар Өргөдөл шийдвэрлэх хугацааг сунгах тухай, “Б ” УТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаар, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 351 дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2986 дугаар албан бичиг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил олгогч “Б ” ТӨААТҮГ нь ажилтан Ч.Э ийг “Б ” ТӨААТҮГ-ын Санхүү эдийн засгийн албаны Худалдаа хангамжийн менежерийн ажилд томилж, талууд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 13 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

Ажилтан Ч.Э  нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөө авсан, энэ талаар ажил олгогчоос тушаал гаргаагүй, Ч.Э  нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Батбаярын Э ийг төрүүлсэн, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Ажилдаа орох тухай” өргөдлийг гаргасан талаар зохигч маргаагүй болно.

 

“Б ” ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолыг үндэслэн хавсралтад дурдсан ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлсүгэй” гэж заасан бөгөөд уг тушаалын хавсралтын 8-д “Үйлдвэр хангамжийн менежерийн албан тушаалтай Ч.Э ” гэж заажээ.

 

Уг тушаалыг ажил олгогчоос ажилтан Ч.Э т гардуулж, танилцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд Ч.Э ийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажилд орох тухай” өргөдөл, “Б ” УТҮГ-ын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/306 дугаар “Өргөдөл шийдвэрлэх хугацааг сунгах тухай” баримтыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Э  шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй юм.

           

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална” гэж заасан, 100 дугаар зүйлийн 100.1-д “ажил олгогч нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан, 106 дугаар зүйлийн 106.2-т “хүүхэд асрах чөлөө дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд орон тоо хасагдсан тохиолдолд түүнд өөр ажил олж өгнө” гэж заасныг ажил олгогч нь зөрчиж, ажилтан Ч.Э ийг хүүхэд асрах чөлөөтэй байхад нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж татан буугдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Б ” ТӨААТҮГ-ыг татан буулгасан байх боловч уг хуулийн этгээдийн хэлбэрийг “Б ” УТҮГ гэж, “Б ” ТӨХХК гэж өөрчлөн, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байгаа болох нь хавтаст хэрэг авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогджээ.

 

            Иймд Ч.Э ийг “Б ” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл хангамжийн менежерийн ажил, албан тушаалд /эсхүл адил чанарын өөр ажил, албан тушаал болох Худалдан авалт хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд/ эгүүлэн тогтоох нь зүйтэй болно.

           

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Ч.Э ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 41.010 төгрөгийг /ажилд орох өргөдөл гаргасан өдөр болох 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны/ ажлын 378 хоногоор тооцож 15.501.780 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Б ” ТӨХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ч.Э т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ч.Э ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Б ” ТӨХХК-иас даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б ” ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235.458 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э ийг “Б ” ТӨХХК-ийн Үйлдвэрлэл хангамжийн менежерийн ажил, албан тушаалд /эсхүл адил чанарын өөр ажил, албан тушаал болох Худалдан авалт хариуцсан ажилтан гэсэн албан тушаалд/ эгүүлэн тогтоож, хариуцагч “Б ” ТӨХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15.501.780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Э т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлж, зохих бичилт хийхийг хариуцагч “Б ” ТӨХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Э  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Б ” ТӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235.458 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД