Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2022/00569

 

                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Байгалмаа даргалан тус шүүхийн ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р оршин суух, ЖИ регистрийн дугаартай, М ******* Ж.Э,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р т түр оршин суух, Баянтүмэн сумын 3-р ийн үндсэн харъяат, ажилгүй, ....... утасны дугаартай, ЖН регистрийн дугаартай, Б ******* Д.Г,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, ... ажилтай, ...... утасны дугаартай, ЖИ регистрийн дугаартай, И ******* Д.Т нарт  холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага “Гэм хорын хохиролд 600 000 төгрөгийн үнэ бүхий бяруу гаргуулах тухай” иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э.ц, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

Иргэдийн төлөөлөгч Н.Батпүрэв, хариуцагч Д.Тд шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг тус тус гардуулсан боловч тэд шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хуралдааны оролцогчид татгалзаагүй, тэдний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасан тул тэдний эзгүйд шЭүүх хуралдааныг явуулсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Д.Г, Д.Т нарт холбогдуулан гэм хор учруулсны хохирол 600 000 төгрөгийн үнэ бүхий бяруу гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие 2022 оны 4 сарын 12-ны өглөө 6 цагт охин бяруугаа зарим үхэрүүдийн хамт хашаанаасаа урагш гаргаж орхиод өөрөө усанд явсан. Намайг усандаа яваад ирэхэд охин бяруу маань хашааныхаа урд байхгүй байсан. Би гэрээсээ хойшоо, зүүн тийшээ танктай хөшөө хүртэл хайгаад олоогүй. Гэртээ очиход манай дүү Мягмарсүрэн нь ноосны үйлдвэрийн эзэн, Г хоёрын нохойнууд бярууг идэж байхыг харсан билээ. Мягмарсүрэн бяруунаас нохойнуудыг салгах гээд очсон бөгөөд Ггийн хоёр нохойн хазах гээд дайрахаар нь өөрийгөө хамгаалах гэж чулуу шийдсэн ч нохой нь дайраад болохгүй болохоор нь гэртээ ирж надад хэлсэн. Тухайн газарт цагт очиход ноосны үйлдвэрийн эзний хоёр нохой нь бярууны хажуу талд нь хэвтэж байсан, Ггийн хоёр нохой нь гэр лүүгээ явж байсан. ..Г болон ноосны үйлдвэрийн эзний нохойнууд бярууг маань идсэн тул бяруугаа 600 000 төгрөгөөр үнэлж бяруугаа бяруугаар нь авч хохирлоо барагдуулна гэв.

 2. Хариуцагч Д.Г хариу тайлбартаа: Эын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа. Эын дүү Мягмарсүрэн нь ноосны үйлдвэрийн урд талд Ггийн хоёр нохой, ноосны үйлдвэрийн эзний хоёр нохой нийт дөрвөн нохой бярууг маань идэж байхыг харсан гэжээ. Тэр өглөө ирж уулзахад нь үнэхээр манай нохой мөн үү, гэрчтэй юм ярь гэж хэлсэн. Дивизэд махны үйлдвэр хэд хэд байдаг учир золбин нохой маш их байдаг. Би ч хонь, ямаагаа идүүлж байсан. Манай нохойнууд мал дагдаг, малтай айлын нохой улаан цайм мал руу дайрч мал барьж иднэ гэж байхгүй. Би нохойгоо шөнө тавьж өдөр нь уядаг. Эдний мал маш эцэнхий, туранхай өвчин тусч үхсэн ч юм уу бүү мэд. Эмнэлгийн магдалгаа гаргах байсан. Гэрч гээд байгаа хүн нь түүний дүү үнэхээр үзэж харсан юм бол надад хэлэх байсан. Өглөө бүр гэрийн үүдээр үхрээ туугаад явдаг. Эдний мал маш эцэнхий туранхай байдаг. Хамаатан садан нь учир юу ч хэлж болно. Бярууныхаа талаар хоёр утгатай юм ярьдаг шөнө ирээгүй гэх, өглөө эрт гаргасан гэх янзаар ярьдаг. Үнэхээр дөрвөн нохой тал талаас нь идсэн бол баримт баталгаа нотлох баримт байх ёстой. Иймээс хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлгүй байна. Тухайн өдөр энэ охин над дээр ирж уулзсан. Би өөрөө цөөхөн хэдэн малтай хүн. Би ч малаа тэндхийн золбин нохдод бариулж байсан. Тэр газарт ер нь эзэнгүй золбин ноход олон байдаг. Би тухайн үед энэ охинд хэлэхдээ манай нохой танай малыг идсэн юм бол түүнийг нотлох гэрч, баримтаа аваад ир гэсэн. Энэ айлын мал ер нь л туранхай, эцэнхий, ядруу харагддаг. Тиймээс турж эцсэн байдлыг нь харахад ямар нэгэн өвчнөөр үхсэн байхыг ч үгүйсгэхгүй, өөрөөр хэлбэл бяруу нь өвчнөөр үхсэн байх магадлалтай. Би шөнөдөө нохойгоо сул тавиад, өдөртөө уядаг. Манай нохойнууд малчин айлын нохойнууд учир хүний малыг барьж иднэ гэж байхгүй. Тиймээс би манай нохой энэ айлын бярууг идсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хажуу айлын Сугарын мал манай үүдээр бэлчээрлэж явдаг. Энэ хүний яриад байгаа гэрч нь үнэхээр тухайн үед харсан юм бол над дээр өөрөө ирээд хэлэх ёстой байсан. Өглөө болгон манай гэрийн үүдээр үхрээ туугаад явдаг учраас манай нохойг мэдэх ёстой. Ер нь Мягмарсүрэн нь энэ хүмүүстэй садан төрлийн хамааралтай хүмүүс учраас юу ч гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч өөрөө ярихдаа нэг бол өчигдөр орой алга болсон бяруу, нэг бол өглөө 6 цагт бяруу идүүлсэн байна гэх зэрэг хоёр утгатай юм яриад байдаг. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч Д.Т хариу тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 5-р т байрлах “ эрдэнийн ” -нийн ноос угаах үйлдвэрийн объектийг 2020 оны 10 сарын 20-ноос өнөөдрийг хүртэл хугацаанд эргэж тойрон харж байгаа өөрөө хувийн ажил эрхэлдэг тул байнга байхгүйн үүднээс хоёр нохойгоороо давхар харуулдаг байсан. Манай хоёр нохой хашааныхаа эргэн тойронд ойртсон хүн машин техник руу сайн боргодог. Мал руу дайрдаггүй юм. Намайг 2022 оны 4 сарын 14-ний өдөр объектоо эргэхээр очиход манай хашаанаас зүүн хойд зүгт байх айлын эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж танай хоёр нохой, Ггийн хоёр нохой нийлээд бярууг баричихсан байна гэж хэлсэн. Ингээд би нөгөө хоёрын хамт үхсэн бярууг очиж үзэхэд манай хашааны урд байх блокон хашааны өмнө үхчихсэн жижигхэн улаан алаг бяруу байсан. Байдлыг ажиглахад хамраас нь хөөстэй ногоон шүүс гарсан, бөгсөн хэсэг нь шавар болсон, халтартсан байдалтай гэдэс нь хөөсөн байсан, гэдэс, суг орчим ямар нэгэн зураас бол байсан. Энэ хүмүүсийн авсан зураг дээрх шиг цавь нь урагдан, суг нь улайсан, хүзүү нь цустай байгаагүй. Тэгэхээр энэ зургийг 2-3 хоногийн дараа авсан бололтой. Энэ дивизэд мал нядлах газар хажууханд нь байдаг тул эзэнгүй зэрлэг ноход олон байдаг. Эдгээр хүмүүс надтай анх ярихдаа урд шөнө бяруу нь ирээгүй, хайж яваад блокон хашааны өмнө үхсэн байхыг олсон, хажууд нь Ггийн хоёр, танай хоёр нохой ойрхон байсан гэж ярьсан. Энэ бичсэн өргөдөл дээр дөрвөн нохой нийлээд ямар ч нохой үхсэн малын сэгээр эргэлддэг юм. Манай хоёр нохой мал дээр өссөн, мал ноцдог нохойнууд биш, нэг нохойн амандаа шүдгүй хөгшин, тэр өдөр энэ хоёрт нохойныхоо амыг ангайлгаж шүдгүй гэдгийг нь харуулсан. Тэр хоёр танай нохой яаж амьтан барьж чадах юм гэж хэлж байсан. Энэ хүмүүс манай хоёр нохойг эзэнд нь хэлэлгүй хоёуланг нь хүн авчирч буудуулсан. ...Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

                                                                                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Д.Г, Д.Т нарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хор хохиролд 600 000  төгрөгийн үнэ бүхий бяруугаа бяруугаар нь гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Ж.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 4 сарын 12-ны өдөр охин бяруугаа хашааныхаа үүдэнд гаргасан.... Ггийн хоёр нохой, ноосны үйлдвэрийн эзний хоёр нохой бярууг маань идэж байхыг дүү Мягмарсүрэн харсан. ...Г, Т нараас бяруугаа бяруугаар нь авна. Бяруугаа 600 000 төгрөгөөр үнэлж байна” гэж тайлбарласан.

         Хариуцагч Д.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “Э нь бяруугаа хэзээ хаана байсан, хэзээ нохойд бариулсан талаар тодорхой мэдэхгүй. Өөр өөрөөр ярьдаг. Манай нохой мал дагадаг учир мал руу дайрдаггүй.          ...Энэ хоёр хүнийг ирэхэд бяруун дээр нь очиход гэдэс нь хөөсөн, хамраас нь хөөстэй ногоон шүүс гарсан, суга хүзүүн дээр уруулсан шархгүй байсан...хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг.

         Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “...Манай нохой малын дэргэд байдаг. Эд нар манайд ирж уулзахад нь би манай нохой барьсан талаар баримт, дүгнэлт байна уу гэдгийг хэлсэн. Эдний мал туранхай эцэнхий, манай үүдээр туугаад явж байдаг байсан. ...Манай нохой барьсан гэх баримт нотолгоо байхгүй, эмнэлгийн магадлагаа ч байхгүй учир зөвшөөрөхгүй. Хэрэгт байгаа зураг хэзээ авсан нь мэдэгдэхгүй, гэдэс нь хөөсөн бярууны зураг харагдаж байсан...” гэж тайлбарлан маргадаг.

         Хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй болно.

        Нэхэмжлэгч Ж.Э нь 2022 оны 4 сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн охин бярууг хариуцагч Д.Ггийн хоёр нохой, Д.Тын хоёр нохой нийлээд барьсан гэж үзэн тэднээс 600 000 төгрөгөөр үнэлж бяруугаа бяруугаар нь гаргуулахаар шаардаж байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ...эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

            Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруутай байдал нь  нотлох баримтаар нотлогдсон байх ёстой.

          Гэтэл нэхэмжлэгч Ж.Э нь өөрийн өмчлөлийн охин бярууг хариуцагч нарын нохойнууд барьсан талаарх холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж шүүхэд гаргаж өгөөгүй нь түүнийг өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигчид нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

         Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын нохойнууд нэхэмжлэгчийн бярууг барьсны улмаас түүний бяруу үхэж, эд хөрөнгөнд нь хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тухайн нохойнуудын өмчлөгч нарын илт болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдохгүй байна. 

       Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Т, Д.Г нарт холбогдох эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 600 000 төгрөгийн үнэ бүхий нэг бяруу гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч нь 1 650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 11 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.2-д тус тус зааснаар хариуцагч Д.Т, Д.Г нараас “Гэм хорын хохирол 600 000 төгрөгийн үнэ бүхий бяруу гаргуулах тухай” нэхэмжлэгч Ж.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Т.БАЙГАЛМАА

                          ШҮҮГЧИД                                С.ГАНЧИМЭГ

                                      Г.УРТНАСАН