Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 781

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Д даргалж, шүүгч Б.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/00620 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Н” ХХК-ийн хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Огийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Б нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь “Б” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн, 6 хороо, ХМК, Хайрхан хотхоны 46А 46Б 46В байрны асфальт хучилттай авто замын талбайн өргөтгөлийн ажлыг нийт өртөг нь 243 880 000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 2015/09/18/1 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн ажлын төлбөрийг 100 хувь бартераар хийхээр тохирч, гэрээнд зааснаар 46Б байрны 87 тоот, 46В байрны 44 тоот, 46А байрны 86 тоот тус тус 3 ширхэг 1-3 өрөө орон сууцыг 232 644 000 төгрөгт тооцож, үлдэгдэл 10 990 000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч талаас 3 орон сууц хүлээлгэж өгөхөөс 2 орон сууцыг шилжүүлж, нэг орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Хариуцагч талыг үүргээ биелүүлэхийг шаардсан бөгөөд уг байрны гэрчилгээг н.Мөнх-Оргил гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн нь нотлогдсон. 2, 3 хүн дамжиж шилжсэн тул гэрээнд заасан үнэлгээ, м.кв-аар тооцож 96 404 000 төгрөг, үлдэгдэл 10 990 000 төгрөг нийт 107 394 000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч ажлыг хийсэн эсэхэд маргаагүй. Гэрээг Ш.Б байгуулсан түүнд байрыг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Гэрээнд гарын үсэг зурсан болон гэрээний төлбөрийг хүлээж авах гэдэг өөр, өөр ойлголт юм. Тухайн үед нэхэмжлэгч байгууллагын захирал Ж.Э завгүй байсан учраас төлөөлөөд гарын үсэг зур гэсэн учир энэ талаар маргахгүй. Ш.Б нь нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд биш, тухайн ажлыг зуучлагч байсан. Ш.Б хариуцагч компанид хамаатных нь дүү ажилладаг гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байсан тул дүүгээрээ дамжуулаад байрны гэрчилгээг бидэнд хэлэлгүй өөрийн нэр дээр гаргуулж авсан байж магадгүй гэж үзэж байна. Хариуцагч Ш.Б-ийн нэр дээр шилжүүлэх гэж байхдаа бидэнтэй утсаар холбогдох боломжтой байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай тохиролцож ажил хийгдсэн боловч албан ёсны гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Учир нь эрүүгийн хэрэгт гэрээнд зурагдсан гарын үсэг нь өөр хүний гарын үсэг гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөртөө 3 орон сууц өгөх ёстойгоо бүгдийг нь гэрээнд заасан метр квадрат, тоотоор нь өгсөн. 46А байрны 86 тоот байрыг Ш.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Бид энэ ажлыг хийлгэж эхэлсэн цагаасаа Ш.Б-тай холбогдож байсан бөгөөд Ш.Б гэрээнд гарын үсэг зурсан. Замын ажил дуусмагц энэ байрнуудын гэрчилгээг авах талаар нэхэмжлэгч талд хэлэхэд Ш.Б ирсэн тул түүний хэлснээр гурван байрыг шилжүүлж өгсөн. Нэг дэх нэг өрөө байрыг Ж.Э, хоёр дахийг “Я” ХХК-д, гурав дахь байрыг нь Ш.Б нь миний нэр дээр гарна гэж хэлсний дагуу гэрчилгээг гаргаж өгсөн. Ш.Б нь өөрийнхөө гэрчилгээг аваагүй 2018 оны 5 сарын орчимд гэрчилгээгээ аваагүй байсан учраас би утсаар ярьсан. Ингээд нэг жил болоод эдний хийсэн зам хагарч эхэлсэн. Гэрээнд зааснаар баталгаат хугацаа дуусаагүй байгаа учраас эвдрэл дээр арга хэмжээ аваарай гэхэд Ш.Б ирж уулзаж, зам засч өгнө гэж хэлээд, ганцаараа шийдэх боломжгүй тул хамтарч байгаа хүмүүстэйгээ ярилцана гэж хэлээд алга болсон. 2018 оны 10 сард Ж.Э, Г.Идэрбат нар сүүлийн буюу 3 өрөө орон сууцыг бид ашиг гэж хувааж авах ёстой байхад Ш.Б нь өөрийн нэр дээр авчихсан байна гэж манай байгууллага дээр ирэхэд нь та нар  би замаа засаагүй байгаа, гэрчилгээ авахдаа маргаагүй талаар нь хэлсэн. Байр ашиглалтад орж улсын комисс хүлээн авахаас өмнө 3 орон сууцны эзэд нь тодорхой болсон, гэрчилгээг нь гаргаж өгөөрэй гэж хэлж байсан. Байр авсан хүмүүс засвар хийж байхад Ж.Э, Г.Э, Ш.Б 3 хамтдаа орж харж, Ш.Б-ийн дүү нь орж байгаа, учир нь дүүгээсээ 20 000 000 төгрөгийг аваад ажлын гүйцэтгэлд оруулсан талаар хэлж байсан. Энэ талаар Ж.Э, Г.Э, Ш.Б нар аль аль нь мэдэж байсан. 10 990 000 төгрөгийг гэрээнд дараагийн ажил дээр оруулна гэж тусгасан. Учир дараагийн ажилд бид хамтарч ажиллах ёстой байсан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч талын буруугаас болоод зам эвдэрсэн гэдэг тогтоогдсон. Бид 12 000 000 төгрөгөөр тухайн эвдэрсэн замыг янзлуулахаар болж байна. Замаа засч байж аваарай гэж хэлээд 3 дахь байрны гэрчилгээг өгөөгүй байсан. Гэтэл Ш.Б нь гэрчилгээгээ хаясан гэж зарлуулаад дахин шинээр авсан атлаа хамааралгүй хүнд гэрчилгээг өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 10 990 000 төгрөгийг нэхэмжлэгч талын буруугаас болж эвдэрсэн замыг янзлуулахад зарцуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар маргаж байгаа боловч уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ эсэх талаар ярих хэрэгтэй. Хэрэв хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзвэл гэрээний үүргийг шаардах эрхгүй. Замын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Уг ажлыг тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл. Хожим тусгай зөвшөөрлөө аваад түүнийгээ илэрхийлсэн бол тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхнаасаа тусгай зөвшөөрөлгүй байсан учраас гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний үүрэг шаардах эрхгүй ч гэсэн гэрээний үүрэгт 3 орон сууцыг өгнө гэдэг зүйл яригдсан бадаг. Уг орон сууцнуудыг эхний нэг өрөө орон сууцыг н.Эрдэнэжаргалд шилжүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрны гэрчилгээ гарсан. Гурав дахь байрны гэрчилгээ 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан. Эдгээр байрнуудын гэрчилгээ ингэж гарсан боловч орон сууц ашиглалтад орсон хугацаа буюу 2016 оны 7 сард байранд орох хүмүүс нь амьдраад эхэлчихсэн байсан. Эдгээр байранд ямар хүмүүс амьдарч байгаа, засвар хийж, дотоод зохион байгуулалтыг нь өөрчилж байгааг мэдэж байсан тул маргаагүй. Нэхэмжлэгч талаас Ш.Б-д итгэмжлэл олгосон. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурах эрхтэй боловч гэрээний үүргийг хүлээн авах эрхгүй гэж тайлбарлаад байна. Гэтэл бичгээр итгэмжлэл олгосон зүйл байхгүй. Хэрвээ хориглосон бол эхний байрыг шилжүүлэх талаар Ш.Б нь хэлж байхад Н ХХК-иас Ш.Б-г төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгийг мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 394 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 694 920 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 694 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх "Н" ХХК-ийн танилцуулга бүхий баримт бичгийг Ш.Б барьсаар орж ирсэн ба ярилцсны эцэст хамтран ажиллахаар болж 2015 оны 9 дүгээр сарын18 ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тухайн үед Ш.Б нь гэрээгээ өөрөө бэлдэж ирээд манайхаар гарын үсэг зуруулаад , захирал Ж.Э гэдэг нэрийн ард өөрөө гарын үсэг зураад, тамгаа гаргаж ирээд дарсан. Ингээд гэрээнд тохирсон ёсоор манайх 3 байр ажлын хөлсөнд өгөх үүрэгтэй байсан тул явцын дунд Ж.Э гэх иргэн болоод "Ялгуусан" ХХК-ын нэр дээр Ш.Б-н амаар хэлсэн даруйд бичиг баримтыг нь бүрдүүлж гэрчилгээ гаргуулж ирсэн. Хамгийн сүүлд түүний хүсэлтээр гэрчилгээг нь Ш.Б-н дээр гаргуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн болно. Гэтэл надтай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн залуучууд нь хоорондоо эд хөрөнгийн талаар маргахдаа намайг хохироож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Учир нь ажил гүйцэтгэх явцад тус компанийн захирал нь нэг ч удаа надтай уулзаж байгаагүй ба зөвхөн Ш.Б уулзаж, гэрээний дагуу авах байрнуудаа аваад явдаг байсан. Гэтэл гэнэт  Ж.Э гэх этгээд байр шилжүүлж өг гэж шүүхэд ханджээ. Ингээд Ш.Б нь эрхгүй байсан юм бол намайг залилсан гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 08 ны өдөр хэргийг хаах тухай 46 дугаартай прокурорын тогтоол гарсан байдаг ба хуурамч гарын үсэг зурсан асуудлыг нь гэмт хэргийн шинжийг ялимгүй хэмжээгээр агуулсан байна, мөн иргэн П.Бадам илүү байр бусдад өгч хохирсон асуудал байхгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолыг дээд шатны прокурор нь хянаж үзээд иргэн П.Бадам нь гэрээний дагуу 3 байраа хүлээлгээд өгсөн ямар нэг байдлаар хохирсон асуудал байхгүй гэж үзсэн. Гэрээний үүргээ биелүүлж 3 байрыг нь өөрсдийнх нь хэлсэн хүмүүст өгсөн байхад дахин 1 илүү байр нэхэмжилж байна. Зөвхөн Ш.Б-н нэр дээр гарсан байранд маргаж, бусад 2 орон сууцад маргаагүй. Ш.Б нь гэрчийн мэдүүлэгтэй энэ талаар тайлбарласан байсан. Ш.Б нь авах ёсгүй байсан бол энэ талаараа бидэнд урьдчилан мэдэгдэх боломжтой байсан. Ш.Б-ийн нэр дээр гарсан байсныг гэнэт мэдсэн гэх тайлбарыг Ш.Б өөрөө үгүйсгэсэн. Хэрэгт авагдсан баримтыг зохих ёсоор үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Иймд шийдвэрийн зарим хэсгийг буюу 96 404 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 107 394 000 гаргуулахаар шаардсан үндэслэлээ ажлын хөлсөнд 3 орон сууц өгөх ёстойгоос 1 орон сууцыг ажил гүйцэтгэгчид хүлээлгэж өгөөгүй тул үнэ 96 404 000 төгрөгийг, бэлнээр төлөхөөр гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 10 990 000 төгрөгийн хамт хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарлажээ.

Хариуцагч “Б” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, 3 орон сууцыг ажлын хөлсөнд тооцож шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, үлдэгдэл төлбөр 10 990 000 төгрөгийг ажлын доголдлыг арилгахад зарцуулагдах 12 000 000 төгрөгт суутган  тооцох тул нэхэмжлэлийг бүхэлд нь  зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

            Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан “Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ийн 46А, 46Б, 46В байрны асфальт хучилттай талбайн өргөтгөл засварын ажлыг гүйцэтгэх гэрээ”-гээр  нэхэмжлэгч “Н” ХХК нь орон сууцны асфальт хучилттай гадна талбайн 3 840 м.кв авто замын ажлыг нийт 243 880 000 төгрөгөөр 15 хоногт багтаан хийж гүйцэтгэх, хариуцагч “Б” ХХК нь ажлын хөлсийг бартераар буюу 3 орон сууцаар төлөх нөхцлийг харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

            Хариуцагчийн ажил гүйцэтгэгчид ажлын хөлсийг гэрээнд заасны дагуу 3 орон сууцаар төлсөн гэсэн тайлбараас үзвэл ажил гүйцэтгэгчээс ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй байна.

Мөн гэрээний төлбөрт шилжүүлсэн 46В-344 тоот, 46А-186 тоот 2 орон сууцны тухайд маргаагүй, харин 46Б-287 /87/ тоот 68,86 м.кв 3 өрөө орон сууцыг ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ захиалагч тал биелүүлээгүй тул үнийг гаргуулна гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.3- т ажил гүйцэтгэгчид ажлын хөлсөнд шилжүүлэхээр заасан  46Б-287 /87/ тоот 68,86 м.кв 3 өрөө орон сууц нь Ш.Б-ийн өмчлөх эрхэд шилжиж, улсын бүртгэлээр баталгаажсан нь хариуцагчийн төлөөлөгч П.Бадамын тайлбар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Гэрээнд заасан ажлыг хариуцаж талбайд ажилласан инженер Ш.Б нь ажил гүйцэтгэгчийг төлөөлж захиалагчтай харилцдаг байсан, 3 дахь байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч тайлбарласан боловч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхийг Ш.Б-д олгосон заалт гэрээнд тусгагдаагүй, компанийг төлөөлүүлэхээр эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэл, мөн орон сууцыг түүний өмчлөх эрхэд бүртгүүлэхийг “Б” ХХК-д “Н” ХХК-иас зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс үзвэл “Н” ХХК  болон “Б” ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний төлбөрийг Ш.Б-д шилжүүлэх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд захиалагч тал ажил гүйцэтгэгчид ажлын хөлсийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 Иймд нэхэмжлэгч нь захиалагчаас ажлын хөлс төлөх гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, шүүх орон сууцны үнэ 96 404 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, гэрээний 5.3-т заасанд нийцжээ.

Мөн ажлын хөлсний үлдэгдэл 10 990 000 төгрөгийг төлөөгүй болохоо хариуцагч зөвшөөрсөн бөгөөд ажлын доголдлыг арилгуулах шаардлагыг ажил гүйцэтгэгчид  тавиагүй, мөн зардал гаргуулах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул төлбөрт суутгах үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 184ШШ2019/00620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 639 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.Д

                            ШҮҮГЧИД                                       Б.Н

                                                                                    А.О