Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2022/01888

 








 

 2022        08           25                                      181/ШШ2022/01888

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АБ ХХК  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д

Хариуцагч: Д.Цнарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б,

Зээлийн гэрээний үүрэгт 371,115,896 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.От, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч И.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д, Д.Ц нар нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2104011909 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 300,000,000 төгрөгийг жилийн 21.6% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон.

Зээлдэгч нар нь 2021 оны 06-р сарын 29-ний өдрөөс эхлэн төлөлт огт хийлгүй, зээл, зээлийн хүүний төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа банкнаас шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө барагдуулаагүй байна.

Зээлдэгч Д.Д, Д.Ц нар нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 299,966,605.75 төгрөг, үндсэн хүү 61,976,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,172,838 төгрөг, нийт 371,115,896 төгрөгийн өртэй болоод байна.

Иймд зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, Иргэний хуулийн 225.1, 227.1, 451.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн зээлдэгч Д.Д, Д.Ц нараас зээлийн төлбөрт 371,115,896 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны Улсын бүртгэлийн Ү-2203039272 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 60 тоот хаягт байршилтай, 70.76 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********7 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 66 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2203039269 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 76 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 30 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц зэргээр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Д, Д.Цэрэндулам нар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Д, Д.Ц нар 2018 оны 11 сарын 28-ны өдөр АБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд 4 ширхэг орон сууц барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд нийт 160,830,465 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байдаг. Хариуцагч нар хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд дээрх зээлийн мөнгийг бизнесийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор зээлж авсан. Ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлэн зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөд явж байтал 2019 оны сүүлээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын өвчин гарч 2020 оноос эхлэн тодорхой хэмжээнд хөл хорио тогтоож улмаар улс даяар бүрэн хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй болж зээлийн хүү болон төлбөрөө төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

Энэхүү нөхцөл байдлыг заавал нотлох шаардлагагүй бөгөөд бүгд мэдэж байгаа нийтэд илэрхий үйл баримт юм.

Хариуцагч нар зээлийн үндсэн төлбөрийг төлөх талаар ямар нэг маргаан байхгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд 160,830,465 төгрөгийн зээлийн хүү төлсөн, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч боломжгүй 2 жил гаруй хугацаа өнгөрсөн хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 42,449,859 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,267,518 төгрөг нийт 47,717,377 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч И.Чимэдбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Д нарт холбогдох зээлийн гэрээний зээлийн үүрэгт барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-22*********7 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 66 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууцыг би Д.Дгээс худалдаж аваад 3 жил амьдарч, эзэмшиж байна. Би энэ шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа. Д.Дд орон сууцны үнийг бүрэн төлсөн. Д.Д зээлийн барьцаанаас чөлөөөлөөд надад өмчлөх эрхээ шилжүүлж өгнө гэсэн боловч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байна.

Энэ орон сууцыг худалдан авч 3 жил амьдарч байгаа миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул бусад орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас АБ ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Бизнесийн шугаман зээлийн гэрээ, хавсралт-1 Зээл, зээлийн хүү төлөх хуваарь, мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нийт 4 ширхэг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2104011909 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт Зээл, зээлийн хүү буцаан төлөх хуваарь, мөн өдрийн 2104011909 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ нийт 4 ширхэг, зээлдэгч нарын Зээл хүсэгчийн анкет 2ширхэг, Хүүний тооцоолол, Зээлийн дансны хуулга, зээлдэгч нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт 2ш, иргэний үнэмлэхний хуулбар, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар 4ш, Мемориалын баримт, Зээлийн төлбөр төлөх тухай мэдэгдэл 7ш, Д.Дгийн зээлийн төлбөрийн тооцолол, Зээлийн дансны хуулга 9х зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй, гуравдагч этгээдээс тус шүүхийн шүүгчийн 2022.01.31-ний өдрийн 1037 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй болно.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АБ ХХК нь хариуцагч Д.Д, Д.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 371,115,896 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийг төлөхийг болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. АБ ХХК нь Д.Д, Д.Ц нартай 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2104011909 тоот Бизнесийн шугаман зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 300,000,000 төгрөгийг жилийн 21.6% хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 60 тоот хаягт байршилтай, 70.76 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********7 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 66 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 76 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 30 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хавтаст хэргийн 8-13 хуудас/ 

Талууд 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2101011909А дугаар 2104011909 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, үндсэн төлөлтийг 12 сараар хойшлуулж, зээлийн гэрээний хугацааг 36 сар болгон, Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хавсралт №01А болгон өөрчилж, мөн өдрийн 2104011909 тоот зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-гээр барьцаагаар хангагдах үүргийг 2101011909А дугаар зээлийн нэмэлт гэрээний хавсралт №01А дурьдсан хуваарийн дагуу авсан зээлийн төлбөр болгон өөрчилжээ. /хавтаст хэргийн 23-25 хуудас/ 

Бизнесийн шугаман зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

а/ Бизнесийн шугаман зээлийн гэрээний 2.3-т зээлдэгчийн АБ дахь 2104003060 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заасны дагуу АБ ХХК нь 2018.11.29ий өдөр Д.Дгийн эзэмшдэг 2104003060 тоот дансанд зээл 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн өдөр 100,000,000 төгрөг буцаан төлөгдснийг 2018.12.05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018.12.06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018.12.12-ны өдөр 30,000,000 төгрөгөөр шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.

Талуудын хооронд байгуулсан Бизнесийн шугаман зээлийн гэрээний 1.2-д зээл, зээлийн хүү төлөх хуваарь /хавсралт №01/ нь гэрээний салшгүй хэсэг болно гэж, мөн 2.2гэрээний хавсралт №01-д дурдсан Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу ...төлнө гэж зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ.  

Мөн гэрээний 1.7, 1.10, 1.11-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

 

Гэрээний дагуу зээлдэгч Д.Д, Д.Ц нар үндсэн зээлд 100,033,394.25 төгрөг, зээлийн хүүнд 160,830,465.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,466,876.14 төгрөг тус тус төлсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 74-79 хуудас/

 

3. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч Д.Д, Д.Ц нар нь зээлийн төлбөрийг хавсралт №01, №01А Зээл, зээлийн хүү төлөх хуваарь-ийн дагуу төлж барагдуулах үүргээ зөрчсөн, АБ ХХК-иас 2021.06.03-ны өдрөөс 2021.12.07-ны өдрийг хүртэл хугацаанд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь Хүүний тооцоолол, зээлийн дансны хуулга, зээлийн төлбөр төлөх тухай мэдэгдэл зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 31-36, 45-51, 74-85 хуудас/ 

 

4. Нэхэмжлэгч АБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1, Талуудын хооронд байгуулсан Бизнесийн шугаман зээлийн гэрээний 1.7, 1.10, 1.11-т тус тус заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

 

5. Бизнесийн шугаман зээлийн гэрээнд Хамтран зээлдэгч нь Зээлдэгчийн нэгэн адил хуулинд болон гэрээнд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон байх тул хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.  

 

6. Хариуцагч Д.Д, Д.Ц нар нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөр болох үндсэн зээл 299,966,605.75 төгрөг, хүү 61,976,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,172,838 төгрөг, нийт 371,115,896 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй.

Харин ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

Уг журмын дагуу хариуцагч Д.Д, Д.Ц нар нь нэхэмжлэгч АБ ХХК-д зохих ёсоор хүсэлт гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Харин Ковид-19 цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон гэх тайлбар нь хариуцагч нарыг хууль болон гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Д.Д, Д.Ц нараас зээлийн төлбөр 371,115,896 төгрөгийг гаргуулж АБ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Зээлдэгч Д.Д, Д.Ц нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2104011909 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал АБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Д.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 60 тоот хаягт байршилтай, 70.76 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********7 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 66 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********9 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 76 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 30 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц зэргийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Гуравдагч этгээд Б.Бт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу орон сууц өмчлөх эрх үүсээгүй байх бөгөөд барьцааны зүйл болох орон сууцыг худалдан авсан гэх байдал нь барьцааны гэрээг үгүйсгэх, мөн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

9. АБ ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд захирал О.Хүрэлбаатар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Хүрэлбаатар нь АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022.06.20-ны өдрийн т/22/36 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Д, Д.Ц нараас 371,115,896 /гурван зуун далан нэгэн сая, нэг зуун арван таван мянга, найман зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулж АБ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д Д.Д, Д.Ц нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220********* дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 60 тоот хаягт байршилтай, 70.76 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********7 дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 66 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 76 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22*********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 хороо, 7-р хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 1004 байрны 30 тоот хаягт байршилтай, 89.3 мкв талбайтай орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч АБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,241,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д, Д.Ц нараас 2,241,680 /хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж АБ ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н