2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1372

 

    

 

 

 

 

 

 

 

 2025       05         22                                     2025/ШЦТ/1372

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунзаяа,

 улсын яллагч Э.Мөнх-Оргил,

 шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2506 02011 0699 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ......... аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Өсөх сонор ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай боловч ............тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

  Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ..........р явж байхдаа хохирогч Б.Бын гээгдүүлсэн Xiaomi redmi 14c  загварын гар утсыг мэдсээр байж авч завшсаны улмаас 454.950 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бын “...2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ........... захын хажууд байрлах дугуй завсарт очоод, аккумлятораа янзлах гээд тэр дугуй засварын гадаа боож янзалж байгаад халааснаасаа гар утсаа унагаасан байсан. Би тухайн үед мэдээгүй. Тэгээд машиндаа суугаад явахдаа халаасандаа байсан гар утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд дугуй засварын камерийг шүүж үзсэн чинь би машиндаа юм хийж байхдаа гар утсаа унагаасан чинь нэг эрэгтэй хүн явж байхдаа миний унагаасан гар утсыг хараад аваад явчихсан. Миний гар утас рэдми 14 си загварын усан цэнхэр өнгийн гар утас байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дахь тал/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1276 дугаартай “Тус хэлтэст шалгагдаж байгаа бүртгэлийн 2374 дугаартай гомдол мэдээлэлд шалгах шаардлагатай ............. утсанд ашиглаж байсан Имей1:869031073712023 имей2:869031073712031 кодтой redmi 14c  загварын гар утсанд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш танай үүрэн телефоны ямар дугаарын хэрэглэгч ашиглаж байгааг шалган, ашиглаж байгаа эзэмшигчийн талаарх дэлгэрэнгүй лавлагааг гарган өгнө үү” гэсэн албан бичиг /хх-ийн 26 дахь тал/,

Скайтел ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 25/1030 дугаартай “Танай албан хүсэлтийн дагуу ............. имай кодыг шалгахад 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ............ дугаар бүртгэгдсэн байна. ............. дугаарыг эзэмшигч Оюунцэцэг овогтой Түвшинжаргал ............... тоотод бүртгэлтэй байна” гэсэн албан бичиг /хх-ийн 27 дахь тал/,

“Дамно” ХХК-ий 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн БЗ1-25-148 дугаартай “xiaomi redmi 14c загварын гар утас 454,950 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-22 дахь тал/, 

*******ын ялллагдагчаар өгсөн  “................ загварын гар утас унасан байхаар нь би авсан. Тухайн гар утас нь кодтой байсан болохоор нь Баянзүрх дүүргийн Сансар гэх газар байдаг утас завсарын газар очиж кодыг нь тайлуулаад өөрийн 91472525 дугаараа тухайн утсанд хийгээд ашигласан. ... би бусдын эд хөрөнгийг авч хувьдаа ашигласан гэдгээ өөрийн буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дахь тал/,

             

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дэх тал/,

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн45 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ........... дотор явж байхдаа хохирогч Б.Бын гээгдүүлсэн Xiaomi redmi 14c  загварын гар утсыг мэдсээр байж авч завшсаны улмаас 454.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Б.Б, яллагдагч ******* нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, үүрэн телефоны операторын албан бичиг зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар ******* нь олон нийтийн газарт үйлчлүүлж байхдаа бусдын эзэмшлийн хаяж гээгдүүлсэн гар утас болохыг мэдсээр байж авч, авсан даруй гарч явсан, дугаар хийж ашиглаж байсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгө болохыг лавтай сайн мэдсээр байж тухайн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэйгээр олж авсны дараа захиран зарцуулах сэдэл санаа төрж өөртөө завшсаны улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ буюу 300,000 /300 нэгж/ төгрөгөөс дээш хохирол учирсан байх шинжийг агуулдаг.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шунахайн сэдэлтээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан, нийгэмд аюултай болохыг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Уг үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 454,950 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон ба шүүгдэгч ******* нь уг хохирлыг төлж барагдуулаагүй болно.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 454,950 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгох нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч ******* саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарласан байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон гэх хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэх шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******ын бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 /ер/ хүртэл хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******аас 454,950 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б.Бт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ