2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1181

 

 

 

 

 

 

 

 

 

2025         05           07                                    2025/ШЦТ/1181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч П.Болормаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч С.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2511 00356 0081 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан хөгжлийн төвийн автобусны эцсийн буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Аын толгой тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:

Шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Долоон буудлаас эргээд автобусаа андуурч суугаад тэгээд гэнэт араас хүн татаад байхаар би тушаах гэж авч явсан шилээрээ цохисон би зүгээр явж байхад булааж авсан” гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

Хохирогч Д.Аын “Би зорчигч тээвэр ХХК-нд 2024 оны 04 дүгээр сараас хойш жолоочоор ажиллаж байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 21-37 УЕК улсын дугаартай улаан өнгийн автобустай явж байсан бөгөөд 50-60 орчим насны халамцуу ах долоон буудлын автобусны буудал дээрээс суусан. Тэр ах автобусанд сууснаасаа хойш орилоод хүмүүстэй муудалцаад байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хайрхан хөгжлийн автобусны эцсийн буудал дээр ирээд тэр ахыг автобуснаас буулгаад, урд нь алхаж байтал тухайн ах гартаа байсан архины шилээр миний зүүн чихний ард хэсэгт 1 удаа цохихоор нь тонгойгоод суусан чинь тэр ах ахиад цохих гээд байсан. Энэ үед автобусан дотор байсан 10 жилийн 5-6 хүүхдүүд бууж ирээд архины шилийг гараас нь аваад салгасан. Тухайн үед 102, 103 руу дуудлага өгсөн хүлээгээд байж байхад тэр ах бие засна гээд жалга руу ороод цаашаа яваад өгсөн  ... цохисон архины шил хагараагүй. Тухайн ах Хайрхан хөгжлийн төв рүү эргээд буучихъя гээд байхаар нь автобусны буудал биш энд буулгахгүй гээд буулгаагүй учраас миний биед халдаж цохисон гэж бодож байна. Миний зүүн чихний ард хэсэгт 3-4 удаа оёдол тавиулж боолт хийлгэсэн мөн миний зүүж явсан утастай чихэвч эвдэрчихсэн байсан шилээр цохиход утас нь тасарчихсан байх гэж бодож байна. Тухайн ах хар өнгийн түрүүтэй гуталтай, ногоон өнгийн мөрөвчтэй өмдтэй, дээгүүрээ саарал өнгийн куртиктэй, царайны төрх нь бөөрөнхий, буурал орсон үстэй ах байсан. Би хэрэг болсон өдрөөс хойш өрхийн эмэнэлэгт очиж үзүүлэн эм бичүүлж аваад уусан, тэр баримтыг гаргаж өгнө. Тэр хүнийг одоо харвал танина ... Би хэрэг болсон өдөр 103 дуудаж үзүүлэн толгойдоо боолт хийлгэсэн. Маргааш нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж үзүүлэн эмч бичүүлж авсан. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн эмчид үзүүлж лист бичүүлэн авсан. Нийт 313,660 төгрөгийн баримт байгаа, тухайн баримтад чихэвчний мөнгө орсон байгаа. Би зодуулсандаа гомдолтой, эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 10-11 дэх тал/,

Гэрч Г.А-н “2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хайрхан хөгжлийн автобусны буудал дээр автобусанд сууж явсан 50-60 орчим насны нэг ах автобуснаас буухгүй байхаар нь жолооч хувцаснаас нь татаад буулгасан. Тэр хөгшин ах ханцуйнаасаа архины шил гаргаж ирээд жолоочийн толгой хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед жолооч залуугийн дагз хэсгээс цус гараад байхаар нь 102, 103-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дахь тал/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1384 дугаартай “Д.Аын биед зүүн хөхлөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн тухай “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас хохирсон Даваасүрэнгийн Анхбаярт сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоов” гэсэн баримт /хх-ийн 49 дэх тал/,

Д.Ааас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 53-54 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний “Д.А нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд эрүүл мэндийн даатгалаар 2024 онй 12 дугаар сарын 25-ны өдөр 49,920 төгрөгийн түргэн  тусламжийн үйлчилгээ, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 25,000 төгрөгийн амбулаторийн тусламж үйлчилгээ, 2025 оын 01 дүгээр сарын 08-ны өдөр 25,000 төгрөгийн амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байна” гэсэн мэдээлэл /хх-ийн 56 дахь тал/,

*******гийн яллагдагчаар өгсөн “Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч С.Өсөхбаяраас:

*******гийн Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дэх тал/,

Мөрдөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 49 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 дэх  тал/,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дахь тал/ Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн

Хохирогч Д.Ат учруулсан 329,929 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримт 1 хуудас,

Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 99,920 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн баримт 1 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

  Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

            ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрхан хөгжлийн төвийн автобусны эцсийн буудал дээр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Аын толгой тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.А, гэрч Г.Алтангэрэл нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Хохирогч ******* нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, эдгээр нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай байна.

******* нь согтуугаар автобусанд зорчиж явахдаа хэлсэн газарт зогсож буулгасангүй гэж хэрүүл маргаан хийж улмаар түүнийг автобуснаас буулгасны дараа жолооч Д.Аын толгойн тус газарт архины шилээр цохиж түүний эрүүл мэндийг хохирооход чиглэсэн үйлдэл хийсэн, уг үйлдлийн улмаас Д.Аын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч  ******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийгдсэн гэж үзнэ.

Уг үйлдлээрээ хохирогчийн биеийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас Д.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон бөгөөд түүнээс нэхэмжилсэн 329,929 төгрөгийн хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 99,920 төгрөгийн хохирол зэргийг шүүгдэгч ******* нөхөн төлсөн байна. Мөн хохирогч Д.А нь сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр гаргуулахаар нэхэмжилжээ.

“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэж гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг, “Сэтгэцийн эмгэг" гэж өвчний олон улсын ангиллын сэтгэц, зан үйлийн эмгэгүүд бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг ойлгоно.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч бүрт сэтгэцийн хор уршиг, эмгэг учрах боломжгүй бөгөөд гагцхүү дээрх тодорхойлолтод заасан шинжүүд хохирогчийн амьдрал ахуйд бодитой илэрсэн байх, үүнийг эх сурвалжтай илэрхийлсэн байх эсхүл сэтгэцийн эмчид хандсан, зөвлөгөө үйлчилгээ авсан байх зэрэг тодорхой нөхцөл шаардлагыг хангах ёстой.

Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийн шинжтэй агуулга илэрхийлэгдээгүй байх тул сэтгэцэд хор уршиг учирсан, сэтгэцийн эмгэг өвчин тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.           

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.8 дахь хэсэгт “Шүүх ... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ... учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар ... зэрэг нөхцөл байдлыг харгалзан ... нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

Сэтгэцийн эмгэгийн зэргийг шинжилгээний байгууллага тогтоохоор жишиг аргачлалд заасан ба хавтаст хэргийн хүрээнд сэтгэцийн хор уршгийг зэрэглэл, хэмжээг тогтоох боломжгүй тул шүүх хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэвэл зохино.

 

           Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгчийн өмгөөлөгч С.Өсөхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх санал гарсныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэснийн 1.1 дэх заалтад “… хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх …” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өндөр насны тэтгэвэрт байдаг гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, олон нийтийн газарт согтуугаар нийтийн тээврийн үйлчилгээний жолоочийн эрүүл мэндэд архины шилийг хүч нэмэгдүүлэн хэрэглэж халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэвэл зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар *******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 /ер/ хүртэл хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Д.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******хагваүрэнгээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ХАТАНЦЭЦЭГ