| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2009014730881 |
| Дугаар | 2021/ДШМ/413 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2021/ДШМ/413
Т.У-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Энхболд,
хохирогч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Баясгалан,
цагаатгагдсан этгээд Т.У-, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/77 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцэл болон хохирогч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.У-д холбогдох эрүүгийн 2009014730881 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.У-, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Т.У- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, *** тоот Ө.М-гийн өмчлөлийн 50,25 м.кв орон сууцыг өөрийн байр мэтээр худал хэлж “нэрийг нь удахгүй шилжүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Т-д 85.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С.Г-ын 51331450** дугаартай дансаар 43.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, залилсан холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Т.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-аас нэхэмжилсэн 44.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед, гэрч Б.Б-аас “...Т- “45 сая төгрөгийг төлчихлөө” гэж надад хэлээд мөнгө шилжүүлсэн баримтыг би У-ын ээж О-д үзүүлэхэд “үлдэгдэл мөнгийг хүнээс зээлж байрны эзэнд өгнө, тэр мөнгөний хүүнд сар бүр 1,4 сая төгрөгийг өгч байгаарай” гэж хэлсэн. Ингээд би 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1,4 сая төгрөгийг 11 сарын хугацаанд нийт 15.930.000 төгрөгийг ээж О-ын данс руу шилжүүлсэн байдаг...” гэж мэдүүлсэн. Гэтэл прокуророос хэргийн талаар нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байхад Т.У-ын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад, Б.Б-ын шилжүүлсэн 15.930.000 төгрөгийг Т.У- нь өөрийн төрсөн эх Ц.О-ын дансаар хүлээн авч хувьдаа ашиглаж байсан талаар улсын яллагчийн асуултад хариулсан. Түүнчлэн тэрээр “...40.000.000 төгрөгийн хүү төлбөрт шилжүүлсэн 15.960.000 төгрөгийг гаргуулж энэ хэрэгт хамтад нь шийдвэрлүүлмээр байна...” гэж мэдүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийж ямар нэг шийдвэр гаргаагүй. Мөн шүүгдэгч Т.У-ын гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Т-, гэрч Б.Б-, Т.Б-, С.Г-, Ц.О-, Ө.М- нарын мэдүүлгүүд, С.Г-ын данс руу 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 43.000.000 төгрөг, Б.Б-аас 2017 оны 10 дугаар сарын 5-наас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хооронд нийт 15.400.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга, Ү-2206039191 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, Б.Т-аас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байрны мөнгө гэж 43.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг буруу тогтоосон байх бөгөөд Б.Б-ын шилжүүлсэн 15.930.000 төгрөг гэмт хэргийн хохирол дээр нэмж тооцох эсэх, Ц.О-ын өөрийн дансаар мөнгийг авч байсан үйлдэл нь гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, цагаатгах тогтоолд гэмт хэрэг төгссөн үеийг 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэмээн тодорхойлж, Т.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч дээр дурдсанаар 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 11 сарын хугацаанд 15.930.000 сая төгрөгийг нэг аргаар авсан үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй болно. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Б.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл /дүгнэлт/ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд.
1.1. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг буруу тооцож 59.930.000 төгрөг буюу “их хэмжээний хохирол” учруулж үйлдсэн байхад хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаагаагүй.
1.2. Шүүх Т.У-ын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй”, “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэж дүгнээгүй хэрнээ цагаатгах тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанд нийцээгүй.
1.3. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж /зүйлчлэл/ болох нөхцөл байдал болох хохирлын хэмжээг шүүх нэгтгэн дүгнэлгүй, анхааралгүй орхисон гэж үзэж байна. Тухайлбал, энэ нь гэрч Б.Т-ын мэдүүлэг /1хх 21-22/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1хх 30-31/-ээр тус тус нотлогддог.
2. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Тухайлбал, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.”, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заасан. Гэрч Б.Б-ын мэдүүлэг /1хх 30-31, 2хх цагаатгах тогтоолын 2 тал/, түүний Хаан банкны дансны хуулганы хуулбар /1хх 63-68/-аар 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг оруулан 11 сарын хугацаанд сар бүр 1,4 сая төгрөг, нийт 15.930.000 төгрөгийг хүүнд тооцон Т.У-ын ээж Ц.О-ын данс руу шилжүүлж залилуулсан бөгөөд тэрээр мэдүүлэгтээ “...Т-ын У-д төлсөн 44.000.000 төгрөг дээр миний төлсөн 15.930.000 төгрөгийг нэмэхээр 59.930.000 төгрөг болж байгаа. Үүнийг У-аас гаргуулан өгөхийг хүсэж байна...” гэж мэдүүлсэн байдаг. Иймээс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг гэмт үйлдэл төгссөн, гэмт хэрэг үйлдэгдэж дууссан гэмт хэрэг үйлдсэн хугацаа гэж тооцох ёстой. Т.У-ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах сүүлийн хугацаа анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр биш 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр байх тул 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэнээр хөөн хэлэлцэх хугацаандаа багтсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүйн нотолгоо юм.
2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэх учиртай. Шүүгдэгчийн гэм буруутай, гэм буруугүй эсэхийг тогтоогоогүй байж хэргийг хэрэгсэхгүй болгож Т.У-ыг цагаатгасан нь үндэслэлгүй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд.
3.1. Шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлт, тайлбарыг сонсох явцад хуралдаан даргалагч шүүгчээс тэдгээр өмгөөлөгчдийн “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан талаарх дүгнэлт тайлбарт “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй...” гэсэн агуулгатай хариуг хэлж байсан. Гэвч зөвлөлдөх тасалгаанд орсны дараа шүүхийн тогтоолын агуулгыг тайлбарлахдаа хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалттай зөрчилдсөн.
3.2. Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байсан. Хохирогчийн хувьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт хүсэлт гаргаж 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний /видео/ бичлэгтэй танилцахад бичлэг тухайн өдрийн 16 цаг 54 минут 40 секунд хүрээд дуусаж байсан бөгөөд шүүгчийн зөвлөлдөх тасалгаанаас гараад танилцуулсан ТОГТООХ хэсгийн видео бичлэгтэй танилцах боломжгүй, бичлэг хийгдээгүй байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 22 дугаар талд “...шүүх хуралдааныг 17 цаг 20 минутад хаав” гэснээс энэ нь тодорхой харагддаг бөгөөд 21 дүгээр талд байгаа ЦАГААТГАХ ТОГТООЛД: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.У-ыг цагаатгаж гэсэн нь шүүх хуралдаанд танилцуулсан цагаатгах тогтоолын агуулгаас зөрүүтэй байгаа юм. Гэвч видео бичлэг бүрэн хийгдээгүйгээс үүнийг шууд нотлох боломж хомс байна.
3.3. Анхан шатны шүүхээс илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр яллагдагчаар татаж болохгүй гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хуулийн зохицуулалтад хамаарч байна гэж илтэд өнгөцхөн дүгнэсэн.
3.4. Б.Б-ыг гэрчээр оролцуулах бус тэрээр 15.930.000 төгрөгөөрөө хохирсон, түүнийгээ нэхэмжилсээр атал Б.Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, үүнтэй холбоотойгоор гэрч Ц.О-ыг ч энэхүү гэмт хэрэгт хамтран оролцогч байсан уу гэдгийг шалгах ёстой байсан.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.Т-ын өмгөөлөгч Т.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг буруу тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн эсэх дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Гэм буруутай, буруугүй гэдгийг тогтоохгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн үндэслэлийг дурдсан. Ингэхдээ яллагдагчаар татсанаас хойш нь хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзээд хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн хугацааг давж заалдсан гомдолд тодорхой бичсэн байгаа. Сүүлд энэхүү хэргийн гэрч болох Б-аас О-ын данс руу мөнгө шилжүүлсэн нь үргэлжилсэн үйлдэлтэй байсан. Тухайлбал, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 1.400.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хэрэгт процессын алдаа гаргасан, хууль буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн зөрчлүүд байгаа. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үр дүн гараагүй. Хуульд заасан нэмэлт ажиллагаа хийгээгүй, хохирлыг хэрхэн тооцсон талаар тодорхой бус байхад хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Иймд давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн дээд шатны прокуророос хэргийг прокурорт буцаах тухай эсэргүүцэл бичсэн. Үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.У-ын өмгөөлөгч Ж.Наранбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэргийн хүрээнд шийдвэрлэх ёстой байдаг. Прокуророос Т-ыг залилсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хүрээнд шүүхээс хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв Б-ыг залилсан үйлдэл байгаа бол тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах ёстой. Эдгээр ажиллагаа хийгдээгүй байхад Т-, Б- нарын асуудлыг нэгтгэж шалгах боломжгүй. Энэ хэрэгт Б- тусдаа гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд цагаатгах тогтоол гарахгүй. Шүүхээс У-ын гэм буруугийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Цагаатгах тогтоол гаргаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл бий болдог. Энэ нь хохирол нэхэмжлэх эрх үүсдэг үр дагавартай зохицуулалт юм. Иймд шүүхээс цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй тул зөвтгүүлэх нь зүйтэй. Харин хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Т.У-ын өмгөөлөгч Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд нэмж гаргах тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Т.У-ыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, *** тоот Ө.М-гийн өмчлөлийн 50,25 м.кв орон сууцыг өөрийн байр мэтээр худал хэлж “нэрийг нь удахгүй шилжүүлж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Б.Т-д 85.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С.Г-ын 51331450** дугаартай дансаар 43.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр 2.000.000 төгрөгийг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр уг хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн хэмээн дүгнэж, Т.У-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
2015 оны Эрүүгийн хууль болон 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалтаас үзэхэд, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тохиолдолд гэм буруугийн асуудалд зайлшгүй үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой.
Учир нь, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн хувьд л гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ба гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тохиолдолд цагаатгах тогтоол гаргадаг тул анхан шатны шүүх шүүгдэгчийг яллах дүгнэлтэд дурдагдсан гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг шийдвэрлэлгүйгээр дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.
Нөгөөтээгүүр, гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй зэрэг цагаатгах үндэслэлүүдээс хамаарч иргэний нэхэмжлэлийг хэрхэх асуудлыг шийдвэрлэдэг болно.
Иймээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр уг хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүссэн хэмээн дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцээгүй байна.
Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн дурдсан тохиолдлууд илэрвэл шүүх тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т дурдсан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхыг ойлгодог.
Анхан шатны шүүх тухайн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг тогтоосны эцэст дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ба ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд заасан шүүх хуралдаан явуулах ерөнхий нөхцлийг үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг анхаарвал зохино.
Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Т-ын төрсөн эгч Б.Б-аас шүүгдэгч Т.У-д түүний эх Ц.О-ын дансаар дамжуулан 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 11 сарын хугацаанд нийт 15.930.000 төгрөгийг “үлдэгдэл мөнгөний хүү” гэх зориулалтаар шилжүүлсэн болох нь тэдгээрийн мэдүүлэг, Б.Б-ын эзэмшлийн Хаан банкан дахь 5017016596 дугаартай дансны хуулгаар тодорхойлогддог.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад, гэрч Б.Б-ын зүгээс дээрх мөнгөний асуудлыг энэ хэрэгтэй хамтад нь шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба улсын яллагчаас түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох саналыг шүүхэд гаргаж улмаар татгалзжээ.
Харин дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ “...гэрч Б.Б-аас шилжүүлсэн нийт 15.930.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нэмж тооцох эсэх, Ц.О-ын хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үед шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай...” хэмээн үзэж хэргийг прокурорт буцааж өгөхийг хүссэн ба мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьсан прокурор П.Энхболдоос уг эсэргүүцлийг дэмжсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан бол 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн хэрэгт ач холбогдол бүхий дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж, тодруулах нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөр байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэд шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдсан гомдлын зарим хэсгийг, эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Т.У-д холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/77 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Т.У-д холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь, хохирогч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Прокурорын газарт хэрэг очтол Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН