| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2022/00411/и |
| Дугаар | 138/шш2022/00504 |
| Огноо | 2022-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 138/шш2022/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 11 хороо, оршин суух, ЙИ регистрийн дугаартай, 91....... утасны дугаартай, Халзан овогт Б.У
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багт оршин суух, 93....... утасны дугаартай, ЖЯ регистрийн дугаартай, Мовогт Н.Б
Нэхэмжлэлийн шаардлага “2 500 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.У
Хариуцагч Н.Б
Шшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.О
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Н.Б-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч тайлбартаа: Миний бие ээждээ машин авч өгөх зорилгоор 2022 оны 2 сарын 20-ны өдөр Тоёота Приус 10 юм уу, 11 авна гэж зар тавьсан. Зарын дагуу Б нь Дорнод аймгаас 2 сарын 21-ний өдөр утсаар холбогдож 11 байна хроп эвдэрэлтэй бусдаар ямар нэгэн эвдрэл байхгүй, 2 500 000 төгрөгөөр авах уу гэхэд нь би зөвшөөрч түүний данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. 2 сарын 26-ны өдөр Улаанбаатараас ирж Баас Приус 11 маркийн машиныг авахаар очсон боловч уг машин нь огт асахгүй байсан учир наймаа буцахаар болсон. Баас мөнгөө авъя гэхэд үрчихсэн гээд өгөхгүй байсан. Бид хоёр тухайн үед ярилцаад наймаа буцсан. Быг яагаад миний мөнгийг өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Ер нь уг машин бичиг баримтын ч зөрчилтэй, торгуультой, оношилгоонд оруулаагүй, оношилгоонд орууллаа ч тэнцэхээргүй эвдэрхий машин байсан. Б бид хоёр тухайн үед ярилцаад худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир өөрийн өгсөн 2 500 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Н.Б хариу тайлбартаа: Миний хувьд Утай 2022 оны 2 сарын 21-ний өдөр Приус 11 маркийн машиныг аман гэрээгээр тохиролцон зарсан. Би машиныг зарахдаа хроп эвдрэлтэй, гаднаа сэв замасктэй гээд зургийг нь фэсбүүкээр явуулсан. Тэгэхэд У нь хотод байна, өөр хүн явуулж үзүүлж харуулна гэсэн, би тэг тэг гэж хэлэхэд үл таних хүн ирж машиныг үзэж харчихаад болно, бүтнэ гэж авна гээд 2 500 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. У хотоос ирээд машинаа авна гэхэд нь би очиж машиныг үзүүлэхэд хоёр удаа асааж үзчихээд доголдолтой байна наймаа буцаая гэхэд нь би үгүй гэж хэлсэн. Би Ут машиныг эвдрэл, гэмтэлтэй талаар нарийн тодорхой хэлсээр байтал өөрөө бүтнэ болно гэж авсан. Шилжүүлсэн мөнгийг хэрэглэсэн, буцааж өгөх боломжгүй... гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болон хүсэлт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Н.Бд холбогдуулан “Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргаж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2022 оны 2 сарын 20-ны өдөр Приус 10 юм уу, 11 авахаар зар тавьсны дагуу Бтай тохиролцон түүнээс 11 машин авахаар данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. Гэвч машиныг авахаар асааж үзэхэд машин асахгүй, бичиг баримт, торгууль, оношилгоонд ороод ямар ч тэнцэх боломжгүй байсан учир наймаа буцсан. Тухайн үед бид хоёр ярилцаад наймаа буцахыг зөвшөөрсөн. Б яагаад миний мөнгийг өгөхгүй байгааг ойлгохгүй байсан. Миний түүнд өгсөн мөнгөө авмаар байна... гэж
Хариуцагч Н.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Бид хоёр ярилцаад эвдрэлтэй, гэмтэлтэй гэдгийг хэлсээр байтал өөрөө авахыг зөвшөөрч миний данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг өгөх боломжгүй. Өөрийнх нь зөвшөөрсний дагуу наймаа хийж машиныг үзүүлсэн ...гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Н.Б нар нь харилцан тохиролцон 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “Тоёота” Прусс 11 маркийн тээврийн хэрэгслэлийг 2 500 000 төгрөгийг худалдаж авахаар тохиролцсон талаар талууд маргахгүй байна.
Нэхэмжлэгч Б.У нь “...машин асааж үзэх үед машин асаагүй учир худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан... Тухайн үед Б зөвшөөрч наймаа буцсан..” гэж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч Н.Б нь өөрийн яагаад нэхэмжлэгч Б.Ут худалдсан машины 2 500 000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж буй татгалзлалын талаар шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна няцааж үгүйсгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б нь өөрийн татгалзаж буй үндэслэлээ хуульд заасан журмын дагуу бэхжүүлж цуглуулсан нотлох баримтаар нотлох үүрэгтэй байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгч У “...тухайн үед машиныг хоёр удаа асаах гээд асаагүй учир машиныг худалдаж авахаар татгалзаж наймаа буцсан гэж тайлбарлаж байгаа хариуцагч Н.Б уг тайлбарыг үгүйсгэж чадахгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж төлбөрөө гаргуулж авахаар шаардаж байгаа боловч хариуцагч худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзаагүй талаар нотлогдохгүй байна.
Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч Б.У нь 2022 оны 2 сарын 26-ны өдөр машиныг худалдаж авах үед уг машин асахгүй байсан энэ талаар хариуцагч тухайн үед мэдсэн, нэхэмжлэгч тухайн үед эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардаж байсан боловч хариуцагч доголдлыг арилгаж өгөөгүй.
Түүнчлэн хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Б.Ут уг машиныг эвдэрэлтэй, гэмтэлтэй талаар хэлж наймаа тохирсон гэж байгаа боловч худалдаж буй машин нь нэхэмжлэгчийн хэрэгцээг хангах боломжгүй байсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах...”, 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Н.Б нь эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй хэрэгцээ, шаардлага хангасан эд хөрөнгө буюу машин шилжүүлэх ёстой байтал ямар нэгэн шаардлагыг хангаагүй учир нэхэмжлэгчийн гэрээнээсээ татгалзсаныг буруутгах үндэслэл байхгүй байна.
Иймээс хариуцагч Н.Баас гэрээний үүргээс татгалзсны үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.Баас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Нарантуяагийн Баас гэрээнээс татгалзсаны үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Батмонголын Ут олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 54 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжинд 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА
.