2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1371

 

 

 

 

 

 

 

 

 

2025         05          22                                 2025/ШЦТ/1371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Э.Баасанжаргал,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2341 102876 0154 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо Булаг 20 дугаар гудамжны 1125 тоотод оршин суух хаягтай, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр .............тоот гэртээ төрсөн эх Ц.О үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж газарт түлхэн унагааж чирэн биеэнд нь зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн шанаа, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Оийн “...манай төрсөн хүү ******* архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн найз гэх Тони, мөн үл таних охинтой хамт гурвуулаа байсан тэгээд намайг гарч эгчийн гэрт орж унт гэхээр нь ороод сууж байтал хоорондоо тэр 3 маргалдаад байхаар нь би гэртээ эргэж ороод юу болоод байна гэхэд хаалгаа тайлахгүй болохоор цагдаад дуудсан юм. ...Дараахан манай хүү Г та цагдаа дуудлаа манай найзууд айгаад явчихлаа гэх шалтгаанаар манай хүү Г намайг биенээс чирч газарт гараараа татаж унагаад тэгээд ойролцоогоор 2-3 метр газарт чирээд гэмтээсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

Гэрч Н.М “Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар булгийн 19-225 тоотод байх найз Гын гэрт очоод найз охин Хонгорзул, Г бид 3 хамт пиво уугаад сууж байсан чинь Гын ээж орж ирээд уурлаад байхаар нь Хонгорзул бид 2 гараад явчихсан юм. Дараа нь Г ээжтэйгээ гарах үедээ санаандгүй байдлаар ээжийгээ гэмтээсэн тухай сүүлд хэлээд байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх тал/,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13769 дугаартай “Ц.Оийн биед зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн шанаа, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дэх тал/,

Яллагдагч *******ын “Би тэр үед эхийнхээ биед халдаж зодсон нь үнэн. Би өөрийн гаргасан үйлдэл гэм буруугаа ухаарч ойлгож байгаа тул миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой: 

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дахь тал/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44 дэх тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-69 дэх  тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 60-63 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 53-54 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ........... тоот гэртээ төрсөн эх Ц.Отай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж газарт түлхэн унагааж чирэн биеэнд нь зүүн бугалга, шуу, гуянд цус хуралт, зүүн шанаа, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.О, гэрч Н.М, яллагдагч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.  

Хохирогч Ц.О нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлгийг хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотолсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр атлаа зориуд хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ. Уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилж, гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.

******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Ц.Оийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл, хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай тохирчээ.  

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оийг эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон, хохирогч Ц.Оаас эрүүл мэндийн хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлснийг тэмдэглэвэл зохино.

 

           Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн, урьд удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч зан байдлаараа засарч хүмүүжээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжтэйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар *******т 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О нь хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ