Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 161

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

            шүүгдэгч /хохирогч/ Б.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч /хохирогч/ Г.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Алаг адуу овогт Батнасангийн Эрдэнэбаатар, Аюулгүй овогт Ган-Эрдэний Алтанцэцэг нарт холбогдох эрүүгийн 201726030310 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто техникийн засварчин мэргэжилтэй, “Кашмер Холдинг” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Хабитат 22а гудамжны 1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Алаг адуу овогт Батнасангийн Эрдэнэбаатар /РД:МЮ93112310/

2. Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Мод үржүүлгийн задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Аюулгүй овогт Ган-Эрдэний Алтанцэцэг /РД:АД96071801/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь согтуугаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Мод үржүүлгийн задгайд оршин суух хохирогч Г.Алтанцэцэгийг 2017 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө аяга, таваг шидлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Алтанцэцэг нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Мод үржүүлгийн задгайд гэртээ 2017 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Б.Эрдэнэбаатар, Ч.Болормаа нартай хамт архидан согтуурч улмаар хохирогч Б.Эрдэнэбаатарыг манай найз Ч.Болормааг оролдох гэлээ гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь маажиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                         

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Алтанцэцэг өөрөө эхэлж намайг гэртээ дуудаж пиво авахуулсан. Би дэлгүүр ороод 2,5 литрийн нэг пиво 6500 төгрөгөөр авч уусан. Удалүй Алтанцэцэг “0,75 литрийн Улаанбаатар архи байна уучих уу”  гээд тэр архийг Алтанцэцэг, Болормаа бид гурав хувааж уугаад архинаас жаахан үлдсэн. Тухайн үед Болормаа, Алтанцэцэг хоёр хоорондоо юм яриад байсан ба би Алтанцэцэгээс “яагаад сэтгэлээр унаж уугаад байгаа юм бэ” гэхэд “шөнийн 1 цаг болж байхад манай нөхөр намайг хаяад ээж рүүгээ явсан” гэж хэлсэн. Болороог баруун талын орон дээр хэвтүүлэхэд Алтанцэцэг “хүүхэд уйлаад байна” гээд хүүхэдтэйгээ хамт орон дээр хэвтсэн. Намайг Болороо дээр очиж байхад тэр бөөлжиж байсан ба би “явлаа шүү” гэхэд Алтанцэцэг босоод миний араас таваг шидэж, араас татаж бариад байсан. Би гарыг нь тавиулаад “явмаар байна” гэхэд араас юм шидсэн. Дахиад чихэртэй таваг аваад над руу шидэхэд миний зүүн гарын шуунд оносон. Би түүнд “чи одоо яах гээд байгаа юм бэ” гэсэн. Тэр миний гараас бариад авахад нь би эргэж хараад зүүн гараараа түүний нүүр рүү түлхсэн. Гэтэл Алтанцэцэгийн хамарнаас цус гарсан байсан. Би Болороо дээр очоод “би явлаа” гэж хэлсэн. Тэр үед Алтанцэцэг нөхөртэйгээ утсаар ярьж байсан. Би Алтанцэцэгт “за за уучлаарай” гэж хэлээд байж байтал цагдаа ороод ирсэн. /хх-ийн 65-66-р хуудас/,

...Би Алтанцэцэгтэй уулзаж түүний биед гэмтэл учруулсандаа уучлалт гуйсан. Алтанцэцэг нь хамрын хагалгаанд орж, эмчлүүлэхэд 800.000 төгрөг шаардлагатай гэсний дагуу түүний нэхэмжилсэн 800.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69-р хуудас/,

 

Шүүгдэгч Г.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Болормаа архи уухаасаа өмнө Эрдэнэбаатарыг жаахан хүүхэмсэг, би тасарчихаж магадгүй намайг хамгаалаарай гэж хэлж байсан. Бид гурав хамт ууж байтал Болормаа тасраад унтчихсан. Эрдэнэбаатар бид хоёр архиа ууж дуусгаад унтах гэтэл Эрдэнэбаатар Болормаа дээр очоод татаж чангаагаад байхаар нь Болормааг хамгаалах санаатай Эрдэнэбаатарын араас таваг шидэхэд Эрдэнэбаатар тоохгүй Болормааг татаад байхаар нь би Эрдэнэбаатарын араас татсан. Тэр үед Эрдэнэбаатар эргэж хараад над руу дайраад байхаар нь би биеэ хамгаалж нүүрийг нь самардахад Эрдэнэбаатар уурлаад намайг алгадаж, дараа нь хамар руу гараараа цохисон. Би Эрдэнэбаатарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 107-р хуудас/,

 

Хохирогч Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зүүн хацартаа хумсны сорвитой, гарын зүүн шуунд зүсэгдсэн шархтай. Би эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв. 

 

Хохирогч Г.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний нүүр хөхөрч, хамар мурийсан байсан. Намайг 3 сарын дараа хамар тэгшлүүлэх хагалгаанд ороорой гэсэн. Хагалгааны төлбөр 450.000 төгрөг гэсэн. Миний толгой доргисон байна гэхээр нь эм, тариа хэрэглэсэн. Эмчилгээний зардал болон унааны мөнгөтэй нийлээд 200.000 төгрөг гарсан. Эрдэнэбаатар 800.000 төгрөг төлсөн. Хамрын хагалгаанд орох мөнгийг 800.000 төгрөгөндөө тооцож байгаа. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв. 

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Б.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: Г.Алтанцэцэгийн гэрт найз Болороо бид гурав архи ууж дуусаад би “гэртээ харьлаа” гэж хэлээд явах гэтэл Алтанцэцэг намайг явуулахгүй байсан. Болороо дээр очоод бөөлжсийг нь цэвэрлэх гэтэл Алтанцэцэг миний араас аяга, таваг шидээд байхаар нь би эхэндээ тоогоогүй юм. Болороогийн бөөлжсийг цэвэрлэж байтал миний араас Алтанцэцэг хумсаараа маажихаар нь эргээд хартал миний нүүрэн тус газар маажсан. Миний биед Алтанцэцэг гэмтэл учруулсан. Алтанцэцэг, Болормаа бид гурав нэг сав пиво, нэг шил Улаанбаатар нэртэй архи хувааж уусан. Өөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Алтанцэцэг бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/,

 

Хохирогч Г.Алтанцэцэг мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Гантөмөр ээжтэйгээ очиж золгоно гээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Хархорин захын арын гэр хороолол руу 13 цагийн үед явсан ба би гэртээ 1 нас 3 сартай хүү Бөхболдтой хоёулахнаа үлдсэн. Орой урд хашааны айлын Болормааг гэртээ хонуулахаар дуудахад тэр 21 цагийн үед манайд ирсэн. Болороо бид хоёр хоёулахнаа пиво уухаар болсон. Тэгтэл Болороо “хоёулахнаа яаж уух уу, та нөхрөө дуудчих,  би найз залуу Темкаг /Эрдэнэбаатар/ дуудна гэсэн. Би нөхөр рүү “ханиа хүрээд ир, хажуу айлын охин ганц юм ууя гэнээ” гэж мессэж бичихэд “зам их түгжрээтэй байгаа, би очиж чадахгүй” гэсэн хариу бичсэн. Удалгүй Тэмка /Эрдэнэбаатар/ ирээд “манайд авдарт архи байгаа, пивоор яах юм бэ” гэхэд Болороо “архиар яах юм бэ” гэсэн. Тэмка /Эрдэнэбаатар/ 2,5 литрийн пиво нэг ширхэгийг авчираад бид гурав хувааж уугаад дуустал Болороо, бид хоёр дахиж уумаар байсан. Тэгээд манайд байсан 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архийг гурвуулаа хувааж уугаад шөнийн 00 цагийн үед дууссан ба Болормаа согтоод тасарсан. Би ч их согтсон. Болормаад гэрийн баруун талын орон дээр ор засч өгөөд хэвтүүлсэн. Тэмка /Эрдэнэбаатар/ Болормаагийн хойгуур орж хэвтэхэд Болормаа “холд холд” гээд байсан. Тэмка /Эрдэнэбаатар холдохгүй байсан. Би орон дээр хүүхэдтэйгээ хэвтэж байхад Болормаа “эгчээ” гэж дуудах шиг болоход Тэмка /Эрдэнэбаатар/ “дуугүй байгаач” гээд орноос боссон. Тэмка /Эрдэнэбаатар/ над руу ирж миний хөхнөөс барьсан. Нэг мэдсэн чинь Тэмка /Эрдэнэбаатар/ миний дээр гараад миний дотуур өмдийг тайлаад өөрийнхөө бэлэг эрхтнийг намайг хөх гэж хэлэхэд нь “үгүй” гэсэн чинь тэр миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнээ хийж хөдөлсөн. Би “болиочээ” гэхэд “дуугүй бай, гичий” гээд миний хацар дээр алгадсан. Тэмка удалгүй миний дээрээс босч Болороо дээр очоод түүний өмдийг шувталж байгааг хараад тавагтай чихэрнээс аваад шидэхэд Тэмка /Эрдэнэбаатар/ босч ирээд “яаж байна гичий” гээд миний хацар дээр 2-3 удаа алгадсан. Болороо руу буцаад явахаар нь би таваг шидэхэд түүний нуруунд оносон. Темка /Эрдэнэбаатар/ эргэж ирээд “яаж байна” гээд миний хамар руу цохисон. Би хүүхдийнхээ саарал цагаан цамцаар хамарнаас гарсан цусаа дарсан. Би нөхөр Гантөмөрийн утас руу залгаад “намайг ирж аваачээ, намайг хүчиндсэн, аллаа шдээ” гэж хэлсэн ба удалгүй цагдаа ирсэн. Эрдэнэбаатар намайг 2 удаа хамар, нүд рүү цохисны улмаас миний тархи доргиж, хамрын яс хугарч, таславч мурийсан, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд үүссэн. Бэлгийн харьцаанд орсны дараа хамгийн сүүлд намайг таваг шидлээ гээд цохисон. Эрдэнэбаатар бэлгийн ажил хийх үед миний хөхийг аймар чанга базаж бариад байсан. Тэр үед миний хөхөнд зулгаралт үүссэн байх. Би эмчилгээнд гарах зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

...Эрдэнэбаатар надаас босоод Болормаа руу ойртохоор нь түүнтэй унтаж магадгүй гэж бодоод хамгаалах зорилгоор шидсэн. Эрдэнэбаатар нь намайг хүсээгүй байхад бэлгийн ажил хийж эхэлж байснаа босоод явсны дараа Болормаа руу явж байхад нь түүний араас таваг, чихэр шидсэн ба маргаан үүсч улмаар намайг Эрдэнэбаатар цохисон. Би хамрандаа хагалгаа хийлгүүлж, хамрын хугарсан яс, мурийсан мөгөөрсийг янзлуулахад 500.000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн зардалд 200.000 төгрөг, хагалгаа хийлгэхээс өмнө компьютер томографийн зураг авахуулахад 85.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 3.000 төгрөг, цагдаа, эмнэлэгт ирж очсон зардалд 17.000 төгрөг гарсан. Би гарсан болон цаашид хагалгаа хийлгүүлэхэд шаардлагатай 800.000 төгрөгийг Эрдэнэбаатараас нэхэмжилсэн. Эрдэнэбаатар нь надтай болон манай гэрийнхэнтэй уулзаж уучлалт гуйсан. Б.Эрдэнэбаатар нь  гарсан 800.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

...Б.Эрдэнэбаатар нь надаас уучлалт гуйсан ба миний бие Эрдэнэбаатартай эвлэрч, уучилсан. Одоо надад гомдол саналгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

...Эрдэнэбаатар Болормааг оролдох гээд байхаар нь түүний араас ширээн дээр байсан аяга, тавагийг авч шидсэн. Тэгтэл Эрдэнэбаатар уурлаад эргэж хараад намайг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/,

 

Гэрч Б.Гантөмөр мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 2-3 цагийн үед Алтанцэцэг над руу залгаад “намайг аллаа, ирж авраач” гээд цаана нь хүүхэд уйлаад байсан. Би такси бариад замдаа цагдаад мэдэгдээд гэртээ ирэхэд цагдаа нар ирсэн байсан ба манай эхнэрийн нүүр хавдсан, орон дээр нил цус болсон, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Алтанцэцэг надад “тэр залуу намайг оролдоод хүчирхийлчихлээ” гэж хэлсэн. Өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Гэрч Т.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 26-ны орой 18-19 цагийн үед хөрш айлын утас руу залгаад “манай охин хүүхэдтэйгээ хоёулахнаа байгаа юм байна охиноо манай охинтой хамт хонуулаад өгөөч” гэж гуйсан. Маргааш өглөө 07 цагийн үед манай хүргэн Гантөмөр над руу залгаад “Алтанцэцэгийг хүн зодож барьсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

 

Гэрч Ч.Болормаа мэдүүлэхдээ: 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Алтанцэцэгийн аав нь манай аав руу утасдаад “манай охин гэртээ ганцаараа байна, та охиноо Алтанцэцэгтэй хамт хонуулаад өгөөч” гэж гуйсан. 21 цаг өнгөрч байхад манай аав намайг Алтанцэцэгийнд хүргэж өгсөн. Намайг очиход Алтанцэцэг бага насны хүүхэдтэйгээ хамт байсан ба нөхөр нь байгаагүй. Бууз жигнэж идсэний дараа Алтанцэцэг эгч “хамт уух хүн байвал дуудчихаа, би нөхрөө дуудчих уу, би хааяа нэг уудаг юм, өнөөдөр миний сэтгэл санаа хэцүү байна” гэхээр нь “яагаад сэтгэл санаа хэцүү байгаа юм бэ” гэхэд “3 сар гаргаад манай нөхөр надаас сална гэж хэлсэн” гэсэн. Намайг хүн дуудчих гэхээр нь би Тэмка буюу Эрдэнэбаатарын утас руу дохисон чинь Эрдэнэбаатар буцаагаад залгаад “би усанд орох гээд явж байна” гэсэн. Алтанцэцэг эгч надаас “юм авах мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй, бүх мөнгөө гэртээ үлдээсэн” гэхэд “наадах хүндээ юм аваад ир, ирэхээр нь мөнгийг нь өгнө” гэсэн. Би Эрдэнэбаатар руу залгаад “мөнгө байна уу” гэж асуухад Эрдэнэбаатар “автобусны мөнгө л байна” гэж хэлэхээр нь “манай эгч сэтгэл санаагаар унасан байна, чамайг юм аваад ир гэнэ, ирэхээр нь мөнгийг чинь өгнө” гэж хэлсэн. Эрдэнэбаатар хаягаа зааж өг гэхээр нь би мэдэхгүй байсан учраас Алтанцэцэг эгч миний утсыг аваад хаягаа зааж өгсөн. Эрдэнэбаатар  ирэхдээ “Сэнгүр” билүү тийм нэртэй 2,5 литрийн хэмжээтэй том савлагаатай пиво нэг ширхэгийг авчирсан ба Алтанцэцэг Эрдэнэбаатарт 5000 төгрөг өгсөн. Тухайн пивыг бид гурав хувааж уугаад дууссаны дараа 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг Алтанцэцэг эгч авдраас гаргаж ирээд бид гурав хамт хувааж уучихаад би согтоод унтаад өгсөн. Намайг нэг сэрэхэд Эрдэнэбаатар гадаа байсан, Алтанцэцэг эгч орилж, уурласан байдалтай хамарнаас нь цус гоожсон байсан. Миний унтаж байсан орон дээр аяга, чихэр зэрэг юмнууд байсан. Нэг аяга, нэг таваг хагарсан орны доод талд хэвтэж байсан. Ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Намайг сэрэхэд Алтанцэцэг эгч “намайг хүчиндсэн, чи сэрэхгүй байсан, чамайг хамгаалах гэж би ийм байдалд орчихлоо” гэж орилж хашгираад байсан...

...Алтанцэцэг эгчийн хүүхэд уйлаад байхаар нь сэрээд хартал Алтанцэцэг хойморын орон дээр унтсан Эрдэнэбаатарт “чи надад таалагдаад байна, миний хажуугаар ороод ир ээ” гэж хэлж байсан. Эрдэнэбаатар гаднаас орж ирж байсан. Энэ үед гэрт харанхуй гэрэл унтраасан байсан. Эрдэнэбаатар нь Алтанцэцэгтэй бэлгийн ажил хийсэн эсэхийг хараагүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3223 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Алтанцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, баруун хөхний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Г.Алтанцэцэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

6. Г.Алтанцэцэгийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

7. Г.Алтанцэцэг нь А /II/ бүлгийн цустай байна. /хх-ийн 42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №5525 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Эрдэнэбаатарын биед зүүн хацар, зүүн шуунд сорви тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 58-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 83-р хуудас/,

Шүүгдэгч, хохирогч нарын эвлэрсэн бичиг /хх-ийн 140-141-р хуудас/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,

Шүүгдэгч Г.Алтанцэцэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаатар, Г.Алтанцэцэг нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Мод үржүүлгийн задгайд оршин суух хохирогч Г.Алтанцэцэгийг “аяга, таваг шидлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

           Хохирогч Г.Алтанцэцэгийн ...Эрдэнэбаатар нь Болороо дээр очоод түүний өмдийг шувталж байгааг хараад тавагтай чихэрнээс аваад шидэхэд Эрдэнэбаатар босч ирээд “яаж байна гичий” гээд миний хацар дээр 2-3 удаа алгадсан. Болороо руу буцаад явахаар нь би таваг шидэхэд түүний нуруунд оносон. Эрдэнэбаатар эргэж ирээд “яаж байна” гээд миний хамар руу цохисон. Би хүүхдийнхээ саарал цагаан цамцаар хамарнаас гарсан цусаа дарсан. Би нөхөр Гантөмөрийн утас руу залгаад “намайг ирж аваачээ, намайг хүчиндсэн, аллаа шдээ” гэж хэлсэн ба удалгүй цагдаа ирсэн. Эрдэнэбаатар намайг 2 удаа хамар, нүд рүү цохисны улмаас миний тархи доргиж, хамрын яс хугарч, таславч мурийсан, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд үүссэн. Бэлгийн харьцаанд орсны дараа хамгийн сүүлд намайг таваг шидлээ гээд цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

...Би хамрандаа хагалгаа хийлгүүлж, хамрын хугарсан яс, мурийсан мөгөөрсийг янзлуулахаад 500.000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн зардалд 200.000 төгрөг, хагалгаа хийлгэхээс өмнө компьютер томографийн зураг авахуулахад 85.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 3.000 төгрөг, цагдаа, эмнэлэгт ирж очсон зардалд 17.000 төгрөг гарсан. Би гарсан болон цаашид хагалгаа хийлгүүлэхэд шаардлагатай 800.000 төгрөгийг Эрдэнэбаатараас нэхэмжилсэн. Эрдэнэбаатар нь надтай болон манай гэрийнхэнтэй уулзаж уучлалт гуйсан. Б.Эрдэнэбаатар нь  гарсан 800.000 төгрөгийг хохирлыг төлж барагдуулсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

...Б.Эрдэнэбаатар нь надаас уучлалт гуйсан ба миний бие Эрдэнэбаатартай эвлэрч, уучилсан. Одоо надад гомдол саналгүй байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

...Эрдэнэбаатар Болормааг оролдох гээд байхаар нь түүний араас ширээн дээр байсан аяга, тавагийг авч шидсэн. Тэгтэл Эрдэнэбаатар уурлаад эргэж хараад намайг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 102-р хуудас/,

Гэрч Б.Гантөмөрийн ...Намайг очиход манай эхнэрийн нүүр хавдсан, орон дээр нил цус болсон, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Алтанцэцэг надад “тэр залуу намайг оролдоод хүчирхийлчихлээ” гэж хэлсэн. Өөр дэлгэрэнгүй зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Гэрч Ч.Болормаагийн ...Эрдэнэбаатар  ирэхдээ “Сэнгүр” билүү тийм нэртэй 2,5 литрийн хэмжээтэй том савлагаатай пиво нэг ширхэгийг авчирсан ба Алтанцэцэг Эрдэнэбаатар 5000 төгрөг өгсөн. Тухайн пивыг бид гурав хувааж уугаад дууссаны дараа 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг Алтанцэцэг эгч авдраас гаргаж ирээд бид гурав хамт хувааж уучихаад би согтоод унтаад өгсөн. Намайг нэг сэрэхэд Эрдэнэбаатар гадаа байсан, Алтанцэцэг эгч орилж, уурласан байдалтай хамарнаас нь цус гоожсон байсан. Миний унтаж байсан орон дээр аяга, чихэр зэрэг юмнууд байсан. Нэг аяга, нэг таваг хагарсан орны доод талд хэвтэж байсан. Ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Намайг сэрэхэд Алтанцэцэг эгч “намайг хүчиндсэн, чи сэрэхгүй байсан, чамайг хамгаалах гэж би ийм байдалд орчихлоо” гэж орилж хашгираад байсан....Алтанцэцэг эгчийн хүүхэд уйлаад байхаар нь сэрээд хартал Алтанцэцэг хойморын орон дээр унтсан Эрдэнэбаатарт “чи надад таалагдаад байна, миний хажуугаар ороод ир ээ” гэж хэлж байсан. Эрдэнэбаатар гаднаас орж ирж байсан. Энэ үед гэрт харанхуй гэрэл унтраасан байсан. Эрдэнэбаатар нь Алтанцэцэгтэй бэлгийн ажил хийсэн эсэхийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3223 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Алтанцэцэгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, баруун хөхний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Г.Алтанцэцэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

6. Г.Алтанцэцэгийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.

7. Г.Алтанцэцэг нь А /II/ бүлгийн цустай байна. /хх-ийн 42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч /хохирогч/ Г.Алтанцэцэг нь хохирогч Б.Эрдэнэбаатарыг “Болормааг оролдох гэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь маажиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ. Үндэслэл нь:

Шүүгдэгч /хохирогч/ Б.Эрдэнэбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 5525 дугаартай шинжээчийн: Б.Эрдэнэбаатарын биед зүүн хацар, зүүн шуунд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хэрэг бүртгэлтийн шатанд нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч /хохирогч/ Г.Алтанцэцэг нь санаатай үйлдлээрээ учруулсан болох нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж Г.Алтанцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч /хохирогч/ Б.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар хохирогч Г.Алтанцэцэгийг хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 111 дугаартай Прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

         Хохирогч /шүүгдэгч/ Г.Алтанцэцэгийн “...Б.Эрдэнэбаатар нь миний араар хэвтээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийж хөдөлсөн. Гэхдээ миний өмд, дотоожийг хэн яаж тайлсан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж шийдвэрлэсэн болно.

 

           Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70, 115-р хуудас/-аар тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь хохирогч Г.Алтанцэцэгт эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн /хх-ийн 83-р хуудас/ ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дурын үндсэн эвлэрсэн тухай шүүхэд илэрхийлж хүсэлтээ бичгээр гаргасан байна. /хх-ийн 140-141-р хуудас/

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн” үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Б.Эрдэнэбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Б.Эрдэнэбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

                                                                               ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Аюулгүй овогт Ган-Эрдэнийн Алтанцэцэгт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Алаг адуу овогт Батнасангийн Эрдэнэбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Эрдэнэбаатарт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Б.Эрдэнэбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар, Г.Алтанцэцэг нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нартай холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дур\дсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаатар, Г.Алтанцэцэг нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР