Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

      Орчуулагч, хэлмэрч Т.Х,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,

      Шүүгдэгч Б.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-н Х-д холбогдох эрүүгийн 2513000000142 дугаар хэргийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ..-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ., эцэг, эхийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Хуст арал/ баг, ... дугаар гудамжны ... тоотод оршин оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт Б-н Х-, регистрийн дугаар: /РД: БЮ........./.

 

     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.А-ыг “...гэрээсээ гар гэж хэлсэн...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, духны баруун талд хавдартай, зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, баруун завжинд зулгарсан, дээд уруулын дотор талд цус хуралттай, зулайнд баруун хавдартай, зүүн талд хавдартай, баруун бугалганд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, бүсэлхийн зүүн талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний урд хэсэгт гурвалжин хэлбэрийн зулгарсан, баруун гуяны гадна хажуу талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны хэсэгт зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Гэм буруугийн талаар:

            1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохирогч “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна” гэв.

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Улсын яллагчийн гаргасан хүсэлтийг дэмжиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан” гэв.

            4. Шүүгдэгч Б.Х- нь 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн уул/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.А-ыг “...гэрээсээ гар гэж хэлсэн...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн нүдний доод зовхинд цус хуралттай, хамрын нуруунд хавдартай, мурийлттай, духны баруун талд хавдартай, зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, баруун завжинд зулгарсан, дээд уруулын дотор талд цус хуралттай, зулайнд баруун хавдартай, зүүн талд хавдартай, баруун бугалганд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн бугалганд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, цээжний баруун талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, бүсэлхийн зүүн талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, хүзүүний урд хэсэгт гурвалжин хэлбэрийн зулгарсан, баруун гуяны гадна хажуу талд зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуяны хэсэгт зууван хэлбэрийн хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогч Ж.А-ы зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад өгсөн /хавтаст хэргийн 02-03 дахь тал/, хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч Д.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 08-09 дэх тал/, яллагдагч Б.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Б.Х- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хохирогч Ж.Алтын нь “...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул  түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Х-ий хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Иймд шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

12. Шүүгдэгч Б.Х- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

14. Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч Т овогт Б-н Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК