| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2022/02103/И |
| Дугаар | 182/ШШ2022/02078 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2022/02078
2022 07 04 182/ШШ2022/02078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 14 байр, 203/А тоот хаягт оршин суух, *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Дунд тасган гудамжны 9-91/Б тоот хаягт оршин суух, *******-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 6,730,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батсугар,
Хариуцагч Г.Даваасүрэн,
Гэрч А.Оюундарь, А.Номуундарь, Э.Төрммөнх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
1.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Миний бие нь Г.Даваасүрэнтэй 2021 оны 04 сарын 04-ний өдөр гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөгийг хүүгүй, 2021 оны 04 сарын 07-ноос 2021 оны 06 сарын 07-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож түүний 5094289223 тоот дансанд шилжүүлэн өгсөн.
Мөн гэрээнд зээлийн эргэн төлөлтийг өдөр бүр 66 000 төгрөгөөр зээлдүүлэгчийн 5300772877 тоот дансаар хүлээн авахаар заасан. Зээлдэгч Г.Даваасүрэн нь 270 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг одоо болтол төлөөгүй байна.
Г.Даваасүрэнд мөнгө зээлдүүлж байгаагүй, манай найз Н.Алтанзулын хамаатан садан гэхээр итгээд зээлдүүлсэн. Хариуцагч тал өөр хэнд ямар өр төлбөртэй эсэх талаар би мэдэхгүй, энэ талаар одоо сонсож байна. Иймд үлдэгдэл 3 730 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан бөгөөд энэ дагуу тооцож үзэхэд 3000 000 төгрөг болж байгаа тул алдангийг бүхэлд нь нэхэмжилж байна. Нийт 6 730 000 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү” гэв.
2.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Миний бие нь Н.Алтанзул, А.Оюундарь, А.Номундарь, М.Бямбадолгор нараас өдрийн зээл авч 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй мөнгийг зээлдэг байсан. 2020 оны 07 сарын 04-ний өдрөөс 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл нийт 3 600 000 төгрөг зээлж, хүү алдангийн хамт төлсөн байдаг. 2020 оны 12 сарын 27-ны өдөр дээрх этгээдүүд утсаар яриад 2 000 000 төгрөгийг 2 хувийн хүүтэй төлөөрэй ...өмнөх зээлийн хүү алданги явсаар байгаад энэ хүрсэн... одоо нэг сарын хүү 48000 төгрөгийг төлчих гэхээр нь А.Оюундарийн дансанд 48000 төгрөг шилжүүлж байсан. Дээрх хүмүүс маш өндөр хүүтэй мөнгийг өдрийн зээл нэртэйгээр гаргачихаад дараа нь алданги, алдангиас хүү нэмж бодож нэхэж авдаг.
2021 оны 04 сарын 07-ны өдөр Н.Алтанзул, А.Оюундарь, А.Номундарь, М.Бямбадолгор нар 4 000 000 төгрөг зээлэх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Манай ажил дээр ирээд нотиарат руу хамт явж *******ой зээлийн гэрээ байгуулж, миний дансанд 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэнгүүтээ А.Оюундарийн төрсөн дүү А.Номундарийн дансаар 3 475 000 төгрөгийг буцаан авсан. Тухайн үед би гайхаж хоцроод үлдэгдэл 525 000 төгрөгийг буцааж төлөх юм байх гэж бодсон. Ингээд 2021 оны 04 сарын 09-нөөс эхлэн өдөр тутам 66000 төгрөг төлнө гэж тохиролцсноор нийт 270 000 төгрөгийг төлж байтал 4 000 000 төгрөгөө төлөхөө мэдэж байгаа биздээ гэж нэхсэн. Иймд би илүү мөнгө төлөх үндэслэлгүй, эдгээр хүмүүсийн нэхсэн хүү алдангийг төлсөөр ирсэн тул М.Бямбадолгорын нэхэмжилж байгаа 6 730 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн тодорхойлолт, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0726 дугаар “Зээлийн гэрээ”-ний хуулбар, Г.Даваасүрэн, М.Бямбасүрэн нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх3-7/
4.Хариуцагчаас гаргасан нотлох баримт: Г.Даваасүрэнгийн Хаан банкны 5094289223 тоот дансны хуулга, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0726 дугаар “Зээлийн гэрээ”-ий хуулбар /хх21-55/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Бямбадолгор хариуцагч Г.Даваасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 730 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
1.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ...Г.Даваасүрэнтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж өөрийн данснаас 4 000 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн, 4 000 000 төгрөгийг хүүгүй, 2 сарын хугацаатай, өдөр тутам 66000 төгрөгөөр төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон...түүнд анх удаа мөнгө зээлж байгаа, тэрээр 270 000 төгрөгийг төлсөн...хугацаанд нь үүргээ гүйцэтгээгүй тул 3 000 000 төгрөгийн алдангийг бүхэлд нь шаардах эрхтэй...үндсэн зээл 3 730 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг, нийт 6 730 000 төгрөг гаргуулна гэж,
1.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ...*******ой зээлийн гэрээ байгуулж 4 000 000 төгрөгийг өөрийн дансаар авсан боловч тэрээр 3 475 000 төгрөгийг А.Номуундарийн дансаар буцаан авсан...үлдсэн 525 000 төгрөг төлөх үүргээс өдөр тутмаар нийт 270 000 төгрөгийг төлсөн...урьд өмнө нь өндөр хүүтэй өдрийн зээл авч хүү алданги төлж байсан ... 3 730 000 төгрөгийн үндсэн зээл, алданги 3 000 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 3 730 000 төгрөгийг хангаж, алданги 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.1. М.Бямбадолгор, Г.Даваасүрэн нар нь 2021 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг 2021 оны 06 сарын 07 хүртэл 2 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй, өдөр бүрийн өдрийн 66 000 төгрөгөөр зээлдүүлэгчийн Хаан банкны 5300772877 тоот дансанд төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, гарын үсэг зуран баталгаажуулан нотариатчаар гэрчлүүлсэн байна.
2.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд зээлдүүлэгч М.Бямбадолгор нь зээлдэгч Г.Даваасүрэнгийн 5094289223 тоот дансанд 2021 оны 04 сарын 07-ны өдөр 4000 000 төгрөгийг шилжүүлснээр тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
2.3. Хариуцагч тал зээлийн гэрээ байгуулагдсан, 4000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан талаар маргадаггүй харин зээлийн төлбөрийг эргэн төлсөн талаар маргаж байна.
2.4. Тодруулбал зээлдэгч М.Бямбадолгор нь гэрээ байгуулж 4000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн даруйдаа А.Номундарийн 5920094577 тоот дансаар 3 475 000 төгрөгийг буцаан авсан тул зээлийн төлбөрөөс 3 475 000 төгрөг төлөгдсөн гэж тайлбар гаргасан хэдий ч шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч А.Номуундарийн...Г.Даваасүрэн нь надад зээлийн үлдэгдэлтэй байсан...түүнийг М.Бямбадолгороос мөнгө зээлэх гэж байгааг мэдээд өмнө нь зээлдүүлсэн мөнгөний үлдэгдэл 3 475 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. Энэ нь миний түүнд зээлдүүлсэн гэрээний үлдэгдэл төлбөр байсан гэх, гэрч Н.Анхтуяагийн ...Г.Даваасүрэнг М.Бямбадолгороос мөнгө зээлэх гэж байгаа тухай А.Номундарьд хэлсэн...гэх мэдүүлгээр,
- 2021 оны 04 сарын 07-ны өдөр 3 475 000 төгрөгийг өөрийн 5094289223 тоот данснаас А.Номундарийн тоот 5920094577 дансанд шилжүүлсэн болох нь хариуцагч Г.Даваасүрэнгийн Хаан банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн буюу зээлдэгч ******* буцаан төлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
2.5. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д зээлийг өдөр бүр өдрийн 66 000 төгрөгийг зээлдүүлэгчийн 5300772877 тоот дансаар хүлээн авахаар заасан бөгөөд хариуцагч нь 2021.04.09-нд 60 000 төгрөг, 2021.0.5.09-нд 60 000 төгрөг, 2021.05.10-нд 60 000 төгрөг, 2021.05.15-нд 50 000 төгрөг, 2021.05.16-нд 40 000 төгрөг, нийт 5 удаагийн 270 000 төгрөгийг гэрээнд заасан түүний дансанд төлсөн байдаг. /хх50-53/
2.6. Харин гэрээнд заагаагүй 5920094577 тоот дансаар 2021 оны 04 сарын 07-ны өдөр шилжүүлсэн 3 475 000 төгрөгийг *******ой байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.7. Иймд зээлдүүлэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч М.Бямбадолгор гэрээний үлдэгдэл 3 730 000 төгрөгийг ******* шаардах эрхтэй байна.
3. Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 06 сарын 07-ны өдөр дууссан, зээлдэгч хугацаанд нь төлөх үүргээ гүйцэтгээгүй нь гэрээнд заасан алданги шаардах нэг нөхцөл гэж үзнэ.
3.1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заажээ.
3.2. Гэрээний 3.7-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 3 730 000 төгрөгийн алданги 3 000 000 төгрөг гэж хууль зүйн үндэслэлгүйгээр бүхэлд нь нэхэмжилсэн бөгөөд энэхүү тооцож гаргасан алдангийг хуульд заасан хэмжээнд багасгахгүй гэж тайлбар гарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул алданги шаардсан шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д шүүх багасгаж болно гэж заасан хэдий ч зохигч талууд анзын хэмжээний илт их байгаа эсэх мөн хэмжээг багасгах талаар хүсэлт гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
4. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч ******* зээлийн гэрээний үүрэгт 3 730 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 122 630 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бямбадолгороос улсын тэмдэгтийн хураамжид 74 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Даваасүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН