Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/134

 

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

      Орчуулагч, хэлмэрч Т.Х,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б-,

      Шүүгдэгч А.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт А-ны Н-д холбогдох эрүүгийн 2513000000157 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, .. настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, .......... ажилтай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10 дугаар /Хужирт/ багт оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /Харасай/ багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт А-ны Н-, регистрийн дугаар: БК......;

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч А.Н- нь 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү болох К.К-ийг 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байхад К.К-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 400,000 төгрөгийг К.К-ийн нэрээр тус тус хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд нийт 400,000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Гэм буруугийн талаар:

1. Прокуророос шүүх хуралдаанд: “Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.  Энэ гэмт хэргийн улмаас 400,000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн учирсан хохирлыг холбогдох хүүхдийн мөнгө олголттой холбоотой төрийн сангийн дансанд тушааж, хохирол хор уршгийг шүүгдэгчийн зүгээс прокурорын шатанд арилгасан. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаад түүний хүсэлтийн дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тухайн тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

           

            2. Шүүгдэгчээс шүүх хуралдаанд: “Хүүхэд маань моринд чирэгдсэн тул түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж ирэх хүртэл хүүхэд маань амьсгал хураасан. Бид өөрсдөө ирэх боломжгүй 150 км зайтай “Даян” гэх газарт байсан. Нөхөр маань байхгүй тул аймгийн төвд нүүж ирсэн. Улсын бүртгэлээс нас барсан хүүхдээ хасуул гэхээр нь хасуулсан. Өөрийн авсан 400,000 төгрөгийг төлж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

           

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул хохирлоо төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурор хүсэлтийг хүлээн авч, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэв.

           

            4. Шүүгдэгч А.Н- нь 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү болох К.К-ийг 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байхад К.К-ийг нас барсан талаар улсын бүртгэлийн байгууллагаар нас барсны бүртгэл хийлгэлгүйгээр түүнийг амьд байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдэд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 400,000 төгрөгийг К.К-ийн нэрээр тус тус хууль бусаар авч нийгмийн халамжийн санд нийт 400,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1/699 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 03 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь Төрийн банкны салбараас ирүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 47/244 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 12-17 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 12/346 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 159 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,  яллагдагч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           

            6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч А.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            8. Энэ хэргийн улмаас нийгмийн халамжийн санд учирсан 400,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Прокурорын санал болгож, шүүгдэгч А.Н-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иймд шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

12. Шүүгдэгч А.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

 

13. Шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт А-ны Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК