Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 494

 

 

Н.П-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00057 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.П-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч “К” ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 4 443 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.П нь 2007 оны 10 дугаар сарын 25-нд “К” ХХК-ийн захирал И.Э-тай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны дээр барих мансардны 6 дугаар давхрын барилгаас захиалгаар орон сууц худалдан авах гэрээ байгуулж, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг м.кв талбайг 370 ам.доллар, бүгд 11,100 ам.доллараар үнийг тогтсон. 1 м.кв талбайн үнийг тухайн ханшнаас бууруулж 370 ам.доллар гэсэн нь энэ үндсэн орон сууцны оршин суугч учир хөнгөллөө гэж байсан. Энэ нь ч биелээгүй. Төлбөрөө авахдаа тухайн үеийн ханшаар нь авч, өгч байсан. Орон сууцны нийт үнэ 16 552 520 төгрөг төлсөн нь 30 м.кв талбайтай орон сууцны үнэ болно. Төлбөр төлөлт долларын тухайн үеийн ханшаар нэг ам.доллар 2007 оны 10 дугаар сарын 25-нд 1 182 төгрөг, 2008 оны 8 дугаар сарын 15-нд 1 154 төгрөг, 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1 157 төгрөг, дундаж ханш 11 64 төгрөг байсан. 30 м.кв талбайтай орон сууцны тооцоо дуусав гэдэг гарын үсэг, тодорхойлолт, орон сууцны байр захиалгаар барих тухай гэрээний төлбөрийн хүснэгт бүхий хуудаст бий. 2008 оны 5 дугаар сарын 22-нд илүү гарсан 2.5 м.кв тооцоо 1,112.5 ам.доллар гэж үндэслэлгүй тооцоо гаргаж нэхсэн. Тохиролцсоноор 500 000 төгрөг өгсөн, авсан гарын үсэгтэй тодорхойлолт бий. Эдгээр баримтууд нь Н.П төлбөрөө бүрэн төлсөн тухай баримт бөгөөд 30 м.кв талбайтай орон сууц Н.П-ын  өмч болоод 10 жил болж байна. “К” ХХК нь Н.П-ыг өр төлбөргүй тооцоо дууссан гэсэн тодорхойлолт, 12 айлын мансардны орон сууц Нийслэлийн хот төлөвлөлтийн газар бүртгэлтэй эсэх баримтыг авч чадаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэхээр өргөдлөө өгч чадахгүй өнөөдрийг хүрсэн. И.Э надаас авах төлбөрөө бүрэн авсан баримт нь байхад одоо огт үндэслэлгүйгээр 4 000 000 төгрөг нэхээд байгаа тул хуулийн байгууллагад хандаж байна. Н.П-ыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны дээрх мансардны 12 тоотын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг харах юм бол анхнаасаа “К” ХХК биш “К” ХХК-ийн захирал иргэн И.Э-д чиглэсэн шаардлага болох нь илэрхий тодорхой харагдаж байгаа. “К” компанийг дампуурсан гэж үзсэн учраас иргэн И.Э-с нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын гурав гээд дугаарласан байгаа дээр хэнд хандаж хэнээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна вэ гэхээр И.Э-с шаардаж байна гэж байгаа. Мөн төгсгөлд нь “К” компанийн захирал н.Э-д хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. “К” ХХК-д хамааралгүй нэхэмжлэлийн шаардлага байна гэж үзэж байна. Нэг м.кв-ыг 70 доллараар тооцсон байгаа. Энэ төгрөг нь хэдэн доллар болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн гаргасан баримтаас харах юм бол тодорхойгүй байгаа. “К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг “К” компанийн зүгээс хүлээж авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны нэмэлт давхрын 12 айлын орон сууцыг иргэдтэй захиалгын гэрээ байгуулж 2007 онд барьж, энэ үед барилгын материал хямд байсан учир 1 м.кв нь 390 доллараар барьж өгөхөөр гэрээнд тусгаад ажилласан. Барилгын ажлын явц дунд буюу 2008 оны 4 дүгээр сар гэхэд эдийн засгийн хямрал дэлхийн хэмжээнд үүсч барилгын материалын үнэ 3 дахин өссөн. Энэ шалтгааны улмаас барилгын ажил саатаж хөрөнгө мөнгө их хэмжээгээр дутсан. Барилга баригдахгүй байгаатай холбоотой цөөн бус гомдол гарсан тул аргагүйн эрхэнд өөрийн өмч хөрөнгийг зарж иргэн Н.Батжаргалын захиалсан байрыг давхардуулан худалдан борлуулж барилгыг ажлыг ерөнхийд нь дуусгасан. Дутсан санхүүжилтийг ийнхүү зохицуулсныхаө төлөө миний бие залилангийн онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж 247 хоног цагдан хоригдож шүүхээс 10 жил 8 сарын ял авч мөрдөнд сууж байхдаа тархины цус харвалт болж уг өвчин улам хүндэрч клиникийн 3 дугаар эмнэлэгт 9 цаг үргэлжилсэн тархины хагалгаанд орж эцэст нь тахир дутуу хүн болж үлдсэн. Мөрдөн шалгах явцад 2008 онд барилгын материалтай холбоотой нэмэлт давхрын м.кв-ын үнэ хэдэн төгрөг болон өссөн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр 2008 онд нэмэлт давхрын 1 м.кв-ын үнэ 700 000 төгрөг болсон болох нь тогтоогдсон. Энэ дүгнэлтээр захиалагч Н.П 30 м.кв х 700 000=21 000 000 төгрөг үүрэг хүлээсэн. Энэ үүргээ Н.П биелүүлэхгүй байгаа. Иймд “К” ХХК, иргэн Н.П нарын орон сууцны байр захиалгаар барих тухай 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №03 тоот гэрээний 4.5-д заасан үндэслэлээр Н.П-с иргэний үүрэг зарим хэсгийн төлбөр болох 4 443 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний нөхцлөөр “К” ХХК нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны дээр баригдах мансардны барилгын 12 айлын орон сууцны 12 тоотод байрлах, 30 м.кв талбайтай 1 өрөө байрыг 1 м.кв талбайг 370 ам. доллараар барьж гүйцэтгэн 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр захиалагч Н.П-д хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Гэтэл гүйцэтгэгч “К” ХХК нь ажлын үр дүн гаргаагүй, доголдолтой ажлыг хүлээлгэн өгөхийг хүссэн. Миний бие анх гэрээ байгуулахдаа ямар нэгэн доголдолгүй, гүйцэтгэгчийн гүйцэтгэж буй барилгын ажлыг улсын комисс албан ёсоор хүлээн авсан барилгын норм, дүрэм хангасан барилгыг хүлээн авахаар тохиролцсон. Хожим захиалагч би 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “К” ХХК-иас ажлын доголдолтой, улсын комисс хүлээн аваагүй 30 м.кв рон сууцыг хүлээн авч, өөрийн хөрөнгөөр дутуу хийгдсэн зарим төрлийн ажлыг хийж дуусгасан болно. “К” ХХК болон бидний хооронд байгуулагдсан гэрээний санхүүжилтийн асуудал 100 хувь дууссан. “К” ХХК нь 11,100 ам.доллараас гэрээ байгуулмагц 4,440 ам.долларыг 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8 360 ам.доллар, 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1,000 ам.долларыг тус тус өгсөн. Гүйцэтгэгчийн хууль бус шаардлагын улмаас, бүрэн гүйцэт хийгдсэн ажлын үр дүнг хүлээн авахын улмаас аргагүйн эрхэнд 2,700 ам.долларыг илүү төлсөн. Гүйцэтгэгч компани нь гэрээ ёсоор бол 1 м.кв нэгжийн үнийг 370 ам.доллар буюу 420 000-440 000 төгрөгийн хооронд барих боломжтой гэж тайлбарлан төсөвт өртгөө гарган захиалагч нартай гэрээ байгуулсан. 2008 онд барилгын материал үнэ 3 дахин өссөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 2009 оны 5 дугаар сарын 22 өдөр “К” ХХК-ийн дэд захирал Э.Мөнхсайхан гэрээ дүгнэсэн тооцоог Н.П-тай хийж, захиалан бариулсан 30 м.кв талбайтай нэгж 32,5 м.кв болж 2,5 м.кв илүү гарсан байна. Иймд илүү гаргасан м.кв нэгж талбайн үнийг 600 000 төгрөгөөр тооцоолж, 500 000 төгрөгийг надаас бэлнээр авсан, үлдэгдэл 100 000 төгрөгийг орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсны дараагаар өгөхөөр тохиролцож баримт үйлдсэн. Иймд 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №03 гэрээний 4.5-д заасан үндэслэлээр Н.П-с 4 443 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Н.П-ыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 40 дүгээр байрны дээрх мансардны 12 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гэрээний үүрэгт 4 443 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 240 713 төгрөг, хариуцагчаас төлсөн 86 470 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 240 713 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.П-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр орон сууц барих үед материалын үнэ өссөний зөрүү болох 4 443 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг үнийн зөрүүг хариуцагч тал баримт нотолгоогүйгээр нэхэмжлээгүй. Харин Хөрөнгийн үнэлгээний төвийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан дүгнэлтийг үндэслэж нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх “м.кв-ын үнийн өөрчлөлтөөс үүдэлтэй зөрүү төлбөрийг төлөхөөр талууд хэлэлцэн тохиролцсон тодорхой зүйлгүй” хэмээн тодорхойлж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба хариуцагч энэ шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Үнийн зөрүүтэй холбоотой шинжээч томилох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа яагаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Талууд үнийн зөрүүний талаар гэрээний 4.5 дах хэсэгт тохирсон байхад уг тохиролцоог хэлэлцэн тохиролцсон тодорхой зүйлгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд гэрээний 4.5 дах заалт, шинжээчийн дүгнэлтийг зохих ёсоор үнэлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь бус зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг үл зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.П нь хариуцагч “К ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4 443 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр хариуцагч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 40 дүгээр байрны дээр барих мансардан барилгын 30 м.кв талбай бүхий 1 өрөө, 12 тоот орон сууцыг 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хариуцагчид 1 м.кв-ыг 370 ам.доллараар тооцож ажлын хөлс 11.100  ам.долларыг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Дээрх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл болно.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4.440 ам.доллар буюу 5 248 080 төгрөг, 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 8.360 ам.доллар буюу 9 647 440 төгрөг, 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.000 ам.доллар буюу 1 157 000 төгрөг, 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг, нийт 16 552 520 төгрөг төлсөн болох нь хэргийн 9-10, 12-13, 42 дугаар тал дах гэрээ, баталгаа, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордерийн тасалбар зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч 16 552 520 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Хэргийн 41 дүгээр талд авагдсан баримтаас үзвэл хариуцагч “К” ХХК-ийн захирал И.Э нь нэхэмжлэгч Н.П-д маргааны зүйл болох орон сууцны эзэмшлийг шилжүүлэн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгснөөр тэрээр өнөөг хүртэл амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны үнийг бүрэн төлсөн, өмчлөх эрх  нь дээрх гэрээний дагуу үүссэн тул Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчөөр тогтоож, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгасан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв болжээ.

 

 Хариуцагч нь орон сууц захиалгаар барих үед материалын үнэ өссөнөөс гарсан зөрүү болох 4 443 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт хавсаргаж хариуцагчаас ирүүлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ нь нэг талын баримт байх ба эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гарсан дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн талуудын үйлдсэн “Баталгаа” гэх баримтаар гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг захиалгаар барих үед материалын үнэ өссөнөөс төлбөрийн зөрүү 4 443 000 төгрөг гарсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолсонгүй.

 

Анхан шатны шүүхийн 1 м.кв-ын үнийн өөрчлөлтийн зөрүү төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 86 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ