Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 15

 

 

 

  

С.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай С.Бд холбогдох, 2035001360184 дугаартай эрүүгийн 2 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл ..., ...... хамт Увс аймгийн ..... сумын ...... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй С овогт С-ын Б /РД:........./.

Шүүгдэгч С.Б нь Увс аймгийн Малчин сумын Хар хөтөл гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр буюу өөрийнхөө нэр дээр авсан 094707 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж, хууль бусаар 24.649 куб мод бэлтгэж ойн экологи эдийн засагт 4.869.853 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт С-ын Б-д холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн "Хэргийг прокурорт буцаах тухай" 57 дугаар шүүгчийн захирамжид шүүгдэгч С.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох гэсэн заалт нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шүүгдэгч С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн бэлтгэсэн гэх мод нь нэг машинд /Зил-130/ багтах эсэхэд туршилт хийж шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт шүүгдэгч С.Бгийн мод бэлтгэсэн гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, С.Бгийн бэлтгэсэн модоо тээвэрлүүлсэн авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнчлэн түүний бэлтгэсэн модоор барьсан хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл болон бэлтгэсэн модонд шинжээч томилсон шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт зэрэг бичгийн баримтууд авагдсан.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн баримтуудаас шүүгдэгч С.Б нь эрхийн бичигт заасан бэлтгэвэл зохих модны тоо хэмжээг хэтрүүлэн бэлтгэсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх нотлох баримтуудаар түүний 30.649 мЗ /метр куб/ хуурай шинэс мод бэлтгэсэн нь хангалттай тогтоогдсон.

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд "..мод бэлтгэх зөвшөөрөл олгохдоо Д.А нь нэг машин модны зөвшөөрөл бичиж өгсөн гэж мэдүүлснийг "...шүүгдэгч нь боловсролгүй, мөн төрийн эрх бүхий байгууллагын албан хаагч нь метр куб хэмжээгээр бус нэг машинд ачигдах багцаалсан хэмжээгээр мод бэлтгэж болно гэх ойлголтыг шүүгдэгчид төрүүлсэн"... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, тухайн хэтрүүлэн бэлтгэсэн гэх мод нь хэдэн машин мод болохыг тогтоох, туршилт хийх гэж үзсэн нь биелэгдэх боломжгүй ажиллагаа юм.

Учир нь эрх бүхий байгууллагаас олгосон 094707 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт "6 м3 /метр куб мод" гэж бичиж өгсөн, С.Б нь өөрийн бэлтгэсэн модоо иргэн Б-ийн Хино загварын авто машинаар нэг удаагийн үйлдлээр тээвэрлүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд аливаа хэн нэгэн хүн өөрийн боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэдэг нь ямар нэгэн хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр Ойгоос мод бэлтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт "..иргэн уламжлал бүтээгдэхүүн үйлдвэрлэх...болон ахуйн хэрэглээний .. зорилгоор ойгоос бэлтгэх модыг Ойн анги эсвэл байгаль хамгаалагч тэмдэглэл хөтлөн хяналт тавина" гэж заасан боловч тухай бүр эрх бүхий этгээдүүд хяналт тавьж чаддаггүй бөгөөд Малчин сумын ойн ангийн дарга буюу гэрч Ч.Б мэдүүлэхдээ".. мод бэлтгэх эрхийн бичиг өгөхдөө түүнд талбайн тусгаарлалт хийсэн газрын нэрийг бичээд түүнээс очиж авах талаар хэлдэг. Хэрэглээний мод авах тохиолдолд хэдэн м куб мод авах талаар эрхийн бичигт бичиж, тайлбарлаж өгдөг. 6 м3/метр куб/ орчим аль болох өөрийн боломжоор хэрэглээний мод авах талаар хэлдэг бөгөөд бид нар 8 м3/метр куб/ мод 1 3ил-130 загварын машин мод болдогталаар тайлбарлажөгдөг" гэж, гэрч Д.А-гийн "...С.Бд би 6 м3 /метр куб/ хэмжээтэй 1 ширхэг Зил 130 машин мод бэлтгэх эрх өгч байгааг тайлбарлаж өгсөн.мөн нойтон шинэс мод тайрч унагаж болохгүй гэж хэлсэн" гэх мэдүүлэг авагдсан.

Дээрх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь өөрөө 6 м3 /метр куб/ мод буюу нэг 3ил-130 авто машин мод бэлтгэх ёстой гэдгээ мэдэж байсан байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Б-гийн бэлтгэсэн 65 ширхэг модноос 14 ширхэг мод нь Малчин сумын нутагт битүүмжлэн хадгалж байгаа бөгөөд үлдэгдэл 51 модоор шүүгдэгч Б.Б нь өөрийн өвөлжөөндөө малын хашаа барьсан болох нь хашаанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг бэлтгэсэн мод нь хэдэн машин мод болсныг тогтоохын тулд уг хашааг нураах нөхцөл шаардлага үүсэж байгаа нь биелэгдэхгүй боломжгүй ажиллагаа юм.

2. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хуралдаанаас шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг танилцуулахдаа "..1 дүгээрт шүүгдэгч С.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Б-тай хамт бэлтгэсэн. Хэдийгээр Б өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдээгүй ч гэсэн харин С.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн, өөрөөр хэлбэл хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй байна...."гэж танилцуулсан боловч хэргийг прокурорт буцаах тухай 2021 оны 02 сарын 10-ны өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжид энэ талаар бичээгүй нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй" нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзнэ. Энэ нь шүүхийн шийдвэрийн явцыг бэхжүүлсэн бичлэгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33 дахь хэсэгт "шүүхийн шийдвэр" гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31,4-т заасныг ойлгоно гэж заасан.

Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 31.3-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн "хэргийг прокурорт буцаах тухай" захирамж нь шүүхийн шийдвэр мөн юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн "шүүгдэгч С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох" гэсэн заалт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү" гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай, "Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн С.Бд холбогдох эрүүгийн 2035001360184 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч С.Бг Увс аймгийн Малчин сумын Хар хөтөл гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр буюу өөрийн нэр дээр авсан 094707 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигт заасан тоо хэмжээг хэтрүүлж, хууль бусаар 24.649 м3 /метр куб/ мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 4.869.854 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ: "Шүүгдэгч С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох, шүүгдэгч С.Б ойгоос мод бэлтгэж ашигласны төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө төлсөн эсэхийг шалгаж тогтоох,

Увс аймгийн Малчин сумын ойн ангийн инженер Д.А-гийн "зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг хууль ёсны болгох зорилгоор иргэн Б.Б-д ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг нөхөн олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан "албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан" гэх шинжтэй эсэхийг тогтоох шаардлагатай гэсэн гурван үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаасан байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд "шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудаас "шүүгдэгч С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох тухай заалт нь үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй ажиллагаа тул захирамжийн уг заалтыгхүчингүй болгуулах, мөн шүүгч хэргийг прокурорт буцаасан захирамжийн үндэслэлийг танилцуулахдаа: "С.Б нь хууль бусаар мод бэлтгэхдээ Б-тай бүлэглэн үйлдсэн эсэхийг тогтоох нь зүйтэй" гэж тайлбарласан атлаа захирамждаа энэ тухай тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн зөрчил тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү" гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргаж, энэхүү эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбар гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг буюу "шүүгдэгч С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох тухай дүгнэлт нь үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй " гэх үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б-гийн хууль бусаар бэлтгэсэн гэх 65 ширхэг модноос Малчин сумын төвд иргэн С.Б-ийн хашаанд буулгасан байсан 14 ширхэг хуурай, хэрэглээний шинэс модыг хураан авч битүүмжилсэн, үлдэх 51 модоор Б.Б нь өвөлжөөндөө малын хашаа барьсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгчийн захирамжид "шүүгдэгч нь С.Б "Д.А нь надад 1 машин мод бэлтгэх зөвшөөрөл олгосон. Би 6 метрийн урттай 65 ширхэг модыг Г-ийн машинаар нэг удаа ачсан" гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нь модыг метр куб хэмжээгээр бус нэг машинд багтах хэмжээгээр багцаалж бэлтгэж болно" гэж ойлгосон, төрийн албан хаагч энэхүү ойлголтыг шүүгдэгчид төрүүлсэн, мод бэлтгэх ажиллагаанд хяналт тавиагүй гэх зэрэг дүгнэлт хийж, 65 ширхэг модыг машинд нэг удаа ачих боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нэг машин мод бэлтгэх зөвшөөрөл авсны дагуу мод бэлтгэж авсан, модны метр куб, хэмжээг буруу ойлгож төөрөгдсөн гэж мэдүүлж байгаа ч түүнд хууль, журмын дагуу мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон эсэхийг шалгах байдлаар хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох нь чухал бөгөөд шүүгдэгч өөрийн бэлтгэсэн модны тоо, хэмжээний талаар маргаагүй ба бэлтгэсэн модоо нэг, эсхүл хэд хэдэн удаа машинд ачсан нь шүүгдэгчийн гэм бурууг шууд нотлох, эсхүл үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч С.Б хууль бусаар бэлтгэсэн модны зарим хэсгээр буюу 51 ширхэг модоор малын хашаа барьсан байх ба уг модоор хашаа барихад хүний хүч, хөдөлмөр, цаг хугацаа болон хөрөнгө /модноос гадна хашаа барихад шаардагдах эд зүйлс/ зарцуулж, шинээр эд хөрөнгө бий болгосон байна. Иймд модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг тогтоох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Харин прокурорын эсэргүүцлийн "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх" тухай үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт "шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол" Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр прокурорын хүсэлтээр шинжлэн судалсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр ..С.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгч гаргасан шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа "С.Б нь хууль бусаар мод бэлтгэхдээ Б-тай хамт бэлтгэсэн эсэхийг тодруулах нь зүйтэй" гэж тайлбарлаж хэлсэн байх боловч бичгээр үйлдсэн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ үндэслэлийнхээ талаар дурдаагүй байна.

Гэвч энэ нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгавал зохих зүйлийг бүрэн гүйцэд шалгаагүй, тухайлбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх эсхүл улсын төсөвт шилжүүлнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь хууль бусаар бэлтгэсэн мод байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар уг хууль бусаар бэлтгэсэн модыг албадан хураах, модыг хураах боломжгүй тохиолдолд модны зах зээлийн үнэлгээг гаргуулж улсын орлогод оруулах, хохирол нөхөн төлөхөд зарцуулах учиртай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль бусаар бэлтгэсэн гэх модны зах зээлийн үнэлгээг эрх бүхий этгээдээр тогтоолгоогүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзнэ.

Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн " шүүгчийн захирамжийн ...С.Бгийн хууль бусаар бэлтгэсэн гэх модыг нэг удаагийн үйлдлээр тээвэрлэх боломжтой эсэхийг шалгаж тогтоох гэсэн хэсэг нь үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй" гэснийг хүлээн авч, эсэргүүцлийн "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах" гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.ЖАМБАЛСҮРЭН