| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/0984/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1174 |
| Огноо | 2025-05-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэмөнх |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1174
2025 05 07 2025/ШЦТ/1174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Б.Эрдэнэмөнх,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2406 06186 0701 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......... оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол цайны газарт угаагч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 199 дүгээр зүйлд заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ............ цайны газарт хохирогч Т.Хгийн эзэмшлийн I Phone 14 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн мэдүүлэг өгөхөөс татгалзан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Хгийн “Би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .............. ажил дээрээ байж байтал өглөө 10 цагийн үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу эмэгтэй хүн орж ирээд нэг ширхэг бууз өгчих гээд гуйхаар нь би өөрийн I Phone 14 pro загварын гар утсаа ширээн дээр тавьчхаад бууз уутлах гээд гал тогоо руу орсон юм. Тэгээд буузыг нь өгчихөөд явуулсан бөгөөд тухайн үл таних эгчийн ардаас дахин нэг үйлчлүүлэгч орж ирээд хоол авахаар захилга өгсөн. Энэ үед би өөрийн утсыг ширээн дээр тавьсан гэдгээ санаад үзтэл байгаагүй. Тэгээд хяналтын камерийн бичлэгийг шүүз үзэхэд анх бууз гуйж орж ирсэн эгч миний гар утсыг аваад өмсөж явсан хүрмийнхээ зүүн гар талын энгэрийн халаасандаа хийгээд гараад явж байгаа дүрс бичлэг хадгалсан байсан. Ингээд би болон манай ажлын хамт олон тухайн үл таних эмэгтэйн царайг хяналтын камерийн бичлэгийн ачаар харж авцгаасан бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн дүү болох Солонго 19 цагийн үед Халдвартын кfc-ийн урд тааралдлаа хүрээд ир гэж залгаж хэлсэн. Тэгээд би халдвартын kfc дээр очтол гар утсыг маань хулгайлсан эмэгтэй миний гар утсыг аваагүй гэсэн бөгөөд тэгэхээр нь хяналтын камерын бичлэгийг үзүүлээд мөн гар утсыг маань хаана байгааг нь хэлэх юм бол мөнгө өгнө гэж хэлтэл өөрийн хийсэн хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,
Гэрч Т.С “...Манай эгч .......н нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .............нэртэй цайны газарт ажил дээрээ I Phone 14 pro загварын гар утсаа хулгайд алдсан бөгөөд хулгай хийсэн хүнийх нь бичлэг хяналтын камерт хадгалсан байсныг надад харуулаад манай цайны газраар байнга орж ирдэг хүн байна чи энд тэнд харвал надад хэлээрэй гэсэн. Тэгээд би өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 28-ы өдрийн 19 цагийн үед Халдвартын kfc -д хүнтэй уулзах гээд явж байтал kfc-ийн урд эгчийн маань гар утсыг хулгай хийсэн эмэгтэй зогсож байсан тэгэхээр нь би эгчийг дуудаад ирэхээр нь гар утсаа нэхтэл байхгүй гэж хэлж байгаад хяналтын камерийн бичлэгийг нь үзүүлээд гар утсыг маань өгөх юм бол мөнгө өгнө гэж хэлсэн чинь эгчийн гар утсыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд цагдаа дуудаад тухайн эгчийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,
Дамно ХХК-ий 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн БЗД2-25-212 дугаартай “I Phone 14 pro загварын гар утасны үнэлгээ 1,725,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 22-27 дэх тал/,
Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44 дэх тал/,
........ нэртэй цаны газрын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 19 дэх тал/,
Яллагдагч *******ын “...өмнөх мэдүүлэгт нэмж ярих зүйл надад байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дахь тал/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дахь тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодоррхойлолт /хх-ийн 147 дахь тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын төлөлтын тодорхойлолт /хх-ийн 35-37 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ......... нэртэй цайны газарт хохирогч Т.Хгийн эзэмшлийн I Phone 14 pro загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,725,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Х, гэрч Т.С нарын мэдүүлэг, *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.
Бусдын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд шунахайн сэдэлтээр нууц далд аргаар халдан, эд хөрөнгийг эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангажээ.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл ба уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Хд 1,725,000 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь 725,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******оос 1,000,000 төгрөг гаргуулж хохирогч Т.Хд олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах эсхүл хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан
*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******оос 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Т.Хд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ