Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 164

 

 

                                 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,

            хохирогч Л.Дорж,  

            шүүгдэгч Ц.Аръяа, түүний өмгөөлөгч Я.Баатар /үнэмлэхийн дугаар 0037/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрт овогт Цэдэндоржийн Аръяад холбогдох 201726030430 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгч мэргэжилтэй, одоо Нийслэлийн хот тохижилтын газарт цэцэрлэгч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Их амны хэсэг гудамж хэсэг тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1-637 тоотод түр амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэм буруутайд тооцож, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Зээрт овогт Цэдэндоржийн Аръяа /РД:ЧН67080319/

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.Аръяа нь 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1 дүгээр гудамжны 637 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи ууж дуусгалаа” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас Л.Доржийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Аръяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын эмэгтэйчүүд эрчүүдээ дайлсан. Дорж, Гомбоо бид гурав гудамжинд нэг шил архи хувааж уусан. Нэг мэдсэн чинь би ганцаараа гэртээ ирчихсэн байсан. Би унтаж байгаад шөнө дунд сэрэхэд Дорж ирсэн ширээ налаад унтаж байхаар нь түүнийг орон дээр унтуулах гэтэл “хөгшин төгцөг” гээд агсам тавихаар нь зодсон. Маргааш нь Доржоос цус гарсан болохоор нь цэвэрлэчихээд дахиад хамт архи уусан. Манай ажлын хүн нэг шил архи авчирсан ба түүнийг уугаад би унтсан гэв.

Хохирогч Л.Дорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн ба түүнээс хойш гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Би Аръяа ахаас эмчилгээний зардалд 600.000 төгрөг авсан. Одоо миний бие гайгүй болсон тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Шүүгдэгч Ц.Аръяа мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би ажлынхантайгаа хамт цэргийн баяр тэмдэглэхээр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах караокегоор үйлчлүүлээд 20 цагийн үед гараад Дорж, Гомбоо нартай хамт Нарантуяагийн машинд сууж зурагтын эцэст хүргүүлээд тэнд байх дэлгүүрээс 0,5 литрийн “Хараа” архи худалдан авч гудамжинд хувааж уучихаад Гомбоо түрүүлээд явсан. Тэгээд гэр гэр рүүгээ явсан ба би гэртээ харих замдаа 0,33 литрийн архи авч ганцаараа уугаад архиа дуусгалгүй тасраад унтаад өгсөн. Шөнө хэдэн цагт байсныг мэдэхгүй байна, сэрээд хартал манай гэрт нэг хүн орж ирээд үлдээсэн тал шил архийг уугаад шилийг нь газар хаячихсан байхаар нь босоод хартал Дорж манай гэрт зөвшөөрөлгүй орж ирээд миний үлдээсэн архийг уучихаад ширээ налаад унтаж байхаар нь би Доржийг босгоод орон дээр унтуулах гэтэл Дорж “өвгөн пизда чинь яах гээд байгаа юм бэ, зүгээр унтуулаач гөлөг минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Дорж өмнө нь намайг бас ингэж хэл амаар доромжилдог байсан. Би дотроо их гомддог ба тухайн үедээ согтуу байсан болохоор Доржийг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Өөр зодсон асуудал байхгүй. Би Доржийн эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

 

Хохирогч Л.Дорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед ажлынхаа газрын хүмүүстэй хамт СХД-ийн Баянхошуу Жанцангийн автобусны буудлын ар талд байдаг караокед цэргийн баяр тэмдэглэхээр цуглаад тухайн караокегоор 1 цаг үйлчлүүлэхдээ 0,75 л Улаанбаатар архинаас 2 шил, тус бүр 2 шил 0,5 л савалгаатай боргио шар айраг уусан. 20.00 цагийн үед манай ажлынхан тараад би Аръяа, Гавингомбо нартай хамт ажлынхаа эгч Нараагийн машинд суугаад зурагтын эцсийн буудалд ирээд  Аръяа ах дэлгүүрээс 0,5 л савалгаатай “нэрийг нь санахгүй байна” архи аваад бид 3 гудамжинд ууж дуусгаад Гавингомбо гэртээ харьлаа гээд явсан, Аръяа бид 2 Аръяагийн гэрт нь очихоор Яармагийн автобусанд суугаад явж байхдаа би согтоод унтсан байсан. Гэнэт сэртэл би автобусанд суусан чигтээ Нисэхийн тойрог дээр явж байсан, харин Аръяа ах байхгүй байсан. Би таксинд суугаад Аръяа ахын гэрийн харалдаа төв зам дээр буугаад гэрт нь 23 цагийн үед ороход Аръяа ах ороо засаад унтаж байсан, ширээн дээр нь 0,33 л савалгаатай “Стандарт” нэртэй архи талаас доогуур хэмжээтэй байхаар нь би ууж дуусгаад шилийг нь ширээн доогуур шидээд гэрийн баруун талд байсан орон дээр унтахаар хэвтсэн. Шөнө дунд Аръяа ах намайг газар унагаачихсан толгой руу цохиод байсан. Цаг хэд болж байсныг санахгүй байна. Нэг л мэдэхэд өглөө болсон. Миний хэвтэж байсан орон дээр болон ойр орчмоор цус болсон байсан ба миний толгой өвдөөд босож чадахгүй байсан. Өглөө нь Аръяа ахад “та намайг зодсон юм уу, яагаад намайг зодсон юм бэ” гэсэн чинь “би юу гэж чамайг зодох юм, ах нь гараад ганц юм аваад ирье” гэж гараад удалгүй 0,33 л “Стандарт” нэртэй архи авчраад бид хоёр хувааж уугаад дуусч байхад Гавингомбо 0,5 л “Хараа” архи авчирсан ба тэр архийг нь хувааж уугаад 12 цагийн үед Аръяа ахын гэрээс гараад 14 цагийн үед гэртээ ирсэн. Аръяа ах намайг шөнө зодож байсан ба юугаар, хаашаа цохисныг согтуу байсан болохоор санахгүй байна. Аръяа ахын гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өдөр Аръяа ахтай маргалдаагүй. Намайг өглөө босоход миний нүүр хавдсан, толгойноос цус гарсан байсан.  Одоо миний толгой өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

...Намайг очиход Аръяа ах гэртээ ганцаараа унтаж байсан ба орны урд талын ширээн дээр тал шил архи байхаар нь би тэр архийг ууж дуусгаад унтсан. Шөнө намайг унтаж байхад Аръяа ах миний толгой руу цохиод байсан ба би гэрийн баруун талын орны хажууд 2 гараараа толгойгоо дараад “толгой руу битгий цохиорой” гэж хэлж байсан. Өглөө нь сэрэхэд би баруун талын орон дээр унтаж байсан ба толгой хөндүүрлээд нүүр хавдсан, шалан дээр цус урссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

...Би Аръяа ахын гэрт нь байсан тал шил архийг зөвшөөрөлгүй ууж тасраад унтсан. Шөнө Аръяа ах намайг татаж чангаагаад “орон дээр гарч унт” гээд байхаар нь миний уур хүрээд “пизда минь цаашаа зайлалдаа, яах гээд байгаа юм” гэхэд Аръяа ах намайг хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

 

Гэрч Ц.Ганвингомбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай ажлын эмэгтэйчүүд цэргийн баяр гээд эрчүүдээ Баянхошууны Жанцангийн автобусны буудлын зүүн талд байдаг караокены нэг давхрын өрөөнд хүлээж аваад хоёр цагийн хугацаанд дуу дуулж, архи ууцгаасан юм. Караокены цаг нь дуусч бид нар бөөнөөрөө гараад Аръяа ах, Дорж бид гурав хамт ажилладаг Нарантуяа эгчийн машинд суугаад зурагтын шинэ эцэст буугаад Аръяа ахад 10.000 төгрөг байснаараа дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи нэг шилийг авч гурвуулаа гудамжинд хуваагаад уусан. Архиа ууж дуусгаад гэр гэртээ харъя гээд би түрүүлж автобусанд суугаад явсан, харин Аръяа ах, Дорж нар үлдсэн. Намайг караокед байх хугацаанд Дорж хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй. Харин маргааш нь ажлынхан Доржийг Гунгаажавтай хэсэгхэн хугацаанд маргалдсан гэж байсан. Хэрүүл маргаан, зодоон огт болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

Гэрч Г.Гунгаажамц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай ажлын хамт олон 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр цэргийн баяр тэмдэглэхээр СХД-ийн Баянхошууны Жанцангийн буудлын ар талд байрлах караокед Гомбоо, Дорж, Аръяа, Нарантуяа, Оюунбилэг, Энхчулуун, Хосбаяр, Нямдорж, Баяндалай, Нарангэрэл бид нар 2 цаг орчим үйлчлүүлэхдээ 0,75 литрийн “Стандарт” архи хоёр шилийг, тус бүр нэг нэг шил “Боргио” пиво уусан. Тухайн үед Дорж нилээн согтсон байдалтай “гаръя, холд пизда минь” гээд дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд Доржийг нэг удаа түлхэхэд тэрээр хойшоогоо 2 алхам ухрахад Нарантуяа эгч Доржийг караокены буйдан дээр суулгасан. Удалгүй бид нар тараад гэр гэртээ харихаар явсан. Намайг ажил дээрээ очдог өдрийн цайны цагаар буюу 13 цагийн үед Аръяа ах намайг дуудаад “Доржоог хүн зодсон байна, манайд ирэхдээ зодуулчихсан” гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа Аръяа ах надаас чам руу цагдаа ярьсан уу гэж асууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

Гэрч О.Баяндалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Караокены цаг дуусаад гарах үед Дорж караокены үүдэнд зогсож  байсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Дорж, Аръяа хоёрын хооронд маргаан болсон асуудлын талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

 

Гэрч К.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний машинд суух, буух үед Доржид ил харагдах гэмтэл шарх байгаагүй, машин дотор зодоон огт болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

Гэрч Ц.Туяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Аръяагийн гэрт ороход Дорж гэрийн хойд талын орон дээр зүүн тийшээ харсан байдалтай хөнжлөөрөө толгойгоо хучаад хэвтэж байсан учраас сайн хараагүй, баруун хацар нь хавдсан байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

 

Гэрч З.Нямдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Караокед байх хугацаанд Дорж хэнтэй ч хэрүүл маргаан хийгээгүй. Бид нар 20 цагийн үед караокенаас гарч гэр гэр рүүгээ явсан ба тухайн үед Доржийн биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

 

Гэрч М.Жавзмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Бид нар караокегоор 2 цаг үйлчлүүлсэн ба 0,75 литрийн Улаанбаатар архи болон хүн тус бүр нэг нэг пиво авсан. Би бригадаа ахладаг ба тухайн арга хэмжээг эхлүүлчихээд ажил дээр дуудагдсан учраас буцаад явсан. Намайг явснаас хойш болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Намайг байх хугацаанд хэрүүл маргаан болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

 

Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Л.Доржийг үзэхэд баруун хацар ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эд дэх цус хуралт, тархи доргилт, дагзны хуйх, баруун шанаанд шарх гэсэн гэмтэл тогтоогдсон. Тухайн хүн дээрх гэмтлийг авсан тохиолдолд тодорхой хэмжээнд өвчний зовиур мэдрэгдэх боловч идэвхтэй үйл хөдлөл хийх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархи толгойдоо хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүн шууд өвчнөө мэдрэх ба согтолтын хэмжээ болон хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна.../хх-ийн 53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №4467 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Л.Доржийн биед баруун хацар ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эд дэх цус хуралт, тархи доргилт, дагзны хуйх, баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 50-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр  нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 101-102-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Аръяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Аръяа нь 2017 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 1 дүгээр гудамжны 637 тоот өөрийн гэртээ хохирогч Л.Доржийн “хөгшин төгцөг” гэснээс үүдэн зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Доржийн “...Гэнэт сэртэл би автобусанд суусан чигтээ Нисэхийн тойрог дээр явж байсан, харин Аръяа ах байхгүй байсан. Би таксинд суугаад Аръяа ахын гэрийн харалдаа төв зам дээр буугаад гэрт нь 23 цагийн үед ороход Аръяа ах ороо засаад унтаж байсан, ширээн дээр нь 0,33 л савалгаатай “Стандарт” архи талаас доогуур хэмжээтэй байхаар нь би ууж дуусгаад шилийг нь ширээн доогуур шидээд гэрийн баруун талд байсан орон дээр унтахаар хэвтсэн. Шөнө дунд Аръяа ах намайг газар унагаачихсан толгой руу цохиод байсан. Өглөө нь миний хэвтэж байсан орон дээр болон ойр орчмоор цус болсон байсан ба миний толгой өвдөөд босож чадахгүй байсан. Өглөө нь Аръяа ахад “та намайг зодсон юм уу, яагаад намайг зодсон юм бэ” гэсэн чинь “би юу гэж чамайг зодох юм, ах нь гараад ганц юм аваад ирье” гэж гараад удалгүй 0,33 л “Стандарт” архи авчраад бид хоёр хувааж уугаад дуусч байхад Гавингомбо 0,5 л “Хараа” архи авчирсан. Тэр архийг нь хувааж уугаад 12 цагийн үед Аръяа ахын гэрээс гараад 14 цагийн үед гэртээ ирсэн. Аръяа ах намайг шөнө зодож байсан ба юугаар, хаашаа цохисныг согтуу байсан болохоор санахгүй байна. Аръяа ахын гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Тухайн өдөр Аръяа ахтай маргалдаагүй. Намайг өглөө босоход миний нүүр хавдсан, толгойноос цус гарсан байсан.  Одоо миний толгой өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

...Шөнө намайг унтаж байхад Аръяа ах миний толгой руу цохиод байсан ба би гэрийн баруун талын орны хажууд 2 гараараа толгойгоо дараад “толгой руу битгий цохиорой” гэж хэлж байсан. Өглөө нь сэрэхэд би баруун талын орон дээр унтаж байсан ба толгой хөндүүрлээд нүүр хавдсан, шалан дээр цус урссан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

...Би Аръяа ахын гэрт нь байсан тал шил архийг зөвшөөрөлгүй ууж тасраад унтсан. Шөнө Аръяа ах намайг татаж чангаагаад “орон дээр гарч унт” гээд байхаар нь миний уур хүрээд “пизда минь цаашаа зайлалдаа, яах гээд байгаа юм” гэхэд Аръяа ах намайг хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

 

Гэрч Ц.Ганвингомбын ...Караокены цаг нь дуусч бид нар бөөнөөрөө гараад Аръяа ах, Дорж бид гурав хамт ажилладаг Нарантуяа эгчийн машинд суугаад зурагтын шинэ эцэст буугаад Аръяа ахын 10.000 төгрөгөөр дэлгүүрээс 0,5 литрийн “Ерөөл” архи нэг шилийг авч гурвуулаа гудамжинд хувааж уучихаад гэр гэртээ харъя гээд би түрүүлж автобусанд суугаад явсан. Харин Аръяа ах, Дорж нар үлдсэн. Намайг караокед байх хугацаанд Дорж хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

 

Гэрч Г.Гунгаажамцийн ...Тухайн үед Дорж нилээн согтсон байдалтай “гаръя, холд пизда минь” гээдз дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулах гээд Доржийг нэг удаа түлхэхэд тэрээр хойшоогоо 2 алхам ухрахад Нарантуяа эгч Доржийг караокены буйдан дээр суулгасан. Маргааш нь 13 цагийн үед Аръяа ах намайг дуудаад “Доржоог хүн зодсон байна, манайд ирэхдээ зодуулчихсан” гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа Аръяа ах надаас чам руу цагдаа ярьсан уу гэж асууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

Гэрч О.Баяндалайгийн ...Караокены цаг дуусаад гарах үед Дорж караокены үүдэнд зогсож байсан ба биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Дорж, Аръяа хоёрын хооронд маргаан болсон асуудлын талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

 

Шинжээч М.Золжаргалын ...Л.Доржийг үзэхэд баруун хацар ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эд дэх цус хуралт, тархи доргилт, дагзны хуйх, баруун шанаанд шарх гэсэн гэмтэл тогтоогдсон. Тухайн хүн дээрх гэмтлийг авсан тохиолдолд тодорхой хэмжээнд өвчний зовиур мэдрэгдэх боловч идэвхтэй үйл хөдлөл хийх боломжтой. Уг гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархи толгойдоо хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүн шууд өвчнөө мэдрэх ба согтолтын хэмжээ болон хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байна.../хх-ийн 53-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №4467 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Доржийн биед баруун хацар ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эд дэх цус хуралт, тархи доргилт, дагзны хуйх, баруун шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Аръяагийн “...хөгшин төгцөг, өвгөн пизда чинь яах гээд байгаа юм бэ, зүгээр унтуулаач гөлөг минь” гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Л.Дорж өмнө нь намайг бас ингэж хэл амаар доромжилдог байсан. Би дотроо их гомддог учраас тухайн үед Л.Доржийг гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохиж, хөл рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг нь хохирогч Л.Доржийн мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрүүгүй байх ба шүүгдэгч Ц.Аръяа гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогч Л.Дорж, шүүгдэгч Ц.Аръяа нар нь нэг компанид хамт ажилладаг, хэрэг гарсан өдөр цэргийн баяр тэмдэглэж хамт архидан согтуурсан байна. Шүүгдэгч Ц.Аръяа нь хохирогч Л.Доржийг “хөгшин төгцөг” гэж хэллээ гэх шалтгаанаар зодож, түүний биед баруун хацар ясны далд хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эд дэх цус хуралт, тархи доргилт, дагзны хуйх, баруун шанаанд шарх гэмтэл учруулсныг таарамжгүй харьцааны улмаас буюу хувийн сэдэлтээс үүссэн гэх үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Ц.Аръяад холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэсэн ба шүүгдэгчийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэв.        

 

            Шүүгдэгч Ц.Аръяа нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Ц.Аръяа нь хохирогч Л.Доржид мөрдөн байцаалтын шатанд 600.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Аръяа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 -т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

            Шүүгдэгч Ц.Аръяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1 дэх хэсэг, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Зээрт овогт Цэдэндоржийн Аръяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар Ц.Аръяаг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар солихыг шүүгдэгч Ц.Аръяад мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Аръяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

 

5. Шүүгдэгч Ц.Аръяа нь хохирогч Л.Доржид 600.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аръяад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР