| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0072/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
2025 04 03 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000000053 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлж гудамж 7-717 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан *******ын эзэмшлийн “Iphone 11 pro” загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 633,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрөө утасгүй байсан болохоор ширээн дээр байсан утсыг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой уулзаж уучлалт гуйсан гэв.
Эрүүгийн 2530000000053 дугаартай хэргээс:
Хохирогч *******ын: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийг шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Биллион нэртэй бааранд орж үйлчлүүлсэн юм. Тэгээд тухайн баараар үйлчлүүлээд 04 цагийн үед гарах гэхэд миний гар утас алга болсон байсан. Би тухайн баарнаас гарах гээд ширээнд сууж байх үедээ гар утаснаасаа цаг харахад 03 цаг 38 минут болж байсан. Тэгээд би гар утсаа өмсөж байсан жилетикнийхээ халаасанд бол хийсэн юм. ...Намайг тухайн баарнаас гарах гээд куртикээ өмсөж байх үед намайг таньдаг гэх эрэгтэй хүн ирээд миний сууж байсан ширээнд суусан. ...Миний гар утас Iphone 11 pго маркийн, ногоон өнгөтэй, хар өнгөтэй, саатай талсттай гэртэй гар утас байсан. ...Би 2024 оны 02 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Зүүн бүс худалдааны төвд байрлах гар утасны дэлгүүрээс 1,150,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан.
...Надад учирсан сэтгэл санааны хохирол огт байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17х ),
Хохирогч *******ын дахин өгсөн: “...Таны харуулсан гар утас миний хулгайд алдагдсан гар утас яг мөн байна. Би өөрийн гар утсаа хараад л шууд таньж байна. ...Би өөрийн гар утсаа марк, ногоон өнгийн гадаргуу болон хар өнгөтэй саатай талсттай гэрээр нь таньж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 х),
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай “...1. 2025 оны 1-р сарын байдлаар хуучин эдэлж хэрэглэж байсан Iphone 11 рго маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 633,333 буюу бүхэлчилвэл 633,000.00 /зургаан зуун гучин гурван мянган/ төгрөг гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-30 х),
Яллагдагч *******ын: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой 23-н цагийн үед Биллион баар руу Сүхээ /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх таньдаг залуутай хамт орсон. Тэгээд 7-8 ширхэг cass нэртэй 0,5 гр пиво аваад хувааж уусан. Найз Сүхээ тэгээд яваад өгөхөөр нь нэг танихгүй эгчтэй хамт бүжиглэж байгаад танилцаад хамт эгчийн ширээнд суугаад хундгалж өгсөн архинаас нь 1-2 удаа уусан. Тэр үед танихгүй эгч бүжиглэхээр босоод явахдаа утсаа ширээн дээр орхичихсон байхаар нь авч гараад өөрийн ажил хийдэг морины зүчээрүүгээ очоод амарсан. 10 гаран хоногийн дараа цагдаагаас мөрдөгч залгаад ажил дээр хүрээд ир гэхээр очсон хүний утас авсан байна гэж хэлэхээр нь утсыг нь хүлээлгэж өгсөн. ...Би тэр эгчийн гар утас авахдаа хэн нэгэнд мэдэгдэж, зөвшөөрөл авсан зүйл байхгүй. ...Би ******* гэх хүний гар утсыг авахдаа ганцаараа байсан өөр ямар нэг хүн байгаагүй. ...Би тухайн үед гар утасгүй эвдэрчихсэн байсан болохоор барих гээд тэр эгчийн утсыг авсан юм. ...Би хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэднэ. Тухайн намайг авсан гэдгийг мэдэхгүй байх гэж бодоод авчихсан. ...Миний мэдсэнээр 1 настай байхад өвөө, эмээ намайг өргүүлээд ээж хүнтэй суусан гэсэн. Манай өвөө, эмээ намайг бага байхад бурхан болсон. Би ээжийн дүү ******* хамт өссөн. Манай ээж Сүхбаатар аймгийн Халзан суманд мал маллаж амьдардаг. Хойд ааваа сайн мэдэхгүй. Хамт бол амьдардаггүй хааяа утсаар ярьдаг. Манай эгч хүнтэй суугаад тусдаа гарчихсан болохоор би ам бүл ганцаараа гэж явдаг. Манай эгч бойнд тогоочийн ажил хийдэг. Би хүний морь тэжээж сард 700.000 төгрөгийн цалин авч амьдардаг. Цэргийн алба 2021-2022 оны хооронд Дорнод аймагт 0132 дугаар ангид цэргийн алба 1 жил хаасан. Ямар нэг хууч өвчин байхгүй. Ял шийтгүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54 х)
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 04-05 ),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 06-08х),
Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 56 х /
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 х / зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан *******ын эзэмшлийн “Iphone 11 pro” загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 633,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч *******ын: “...Тэгээд тухайн баараар үйлчлүүлээд 04 цагийн үед гарах гэхэд миний гар утас алга болсон байсан. Би тухайн баарнаас гарах гээд ширээнд сууж байх үедээ гар утаснаасаа цаг харахад 03 цаг 38 минут болж байсан. Тэгээд би гар утсаа өмсөж байсан жилетикнийхээ халаасанд бол хийсэн юм. ...Намайг тухайн баарнаас гарах гээд куртикээ өмсөж байх үед намайг таньдаг гэх эрэгтэй хүн ирээд миний сууж байсан ширээнд суусан. ...Миний гар утас Iphone 11 pго маркийн, ногоон өнгөтэй, хар өнгөтэй, саатай талсттай гэртэй гар утас байсан...гэх,
Яллагдагч *******ын: “...Тэр үед танихгүй эгч бүжиглэхээр босоод явахдаа утсаа ширээн дээр орхичихсон байхаар нь авч гараад өөрийн ажил хийдэг морины зүчээрүүгээ очоод амарсан. 10 гаран хоногийн дараа цагдаагаас мөрдөгч залгаад ажил дээр хүрээд ир гэхээр очсон хүний утас авсан байна гэж хэлэхээр нь утсыг нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлгүүд,
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай “...1. 2025 оны 1-р сарын байдлаар хуучин эдэлж хэрэглэж байсан Iphone 11 рго маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 633,333 буюу бүхэлчилвэл 633,000.00 /зургаан зуун гучин гурван мянган/ төгрөг гэж үзлээ.” гэх шинжээчийн дүгнэлт,
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан *******ын эзэмшлийн “Iphone 11 pro” загварын гар утас 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч *******д 633,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: Гэм буруугийн талаар маргаан байхгүй учраас прокурорын гэм буруугийн санал дээр санал байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.
Улсын яллагчаас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: “...Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, 1 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоолгох саналтай байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх санал гаргаж байна... гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “...Прокурорын саналыг сонслоо. *******ын хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240 цагаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял мөн зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн ийм гурван ялын зохицуулалт байдаг. *******ын хувьд бичиг үсэг мэдэхгүй, дээрээс нь Сүхбаатар аймгийн төв дээр уяачдын туслах ажилтай байдаг учраас 240 цагийн нийтэд тустай ажил хийх нь энэ хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал, үйлдэлд нь тохирох юм байна гэж үзэж байна. Яагаад нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож байна вэ гэхээр магадгүй зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн тохиолдолд аймгийн ногоон хашаанаас морины ажил хийх ийм нөхцөл байдлаар морины туслах ажилтан учраас наашаа цаашаа явдаг магадгүй ажил төрөлгүй болох ийм нөхцөл байдал тулгарах байх гэж бодож байна гэх дүгнэлтийг тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ хүлээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, тэрээр хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад түүний хохирогч *******д учирсан 633,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр заажээ.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах хийгээд шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг үндэслэвэл, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******д 633,000 төгрөгийн хохирол учирсан нь “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай “...1. 2025 оны 1-р сарын байдлаар хуучин эдэлж хэрэглэж байсан Iphone 11 рго маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 633,333 буюу бүхэлчилвэл 633,000.00 /зургаан зуун гучин гурван мянган/ төгрөг гэж үзлээ.” гэх 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №2402305 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг талууд хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно. Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын гар утсыг буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл, тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй хохирогч ******* 633,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР